| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1351/Э |
| Дугаар | 1360 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1360
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч О.Б-,
шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт О-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0567 81746 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт О-ийн З нь Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван богд” ХХК-ний “Pizza hut” түргэн хоолны газарт жолоочоор ажилладаг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ....дугаар хороо, ..... дүгээр байрны ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч О.З нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 61 дүгээр байрны үүдэнд “төрсөн өдөр дээрээ эрэгтэй хүн дуудаж намайг доромжиллоо” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Б-г хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:
Шүүгдэгч О.З мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б-гийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Би Б-гийн төрсөн өдрийн баярт нь ирсэн хоёр залуутай түүнийг хардаж, нэг удаа хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн гэв.
Хохирогч О.Б мэдүүлэхдээ: Миний бие 2018 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд З-той хамтран амьдарч байна. 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө төрсөн өдрийн баяраа тэмдэглэж дуусаад, үүрийн 04 цагт гэрийн гадаа ирсэн. З миний төрсөн өдөрт ирсэн хоёр эрэгтэй найзтай намайг хардасны улмаас таксинаас буугаад бид хоёр маргалдсан. З миний хамар руу мөргөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хамар хугарсан гэдгийг мэдсэн. Хэрэг гарснаас хойш З 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Гоёл” клиникт миний хамрыг янзлуулж, хохирлыг барагдуулж, надаас болон миний гэр бүлээс уучлалт гуйсан. Хамар засуулахад гарсан 150.000 төгрөгийг З төлсөн. Одоо бид хоёр хэвийн харилцаатай хамт амьдарч байна гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0567 81746 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд. Үүнд:
“... Би З-той 2017 оны 11 дүгээр сард Хятад улсын Хөх хотод танилцсан. 2018 оны 11 дүгээр сараас З бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 61-5 тоот хаяг дээр нэг гэрт амьдрах болсон. Дундаасаа 1 нас 2 сартай нэг хүүхэдтэй. Хууль ёсны эхнэр нөхрийн баталгаа байхгүй. ...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн өдөр тэмдэглэж өглөө 05 цагт З бид хоёр Зайсангаас гэрийнхээ гадаа ирсэн. Би машинаас буутал З надад уурлаж “чиний төрсөн өдөр дээр ирсэн тэр хоёр эрэгтэй найз нарыг чинь ална, чи төрсөн өдөр дээрээ эрэгтэй хүн дуудаж намайг доромжиллоо” гээд намайг алгадаж, улмаар миний өмсөж явсан хувцаснаас татаж байгаад толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тухайн үед миний хамраас цус гараад доошоо болтол хувцаснаас татаж гэр рүү оруулсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмч миний хамрыг хугарсан байна, томографийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэхээр нь шинжилгээ хийлгэсэн. Би тэгээд цагдаад өргөдөл гаргасан. ...З намайг миний төрсөн өдөр дээр ирсэн Тэмүүлэн, Мөнхзаяа гэдэг хүмүүстэй хардсан. ...Би архи согтууруулах ундаа их хэрэглээгүй, биеэ авч явах чадвартай байсан. Өөрийн хүүхэд болон эд зүйлсээ авч одоо би эмээ өвөө дээрээ амьдарч байна. ...З намайг өмнө нь зодож цохиж байгаагүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),
“... Би Б-тай 2017 оны 11 дүгээр сард Хөх хотод танилцаж, 2018 оны 11 дүгээр сараас нэг гэрт амьдрах болсон. Миний хүү 2018 оны 8 дугаар сарын 30-нд төрсөн. Одоо ээжтэйгээ хамт байгаа. Бидэнд хууль ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Б-гийн төрсөн өдрийг тэмдэглэж Зайсанд нэг газар сууж архи ууж байгаад би нилээн согтсон байсан. Б бид хоёр өглөө 05 цагийн орчим Зайсангаас гэр болох Ханын материалын 61 дүгээр байрны үүдэнд дуудлагын жолоочоор машинаа бариулаад ирсэн. Б өөр тийшээ явна гээд тэрнээс болж маргалдаж, улмаар хэрүүл маргаан үүсэж, би Б-г толгойгоороо хамар орчим руу нь нэг удаа мөргөсөн. Б-гийн хамарнаас цус гараад гэр рүү орсон чинь аав Одонгэрэл, охин дүү Хүслэн нар гэмтлийн эмнэлэг рүү Б-г аваад явсан. Б-г зодсондоо гэмшиж байна. Бид хоёр эвлэрсэн байгаа. Би эмчилгээний зардпыг бүрэн барагдуулсан. ...Б гэртээ орохгүй, мөн төрсөн өдөр дээрээ найз гэх залуучуудыг дуудаж авчирчихаад надад хүндэтгэлгүй хандаад байсан болохоор нь толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу. ...Б-гийн биед учирсан гэмтэлд 150.000 төгрөгийн эмчилгээ, эм тариа хийлгэсэн. Одоо бид хоёр сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13205 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу овойж хавдсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.
ГССҮТ-н 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эмчийн үзлэгт: онош: Хамар ясны далд хугарал гэжээ.
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Лазер мед эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-н шинжилгээнд: ...хамрын баруун хажуу хана хугаралтай, хамрын хөндий цустай, баруун гайморын хөндийн салст зузаарсан, тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн, ...дүгнэлт бичсэн эмч Э.Ичинхорлоо гэжээ.
Дүгнэлт“...О.Б-гийн биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал),
4. Хамрын эмчилгээний төлбөрт 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 150.000 төгрөг төлсөн тухай “Гоёл” клиникийн зарлагын баримт (хавтаст хэргийн 46 дугаар тал),
5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 36-39 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 40 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
6. Шүүгдэгч О.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 16 дугаар тал), Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 19-27 дугаар тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), “Таван богд фүүдс пицца” ХХК-ний гүйцэтгэх захирлын тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 43-45, 47-50 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.З нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 61 дүгээр байрны үүдэнд “төрсөн өдөр дээрээ эрэгтэй хүн дуудаж намайг доромжиллоо” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Б-г хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.З-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч О.З-, хохирогч О.Б нар нь 2018 оноос хамтран амьдарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч О.З-, хохирогч О.Б нар нь дээрх этгээдэд хамаарч байна.
Шүүгдэгч О.З нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 61 дүгээр байрны үүдэнд “төрсөн өдөр дээрээ эрэгтэй хүн дуудаж намайг доромжиллоо” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Б-гийн хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, түүний эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...З надад уурлаж “чиний төрсөн өдөр дээр ирсэн тэр хоёр эрэгтэй найз нарыг чинь ална, чи төрсөн өдөр дээрээ эрэгтэй хүн дуудаж намайг доромжиллоо” гэж намайг алгадаж, улмаар миний өмсөж явсан хувцаснаас татаж байгаад толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тухайн үед миний хамраас цус гараад доошоо болтол хувцаснаас татаж гэр рүү оруулсан. ...Гэмтлийн эмч миний хамрыг хугарсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал),
-шүүгдэгч О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Б өөр тийшээ явна гээд тэрнээс болж маргалдаж, улмаар хэрүүл маргаан үүсэж, би Б-г толгойгоороо хамар орчим руу нь нэг удаа мөргөсөн. Б-гийн хамарнаас цус гарсан....Б гэртээ орохгүй, мөн төрсөн өдөр дээрээ найз гэх залуучуудыг дуудаж авчирчихаад надад хүндэтгэлгүй хандаад байсан болохоор нь толгойгоороо нүүр рүү нь нэг удаа мөргөчихсөн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13205 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч О.З нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч О.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалтын улмаас тус гэмт хэрэг гарсан байна.
Иймд шүүгдэгч О.З нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч О.Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.З-г дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.З нь хохирогч О.Б-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогчийн “Гоё клиник” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн 150.000 төгрөгийг шүүгдэгч О.З төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, “Гоёл” клиникийн зарлагын баримт зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч О.З нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс 2 жил 1 сарын хорих ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч О.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч О.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, шүүгдэгчийн тодорхой эрхэлсэн ажилтай байдлыг харгалзан, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийн байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид 750.000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг шүүх харгалзан үзэж, улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шийдвэрлээгүй болно.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт О-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.З-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1908 0567 81746 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.З нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА