Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 01598

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 20 өдөр                     Дугаар 142/ШШ2016/01598                                 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн 25 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-24-57 тоотод оршин суух Хар дархад овгийн Хүрэлдоржийн Оюунсүрэнгийн /регистрийн дугаар ГЗ65071302/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд төрсөн 26 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн Хапитатын 6-5 тоотод оршин суух Боржигон овгийн Мөнхбаярын Ренчинжүгдэрт /регистрийн дугаар ИЮ90052375/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Оюунсүрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Оюунсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Оюунсүрэн миний бие Мөнхбаярын Рэнченжүгдэртэй 2012 онд гэрлэж, дундаасаа 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Р.Эгшиглэнг төрүүлж, сайхан амьдарч байгаад хүүхэдтэй болсон үеэс М.Рэнченжүгдэрийн ааш зан нь хувирч, намайг хий хоосон хардаж, архи уусан болон эрүүл үедээ намайг зодож, хэл амаар дорожлох болсон юм. Эхэн үедээ түүний ааш авирыг тэвчиж байсан боловч одоо тэсвэрлэх аргагүй болоод байна. Учир нь М.Рэнченжүгдэр нь намайг эрхшээлдээ байлгах гээд ажил төрөл ч тайван хийлгэхгүй хардаж, архи уух болгондоо агсам согтуу тавьж намайг зодохоос гадна эрүүл ч согтуу ч намайг болон хүүхдээ байнга зодож, зандарч элдвээр доромжлох болсон. Энэ үед цагдаа дуудаж өгч байсан боловч цагдаад мэдэгдсэнээр сайн юм болохгүй харин ч бүүр буруугаар эргэж 3-4 хоног байнга зодуулж тамлуулдаг, энэ байдал хэд хоногоос арай аядуу болох боловч их удлаа гэхэд сар болоод л урьдын явдлаа яриад л зодоод эхэлдэг юм. Намайг хардаж сэрдэж, цагдаад хэллээ гэж өширхөж зодсон олон удаагийн тохиолдолдоо зүүн гар руу хоолны сэрээ зоож, хамар амнаас цус гартал зодох, нүд хөр, гар хөхрүүлэх зэргээр намайг ямар ч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдлаар хүчээр түрэмгийлж зоддог юм. Энэ байдалдаа гэмшсэн дүр үзүүлэх боловч удалгүй намайг дахин зоддог, хүүхдийнхээ дэргэд намайг зодож, хүүхдийн сэтгэл санааг тогтворгүй болгосноор хүүхэд маань аймхай, зүрх муутай болсон. Ер нь М.Рэнченжүгдэр нь хэзээ ч засрахгүй гэж би бодож байна. Би 3-4 удаа түүнээс зугтааж салж, ах эгч нарындаа очиж байсан боловч араас гуйж ирээд өчнөөн сайхан амлалт өгдөг боловч удалгүй нөгөө л хүчирхийлэл дахин үргэлжилдэг. Охин маань өвдөөд эмнэлэгт байхад эмнэлгийн коридорт ирж зодож байсан. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, охин Р.Эгшиглэнг өөрийн асрамжиндаа авна. Хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Харин бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. М.Рэнченжүгдэртэй цаашид хамт амьдрах ямар ч нөхцөлгүй болсон тул энэ нэхэмжлэлийг хүлээн авч, М.Рэнченжүгдэрээс шүүхэд хандаж гаргаж болзошгүй худал тайлбар амлалтанд итгэж, эвлэрэх хугацаа өгч хэргийг удаашруулахгүйгээр миний нэхэмжлэлийг түргэн шуурхай шийдвэрлэх шаардлагатай байна. Учир нь гэрлэлт цуцлуулан гэр бүлийн хүрээний хүчирхийллийн дарамтаас охин болон биднийг чөлөөлөх нь миний болон охины эрх ашигт багахан ч гэсэн сайнаар нөлөөлнө гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Б.Ренчинжүгдэр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х.Оюунсүрэнгийн ярьсан зүйлийн зарим нь худлаа байна.Хардалт бол байсан.Хүүхдээ ээжид нь өгөхийг зөвшөөрч байгаа.Тэтгэлэг өгнө. Гэхдээ хүүхдэд яаж очихыг мэдмээр байна. Би энэ салалтын шалтгааныг ойлгохгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Оюунсүрэн нь хариуцагч Б.Ренчинжүгдэрт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид нь 2011 онд гэр бүл болж, тэдний дундаас 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Р.Эгшиглэн төрсөн нь Г-94 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-365 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг баримтлан шүүх хуралдаан хойшлуулсан.

Дахин 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч М.Ренчинжүгдэр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн саналыг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-д заасныг баримтлан хариуцагчийг байхгүйд хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт, тайлбараа шүүхэд ирүүлээгүй, харин 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...хүүхдээ ээжид нь өгөхийг зөвшөөрч байгаа.Тэтгэлэг өгнө. Х.Оюунсүрэн яагаад сална гээд байгааг ойлгохгүй байна” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэгчдэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч  эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй учраас охин Р.Эгшиглэнг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэсэн ба Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.

М.Ренчинжүгдэрээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд 1 хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 төгрөгийн 50 хувь 1 024 800 / төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн М.Ренчинжүгдэрт захиргааны арга хэмжээ авсан талаархи баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан буюу эх хувь биш, ноториатчаар гэрчлүүлсэн баримт биш байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдав.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Оюунсүрэн, хариуцагч М.Ренчинжүгдэр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Р.Эгшиглэнг эх Х.Оюунсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Р.Эгшиглэнг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг М.Ренчинжүгдэрээс гаргуулан Х.Оюунсүрэнд олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 29 145 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай. 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

   7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА