Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1169

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч С.Цэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1903 00405 0246 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт С.Ц, Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Концевт Сити” хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Буянт-Ухаа ** тоотод байнга, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 20 айлын орон сууцны * тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Уран суурь” төвийн урд талын замд Hyundai Porter загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл,  гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овогт С.Ц 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Уран суурь” төвийн урд талын замд Hyundai Porter загварын ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэж, 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож байсан өсвөр насны хүүхэд М.Б-ийн бие махбодод “баруун хөлийн өвдөгний үений урд чагтан холбоосны урагдал, өвдөгний үений гадна булчингийн урагдал, цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Сүүлд гарсан техникийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа....” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12 дугаар хуудас);

3. Насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд би Сонгинохайрхан дүүргийн Хөтлийн замаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 40 орчим км/цагийн худтай явж байтал Hyundai Porter маркийн машин гэнэт эсрэг урсгалаас урдуур эргээд ороод ирсэн. Би нэлээд ойртоод тоормос гишгээд хойгуур нь тойрч гарах гэтэл Hyundai Porter машин зогсчихсон ба тоормос гишгээд амжилгүй баруун хойд талыг нь мөргөсөн. Би газарт унаад 2 хөл мэдээгүй болсон. ...Мопед миний эзэмшлийнх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);

“...Би сурагчийн зуны амралтаар Төв аймгийн Бүрэн суманд аавын төрсөн дүү Наран-Очир ахынд амрахдаа унаж хэрэглэх зорилгоор мопед авах болсон. Би аав, ээждээ “мопөд авмаар байна” гэж хэлж байсан. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Шар хадны "Да хүрээ” захын цаана байх мотоцикл зардаг хэсгээр үзээд явж байхад нэг танихгүй ах “энд яг чамд тохирсон мопед байна гэж хэлэхээр нь би тухайн мопедийг үзэхэд цагаан өнгийн жижиг хэмжээтэй мопед байсан. Тэр ахаас би "энэ мопедийг хүүхэд унаж болох юм уу” гэж асуухад "бага мотортой болохоор болно, цагдаа каск, бээлийтэй бол гайгүй байдаг, энэ мопедний моторын багтаамж нь 125 сс” гэж хэлэхээр нь би аав руу утсаар яриад "энд нэг жижиг хүүхдэд таарах мопед байна, энийг аваад хөдөө явж болох уу” гэж асуухад "яахын бэ, би өөрөө үзэж харж байгаад болно, болиод гэртээ ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахиж аав руу залгаад “энэ мопедийг авмаар байна, дахиж олдохгүй байх” гэж хэлээд байн байн залгаж яриад гуйхад аав “наад хүнийг нь унуулаад аваад ир” гэж хэлсэн. Тэгээд тэр ахад “хоёулаа хамт манай аавд очоод үзүүлье” гэж хэлэхэд, тэр хүн надад “явах зав байхгүй, одоо тэглээ ч өөр хүн ирнэ. Тэр хүн баталгаатай авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аав руу буцаж залгаад “зарагдах гээд байна, энэ мопедийг авмаар байна” гэж хэлэхэд аав зөвшөөрсөн. Би аав, ээжид хэлээд ээж өөрийн Хаан банкны ...дугаартай данснаасаа тэр хүний тухайн үед хэлж байсан данс уруу утсаараа шилжүүлсэн. Ингээд аав ээж зөвшөөрч мөнгийг шилжүүлээд, би тухайн мопедыг аваад аавд үзүүлэх гэж Шар хаднаас Баянхошуу руу хүртэл явж байгаад осолд орсон. Манай гэр Баянхошуунд байдаг байсан учир би байнга уг газраар 11 настайгаасаа эхэлж унадаг дугуй унаж явж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 122-123 дугаар хуудас);

4. Хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б-ийн төрсөн аав нь, ослын талаар мэдэхгүй. Ослын улмаас манай хүүгийн баруун хөлийн өвдөг нь хавдсан байсан. Миний хүү жолооч биш. Манай хүүгийн өөрийнх нь мопед байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);

5. Гэрч Ш.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хүү энэ зуныхаа амралтаар мопед авна гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө хориглосон боловч манай хүү мопед авлаа гэж хэлээд захаас хүнээс аваад тэр өдрөө ирж яваад осолд орсон...”  гэсэн мэдүүлэг (хх-ийн 112 дугаар хуудас);

6. Гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гэгч нь надаас “та наад мопедоо зарах юм уу” гэж хэлэхээр нь би “зарна” гэх хэлэхэд надаас “гаалийн бичиг байгаа юм уу” гэж хэлээд тухайн мопедыг худалдаж авахаар болсон. Би Б-д уг мопедыг 1,400,000 төгрөгөөр худалдсан ба би өөрийн ...дугаарын дансаар мөнгөө авсан. Би мопедыг гаалийн бичигтэй нь өгөөд явуулсан....Мопедны моторын багтаамж 125 сс. ...ямар ч байсан эцэг, эхтэйгээ ярьж байгаад худалдаж авсан, ээж нь дансаараа мөнгийг нь шилжүүлсэн. ...би Б-ээс асуухад “өмнө нь зөндөө унаж байсан” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 132-133 дугаар хуудас);

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4590 дугаартай шинжээчийн: “...Н.Б-ийн биед баруун хөлийн өвдөгний үений урд чагтан холбоосны урагдал, өвдөгний үений гадна булчингийн урагдал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 32 дугаар хуудас);

8. Авто тээврийн үндэсний төвийн 28673 дугаартай шинжээчийн: “...*** улсын дугаартай Hyundai Porter загварын ачааны автомашины 2 дугаар тэнхлэгийн дугуйн тоормосны хүч болон зогсоолын тоормос зогссонгүй, энэ эвдрэл гэмтэл нь ослын өмнө үүссэн, ослын өмнө үүссэн гэмтэл нь осол гарахад нөлөөлнө...” гэсэн дүгнэлт (хх-ийн 39-45 дугаар хуудас);

9. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 125 дугаартай: “...Hyundai Porter маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 125-126 дугаар хуудас);

10. Шүүгдэгч С.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 51 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Ц-ийн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч С.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлын баримт ирүүлээгүй ба шүүгдэгч С.Ц нь хохирогчид нийт 1,000,000 төгрөг төлсөн, гомдол саналгүй талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч М.Б нь 14 настай атлаа мопед, эсхүл мотоцикл байж болох тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явдал бөгөөд бага насны хүүхдийн хууль зөрчсөн үйлдэл нь эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэгтэй салшгүй холбоотойг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдан ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр шийтгэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овогт С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.Ц-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цээсүрэнд оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч С.Ц-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ц-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА