| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1352/Э |
| Дугаар | 1362 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1362
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Т.Мөнхжаргал,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
К овогт Д-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0581 11875 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн , К овогт Д-ын Э-, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ........ дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8 дугаар гудамжны 2 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ш.Айгеримийг “гар утас руу ус асгалаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Тухайн өдөр 20 цагийн үед эхнэр миний гар утас дээр ус асгачихсан чинь утас ажиллахгүй байхаар нь эхнэртээ хэлэхэд над руу алчуур шидсэн. Тэгэхээр нь би уурлаад эхнэрээ хэд хэдэн удаа гараараа цохисон. Гэхдээ бид хоёр одоо эвлэрсэн гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0581 11875 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хохирогч Ш.Айгеримын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би нөхөр Э-тэй 2014 оны 02 дугаар сард нэг гэрт орсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай, дундаасаа хүү, охин хоёртой. Том хүү 5 настай, бага охин 3 настай. Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8-2 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдарч байна.
2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой нөхөр Э 20 цагийн үед ажлаасаа гэртээ ирээд хоол цайгаа идэж уусан. Нөхөр Э гэрийн хойморт гар утсаа оролдоод доошоо хараад хэвтэж байхад нь би орон дээрээс босох гэж байгаад ширээ жаахан хөдөлгөх үед ширээн дээр байсан ус гар утас руу нь асгарсан. Тэр үед Э уурлаад гар утас руу ус орчихлоо, гацаад байна гэж хэлэхээр нь би хариуд нь асгарчихаар их ус байгаагүй биз дээ, яасан сүртэй юм бэ гэж хэлэхэд Э босож ирээд гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохихоор нь миний уур хүрээд Э-тэй барьцалдаад авахад зүүн, баруун шанаа руу ээлжлээд алгадсан. Тэгээд Э дахиж надад гар хүрээгүй. Маргааш өглөө нь Э-ийн төрсөн эгч Саяран орж ирээд миний нүдийг харчихаад надаас юу болсон талаар асуусан. Би эгчид нь болсон явдлыг хэлсэн. Би Сайран эгч болон түүний нөхрийн хамт Налайх дүүрэг рүү хадам ээжийн газар дээр нь очиж ном уншуулахаар явсан юм. Бид Налайх руу явж байхад Э гудамжинд согтуу явж байхаар нь машинд суулгаад гэрт авч ирсэн. Тэгээд Сайран эгч цагдаад дуудлага өгч өргөдөл гаргасан. ...Э-т зодуулсны дараа миний баруун, зүүн нүд хөхрөөд хавдсан байсан. ...Би нөхөр Э-т гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Надаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
2. Гэрч Д.Сайраны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“... Би Э-ийн төрсөн эгч нь юм. Манай дүү Э айлын дунд хүүхэд байгаа юм. ...Э манай хашаанд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө би бие засах гээд гарахад Айгерим гэрээсээ гарч ирээд надтай уулзахад хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан. Баруун нүд нь илүү их хавдартай байсан. Би Айгеримээс юу болсон талаар асуухад Э-ийн гар утсан дээр ус асгаснаас болоод намайг зодсон гэж хэлсэн. Би Айгеримд хандаж чи яагаад шөнө намайг дуудаагүй юм бэ гэж асуухад Э намайг гэрээс гаргаагүй, өөрөө шөнө дунд гэрээс гараад явсан гэж хэлсэн. Энэ өдөр манай ээжийн газар дээр очих ажилтай байсан. Би нөхөр хүүхдүүдийн хамт Айгеримийг хоёр хүүхэдтэй нь аваад Налайх дүүрэгт аав ээжийн амьдарч байсан хашаа руу явж байхад Э согтуу гудамжинд хэвтэж байсан. Бид Э-ийг машиндаа суулгаад гэртээ авч ирсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
3. Шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“...Би эхнэр Айгеримтэй 2013 онд нэг гэрт орсон. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь хүү таван настай, бага нь охин гурван настай. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлаасаа буугаад 20 цагийн үед гэртээ ирсэн. Гал түлчихээд гэрийн хойморт гар утсаа оролдоод газарт хэвтэж байхад манай эхнэр аягатай ус ширээн дээрээс санамсаргүй байдлаар миний гар утсан дээр асгасан юм. Би тухайн үед миний гар утсан дээр ус асгачихлаа гэж хэлээд уурлахад чи ямар сүртэй юм бэ гээд эхнэр Айгерим уурлаад над руу алчуур авч шидэхээр нь би босоод эхнэрээ 3-4 удаа нүүр рүү нь алгадсан. Тэр үед эхнэр надтай зууралдаж ноцолдохоор нь би гэрээсээ гарч яваад ажил дээрээ очиж хоноод өглөө эрт Налайх дүүрэг рүү явсан. Би Налайх дүүрэгт, гудамжинд эгч Сайран, эхнэр Айгерим нартай таараад тэд намайг гэрт авч ирсэн. Би эхнэрээ харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Гэртээ ирээд эхнэрээсээ уучлалт гуйсан. ...Би эхнэр Айгеримийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13723 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт “...Баруун, зүүн нүдний дээд, доод зовхи нилэнхүйдээ хөх ногоон цус хуралттай, бага зэргийн хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн бугалганы гадна дээд хэсэгт 6х4см хөх ногоон цус хуралттай.
Дүгнэлт:
1. Ш.Айгеримын биед зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Ц.Нандинцэцэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
5. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 26 дугаартай тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 46-50 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),
6. Шүүгдэгч Д.Э-ийн иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 31 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дугаар тал), 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Д.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Э-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Э нь гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Э-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Ш.Айгеримтай 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба, 2016 онд гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Э-, хохирогч Ш.Айгерим нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.
Шүүгдэгч Д.Э нь нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 8 дугаар гудамжны 2 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ш.Айгеримийг “гар утас руу ус асгалаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
-хохирогч Ш.Айгеримын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Э гэрийн хойморт гар утсаа оролдоод доошоо хараад хэвтэж байхад нь би орон дээрээс босох гэж байгаад ширээ жаахан хөдөлгөх үед ширээн дээр байсан ус гар утас руу нь асгарсан. Тэр үед Э уурлаад гар утас руу ус орчихлоо, гацаад байна гэж хэлэхээр нь би хариуд нь асгарчихаар их ус байгаагүй биз дээ, яасан сүртэй юм бэ гэж хэлэхэд Э босож ирээд гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохихоор нь миний уур хүрээд Э-тэй барьцалдаад авахад зүүн, баруун шанаа руу ээлжлээд алгадсан. ...Э-т зодуулсны дараа миний баруун, зүүн нүд хөхрөөд хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-гэрч Д.Сайраны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Э манай хашаанд эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө би бие засах гээд гарахад Айгерим гэрээсээ гарч ирээд надтай уулзахад хоёр нүд нь хөхөрч хавдсан байсан, баруун нүд нь илүү их хавдартай байсан. Би Айгеримээс юу болсон талаар асуухад Э-ийн гар утсан дээр ус асгаснаас болоод намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-шүүгдэгч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...гэрийн хойморт гар утсаа оролдоод газарт хэвтэж байхад манай эхнэр аягатай ус ширээн дээрээс санамсаргүй байдлаар миний гар утсан дээр асгасан юм. ...миний гар утсан дээр ус асгачихлаа гэж хэлээд уурлахад чи ямар сүртэй юм бэ гээд эхнэр Айгерим уурлаад над руу алчуур авч шидэхээр нь би босоод эхнэрээ 3-4 удаа нүүр рүү нь алгадсан. ...Эхнэрээ харахад баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13723 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын 26 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 46-50 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 70-74 дүгээр тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 42-43 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч Д.Э нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Д.Айгеримыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Э-, хохирогч Ш.Айгерим нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Ш.Айгеримын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Ш.Айгерим нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлт гаргасан, шүүгдэгч Д.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 311 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч Д.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн байдлыг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К овогт Д-ын Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ш.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА