Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 109/2021/0012/З |
Дугаар | 221/МА2021/0305 |
Огноо | 2021-06-15 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2021/0305
Г.М-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Д.Г, Н.Д, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, М.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу Г.М-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Н.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр:
“...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу иргэн Г.М-ийн өндөр насны тэтгэврийг зогсоож олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.М-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1., 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай 33 дугаар актыг хүчингүй болгож ...” шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.Д давж заалдах гомдолдоо:
“...Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Г болон Н.Д миний бие Г.М-ийн тэтгэвэрийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийж, түүнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл олгосон 4.448.709 төгрөгийг нөхөн төлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай акт гаргасан.
Учир нь 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Г.М-ийн хөдөлмөрийн дэвтэрт “ ... 03. 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрийн III бригадын барилгачнаар томилов. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалаар, 04. 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, ОУБЭШ-ий хүрээлэнгийн мэдэлд шилжүүлэв Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот тушаалаар” гэж тэмдэглэгдсэн байх боловч Г.М нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 641 дүгээр шийдвэрээр Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байснаа тогтоолгож, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 11 жилийг малчнаар нөхөн тооцуулжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Хөдөлмөр эрхтэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:” 4.7.2-т “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж заасан бөгөөд Г.М-ийн малчнаар ажиллаж тэтгэврийн шимтгэл төлсөн хугацаанаас 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны 2 жилийг хасч тооцвол Г.М-ийн ажилласан жил нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байгаа.
Бидний зүгээс Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 641 дүгээр шийдвэртэй маргаангүй, шийдвэрийг хуурамч гэж үзээгүй, үүнийг тайлбартаа ч бас хэлсэн. Мөн Г.М-ийн хуурамч баримт бүрдүүлэн нөхөн тооцуулсан хугацаа /1990-1992/ нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаатай ч хамааралгүй байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулалгүйгээр “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болжээ” гэж дүгнэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Г.М-ийн энэ хууль бус үйлдэл, хуурамч нотлох баримт бүрдүүлж улсад хохирол учруулсан талаар Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ талаарх нотлох баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.М-аас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Н.Д нарын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаартай актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Тус актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол” гэж заасныг хангасан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хуулийн зохицуулалтыг зөрчиж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр иргэн Г.М-д олгосон 4,448,709 /Дөрвөн сая дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна...” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу нэхэмжлэгчид үүссэн бөгөөд нэхэмжлэгч Г.М нь 1966 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай эмэгтэй, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрйин 641 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон, мөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийг 11 жилийн хугацаагаар буюу 1990 оноос 2000 он хүртэлх хугацааг сар бүр 78120 төгрөгийн шимтгэл төлсний дагуу малчнаар ажилласан жилээр нөхөн тооцсон тухай 0101000511 дугаартай баталгаажилтын хуудас олгосон байх ба нэхэмжлэгч Г.М өөрөө сайн дураар 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жил 9сар, 2 өдөр, мөн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жил 8 сар 30 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсний үндсэн дээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.
Ийнхүү хэрэгт авагдсан баримтаас үзвэл 1985 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан үүн дээр сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцвол маргаан бүхий актаар үндэслэл болсон 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.
Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 1985 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар ажиллаж байсан гэж тэмдэглэгдсэн нь шүүхийн шийдвэр, малчнаар ажилласан жилтэй давхацсан хэмээн тайлбарлаж, нэхэмжлэгчийг хуурамч буруу нотлох баримт бүрдүүлсэн гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
Тодруулбал, захиргааны байгууллага өөрөө тэтгэвэр тогтоолгогчоос ирүүлсэн баримтуудыг хянаж үзээд нэхэмжлэгчийг малчнаар ажилласан болохыг тогтоож баталгааны хуудас олгосон атал түүнийг хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн 2 жилийн хугацааг хуурамч буюу давхардсан хэмээн үзэж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанаас хасаж тооцох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны байгууллагын үндсэн зарчимд нийцэхгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлсэн материалыг хуурамч болохыг тогтоох нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллагад олгогдоогүй эрх бөгөөд хуурамч баримт бүрдүүлсэн талаар хариуцагч бүрэн тодруулж, шаардлагатай ажиллагааг хийж, тогтоосны дараагаар маргаан бүхий актыг гаргах шаардлагатай боловч энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “нэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА