| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01685/И |
| Дугаар | 01572 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 01572
2016 оны 12 сарын 16 өдөр Дугаар 142/ШШ2016/01572 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 21б дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Шаавай овгийн Дарийн Эрдэнэчимэгийн /егистрийн дугаар МВ66041609/ хүсэлттэй ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1983-1990 он хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, хүнсний нярав, ногооны туслахаар тус тус тасралтгүй ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд 1988 оны 04 сар, 1990 оны 03 сард хүүхэд төрүүлж, тэтгэмжтэй чөлөө авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн ХБА-ын даргад хөдөлмөрийн дэвтэрээ баталгаажуулахаар өгсөн боловч олдоогүй. Иймд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ХБА-д 1983-1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүнсний барааны няраваар, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ногооны туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар хариуцлагатай дежур томилох тухай тушаалд “....Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай дежурыг дараах хувиараар баталсугай. Үүнд: 7 дугаар сарын 10-ны 17 цагаас 7 дугаар сарын 11-ний 17 цаг хүртэл хүнсний барааны нярав Д.Эрдэнэчимэг” гэжээ.
2.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар ажилд авах тухай тушаалд “Дарь овогтой Эрдэнэчимэгийг 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ногооны туслах ажилчнаар авч ажиллуулсугай” гэжээ.
3.Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд “хавсралтад заасан эхчүүдэд тооцсон хугацаа оногдох хоногуудыг харгалзан тэтгэмжтэй чөлөө олгосугай, хавсралтын 3 дугаарт Д.Эрдэнэчимэг 1990 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 106 хоног” гэжээ.
4.Гэрч Ж.Бор шүүхэд мэдүүлэхдээ: “....Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар багийн иргэн Ж.Бор миний бие тус сумын Худулдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн болно. Эрдэнэчимэг нь тус байгууллагад нэр хүндтэй аливаа даалгасан ажлыг нягт нямбай хийж гүйцэтгэдэг, хамт олондоо нэр хүндтэй урлаг, спортод авьяастай эмэгтэй юм. Д.Эрдэнэчимэг нь түүхий эдийн туслах ажилчнаар ажиллаж байсан бөгөөд миний бие нь тус ХБА-д эдийн засагчаар ажиллаж байсан болон” гэжээ.
5.Гэрч Ж.Борын хөдөлмөрийн дэвтэрт “1979 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баруунбүрэн сумын ХБА-д эдийн засагчаар авя ажиллуулав, 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хоршооны няраваар авч ажиллуулав” гэжээ.
6.Гэрч Э.Даваасүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 1987-1993 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын сум дундын эмнэлэгт бага эмч сувилагч хийж байсан.Тэр үед Гажиддулам яслид тогооч, мөн ХБА-д худалдагч хийж байсан” гэв.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүнсний барааны няраваар, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ногооны туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар хариуцлагатай дежур томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар ажилд авах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаар тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, гэрч Ж.Борын мэдүүлгээр нотлогдож байна.
Гэрч Ж.Бор нь 1979 оноос Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шаавай овгийн Дарийн Эрдэнэчимэгийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хүнсний барааны няраваар, 1987 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ногооны туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА