| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0001/Э |
| Дугаар | 0025 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 0025
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0582/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Н-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0396 61716 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н-ийн Б нь Монгол Улсын иргэн, 1980 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, 2019 оны 11 дүгээр сарын 20-ноос “Соён-Уул” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байгаа гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо, ...... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон .
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” дэнжийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Долгормааг бусадтай хардан, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн эгэм, цээж, баруун дал, бугалга, шуу, суга, тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, дал, баруун, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн тохой, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1908 0396 61716 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд:
1. Хохирогч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Эмээлт” дэнжийн задгай тоотод байх гэрт нөхөр Б-, зүс таних /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Аагий, түүний эхнэр Нарангэрэл, Бумаа гэх хүмүүсийн хамтаар 0.75 литрийн “Хараа” архинаас хоёр шилийг хувааж уусан. Тэгээд архи ууж байх үед над руу Буянжаргал гэх манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд залгахаар нь ярьсан. Тэгсэн чинь нөхөр Б намайг “чи хэнтэйгээ яриад байдаг юм” гэж хардаад, миний үснээс хайчлаад, өмсөж явсан өмдийг гараараа урагдтал татаж, левчик, дотоож зэргийг бүгдийг нь хайчилсан. “Муу янхныг ална” гэж хэлээд хоолой дээр хутга тулгаж байгаад больсон. Миний цээж хэсэгт 4 удаа өшиглөхөд би манарч ухаан алдсан. Намайг газар хэвтэж байтал миний хоёр хөл, гуя, хоёр гарын булчин хэсэгт сүхний ишээр олон удаа цохиж, татаж байсан тамхиа зүүн чихэн дээр унтраасан. Удалгүй гаднаас хоёр цагдаа ирээд Б-г аваад явсан. Бид гэрлэлтийн баталгаагүй, 20 жил хамт амьдарч байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй. Н.Б заримдаа архи уудаг. Архи уухаараа агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж зоддог. Би гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байна. 2018 оны 5, 8 дугаар сард зодуулсан талаарх эмнэлэгт үзүүлсэн бичиг баримт байхгүй. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт шинжилгээ өгсөн. Эмийн сангаас эм авсан бүх баримт байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),
-2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн:
“... Тухайн өдөр Б сүхний ишээр миний хоёр хөлний гуя, хоёр гарын булчин хэсэгт олон удаа цохисон. Дотуур хувцас буюу цээживч, левчик, цамц, өмдийг хайчаар урж тасдсан. Би дотуур хувцсаа 2019 онд Нарантуулаас 25.000 төгрөгөөр, өмд 35.000 төгрөгөөр, цамц 60.000 төгрөгөөр авч байсан. Нийт 120.000 төгрөгийн хохирол учирсан. Эмчилгээний зардал болох 1.620.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дугаар тал),
2. Насанд хүрээгүй гэрч Д.Хүслэн /10 настай/-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ дугуйгаа унаад тоглож байтал аавыг цагдаа ирээд аваад явсан. Аав Б заримдаа архи уудаг. Архи уухаараа надад болон ээжид муухай зан гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
3. Гэрч Ц.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 8 дугаар сарын 12-
ны өдөр өгсөн:
“...Б-гийн гэрт очиж уусан. 2019 оны 7 дугаар сарын 17-ны өглөө сэрэхэд Б-, Раднаабат хоёр ажил ярингаа замаараа дэлгүүрээс 1 шил архи, 2.5 литрийн пиво авчраад гэртээ ууж байтал тэр хоёрыг ажлаас нь дуудаад гараад явсан. Би Б-гийн гэрт Долгормаатай муудалцаж байгаад ...гарч явсан. ...19 цагийн үед буцаад Б-гийн гэрт очъё, Долгормаа гайгүй болсон байлгүй гэж бодоод очиж явтал замдаа нөхөр Раднаабат, Бумбаяр, манай хүүхэд Бадмаа нар өөдөөс алхаж ирсэн. ...Б Долгормааг зодоод, цагдаа нар Б-г аваад явчихлаа” гэсэн. ...Дашням Долгормааг зодуулж байхыг хараад Б-г “чи боль” гэж хэлтэл “чамд ямар хамааатай юм бэ” гэж хэлэхээр нь Дашням дахиж юм дуугараагүй гэж хэлж байсан. ...Долгормаа байнгын архи уудаг, архи уухаараа агсам тавьдаг, нэг залуутай болсон, тэгээд гэртээ байдаггүй хэд хоног алга болчихдог юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),
4. Гэрч П.Бумбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед би найз Б-гийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь Б-, Долгормаа, зүс таних Аагий гэх хүмүүсийн хамт 0.75 литрийн архинаас 2 шилийг хувааж уусан. Тэгээд ...тасраад унтсан юм. Нэг мэдсэн Б-гийн гэрт хүмүүс шуугилдаад байсан. Эхнэр, нөхрийн маргаанд ороод яахав гэж бодоод буцаж унтаад, сэрээд Б-гийн гэр рүү нь орох гэтэл гэрийн хаалга нь цоожтой байхаар нь гэр рүүгээ явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дугаар тал),
5. Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн задгай тоотод байх гэртээ эхнэр Долгормаа, Нараа, Бумаа, төрсөн дүү Хүслэн нарын хамтаар байж байтал эхнэр Долгормаа намайг архинд явчихаад ир гэж хэлээд өөрийнхөө Төрийн банкны картыг өгч явуулсан. Би зүс таних Аагийтай хамт дэлгүүр орж 0.75 литрийн архи авч гэртээ ирээд амбаарны сүүдэрт хувааж уусан. Тэгээд байж байтал Долгормаа гар утсаараа хүнтэй ярих гээд гэр рүү орохоор нь би араас нь ороход “ирж ав, ирэхгүй бол би өө хайж байгаад яваад очъё” гэж хүнтэй яриад байхаар нь би “юун хүн бэ, хэнтэй яриад байгаа юм, чи бараг Эрдэнэбилэгтэй яриад байгаа юм биш үү” гэж асуухад “чамд хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь би гадаа гараад. ...буцаж гэртээ ороод Долгормаад уур хүрээд “яагаад өөр хүнтэй утсаар яриад байдаг юм” гэж хэлээд эхнэр Долгормаагийн хувцсыг гараараа татаж ураад, өгзөг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Бас нуруу, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, цээж хэсэг рүү нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Удалгүй байж байтал цагдаа нар орж ирээд намайг авч явсан. Би өмнө нь Долгормааг зодож байгаагүй учраас зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Долгормаа олон хоног гэртээ ирэхгүй, өөр хүнтэй явалдаад, үр хүүхэддээ санаа зовохгүй яваад байхаар нь би сүүлдээ арга бараад 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр уурандаа гар хүрсэн. Долгормаагийн биед гэмтэл учруулсан нь миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8858 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхинд 5х3 см хэмжээтэй, эрүүний доод хэсэгт 4х4 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний зүүн хэсэгт 8х4 см хэмжээтэй овойж хавдсан, гол хэсэгт хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн эгэмний доод хэсэгт 6х4.5 см, баруун хөхний дээд хэсэгт 2х2 см, баруун далны доод хэсэгт 1х1 см, баруун бугалганы дунд хэсгээр шууны дээд гадна хэсгийг хамарсан 17х10 см, баруун суганы ар доод хэсэгт 7х5 см, бугалганы дотор дээд хэсэгт 1х1 см, ар дунд хэсэгт 1х1 см, тохойн дотор хэсэгт 2х2 см, шууны ар дунд хэсэгт 4х4 см, бугуйны дотор хэсэгт 4х2 см, урд хэсэгт 2х2 см, сарвууны дотор хэсэгт 2х2 см, зүүн бугалганы ар дээд хэсэгт 11х9 см, дотор дээд хэсэгт 14х4 см, зүүн даланд 4х4 см, тохойд 2х2 см, сарвуунд сарвууны ар алгыг тархмал хамарсан 16х9 см, баруун өгзөг дунд хэсэгт 5х3 см, зүүн өгзөгний дээд хэсэгт 5х3 см, 3х2 см, баруун, зүүн гуяны дотор хэсэгт 2х2 см хүртэл хэмжээтэй олон тооны, баруун гуяны дунд дотор хэсэгт 6х3 см, гадна доод хэсэгт 3х3 см шилбэний дээд гадна хэсэгт 3х2 см хүртэл хэмжээтэй 6 ширхэг, дээд дотор хэсэгт 2х2 см, зүүн гуяны дотор дээд хэсэгт 2х2 см, баруун өвдөгт 2х1 см, зүүн шилбэний дээд гадна хэсэгт 4х3 см, урд дунд хэсэгт 4х3 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, зүүн тохойд 5х0.5 см, хэвлийн баруун хэсэгт 6х2 см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 6х0.3 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Баруун хөхний доод хэсгээр хөндүүр, эмзэглэл ихтэй.
2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Толгойн КТГ-ийн хариунд: зүүн нүдний эргэн тойрон болон хацар хэсгээр бага зэрэг зөөлөн эдийн хавантай. ...” гэсэн.
Дүгнэлт: “...-Д.Долгормаагийн биед зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн эгэм, цээж, баруун дал, бугалга, шуу, суга, тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, дал, баруун, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн тохой, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь хэрэг болох үед нэг цаг хугацаанд үүссэн байж болохоор шинэ гэмтлүүд байна. /шинжээч Д.Долгормаа/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
7. Шинжээч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“... Хохирогч Д.Долгормаагийн мэдүүлснээр тухайн гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээж, хоёр хөлний гуя, хоёр гарын булчин /бугалга/, нүүрний зүүн хэсэгт /зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи/ үүссэн шинэ гэмтлүүд тогтоогдсон учир хохирогчийн мэдүүлснээр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Гар, хөл, сүхний иш зэрэг нь бүгд мохоо зүйл юм. Тухайн гэмтлийг гар, хөл, сүхний ишээр үүссэн эсэхийг нарийвлан бодитоор тогтоох боломжгүй. Цус хуралтын хэмжээнээс харахад зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, эрүүний цус хуралт гэмтлүүд нь гараар цохих үед үүсэх боломжтой. Хүзүү, баруун зүүн бугалга, цээж, зүүн эгэм, зүүн сарвуунд үүссэн цус хуралт гэмтлүүд нь өшиглөх, сүхний ишээр цохих үед үүсэх боломжтой. Бусад олон тооны жижиг гэмтлүүдийг ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Өөрөөр хэлбэл гар, хөл, сүхний ишээр цохисон гэдгийг тогтоох боломжгүй. Мөн хохирогчийн биед учирсан гэмтлүүдийн үүсгэгдэх цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй юм. Хохирогчид учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэл, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дугаар тал),
8. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 48-56 дугаар тал),
9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1362 дугаартай “...дотуур хувцас, ягаан өнгийн цамц, хар өнгийн жинсэн өмд зэргийн үнийг нийт 120.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 99-100 дугаар тал),
10. Шүүгдэгч Н.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дугаар тал), Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 124-125 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 81 дүгээр тал), Н.Б-гийн эзэмшлийн мал тооллогын тайлан (хавтаст хэргийн 84 дүгээр тал), түүний банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 86-90 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн задгай тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Долгормааг бусадтай хардан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн эгэм, цээж, баруун дал, бугалга, шуу, суга, тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, дал, баруун, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн тохой, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба өмгөөлөгч С.Төмөрбаатар хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Н.Б-, хохирогч Д.Долгормаа нар нь 2000 оноос хамтран амьдарсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба шүүгдэгч Н.Б-, хохирогч Д.Долгормаа нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн задгай тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Долгормааг бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь онц харгис хэрцгийгээр зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, эрүүнд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн эгэм, цээж, баруун дал, бугалга, шуу, суга, тохой, бугуй, сарвуу, зүүн бугалга, дал, баруун, зүүн өгзөг, гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн тохой, хэвлий, зүүн шилбэнд зулгаралт, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...нөхөр Б намайг “чи хэнтэйгээ яриад байдаг юм” гэж хардаад миний үснээс хайчлаад, өмсөж явсан өмдийг гараараа урагдтал татаж, левчик, дотоож зэргийг бүгдийг нь хайчилсан. “Муу янхныг ална” гэж хэлээд хоолой дээр хутга тулгаж байгаад больсон. ...цээж хэсэгт 4 удаа өшиглөхөд би ухаан алдсан. Намайг газар хэвтэж байтал миний хоёр хөл, гуя, хоёр гарын булчин хэсэгт сүхний ишээр олон удаа цохиж, татаж байсан тамхиа зүүн чихэн дээр унтраасан. ...миний цээжний баруун хэсэгт олон удаа гараараа цохиж, бас хөлөөрөө өшиглөхөд миний цээж хэсэг тэр чигтээ хавдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал) болон түүний хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг (хавтас хэргийн 95-96 дугаар тал),
-гэрч Ц.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...19 цагийн үед буцаад Б-гийн гэрт очъё, Долгормаа гайгүй болсон байлгүй гэж бодоод очиж явтал замдаа нөхөр Раднаабат, Бумбаяр, манай хүүхэд Бадмаа нар өөдөөс алхаж ирсэн ба, тэд Б Долгормааг зодоод, цагдаа нар Б-г аваад явчихлаа” гэж хэлсэн. ...Дашням Долгормааг зодуулж байхыг хараад Б-г “чи боль” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),
-шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...Долгормаа гар утсаараа хүнтэй ярих гээд гэр рүү орохоор нь би араас нь ороход “ирж ав, ирэхгүй бол би өө хайж байгаад яваад очъё” гэж хүнтэй яриад байхаар нь би “юун хүн бэ, хэнтэй яриад байгаа юм бэ, чи бараг Эрдэнэбилэгтэй яриад байгаа юм биш үү” гэж асуухад “чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадаа гараад. ...буцаж гэртээ ороод Долгормаад уур хүрээд “яагаад өөр хүнтэй утсаар яриад байдаг юм” гэж хэлээд эхнэр Долгормаагийн хувцсыг гараараа татаж ураад, өгзөг рүү нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Бас нуруу, баруун, зүүн гуя, өвдөг, шилбэ, цээж хэсэг рүү нь гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохисон. Долгормаагийн биед гэмтэл учруулсан нь миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 114-115 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8858 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), шинжээч Д.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 126-127 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 46-47 дугаар тал), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 48-56 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 99-100 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Мөн онц харгис хэрцгийгээр гэдгийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх, өвтгөн шаналгах, тарчилган зовоох зэргийг ойлгох ба шинжээчийн үзлэг, дүгнэлтээр хохирогч Д.Долгормаагийн биед олон тооны гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, уг гэмтлийг шүүгдэгч Н.Б нь хохирогчийг гараараа болон сүхний ишээр цохих, өшиглөх зэргээр үүсгэсэн, улмаар татаж байсан тамхиа түүний бие дээр унтраах, хоолой дээр нь хутга тулган, өвтгөн шаналгаж, тарчилган зовоох зэргээр харгис хэрцгий харьцаж үйлджээ.
Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.Долгормааг онц харгис хэрцгийгээр зодож түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тус гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалтын улмаас гарсан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Долгормаагийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд 1.620.000 төгрөгийг нэхэмжилсэн ба, баримтаар 360.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн, мөн түүний эд хөрөнгөд учирсан хохирлын зардлыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК нь 120.000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүгдэгч Н.Б-г шүүхээс гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгчээс хохирогчид нотлох баримтын хүрээнд 480.000 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулсан байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгчийн ар гэр нь хохирогч Д.Долгормаад хохирлын төлбөрт 480.000 төгрөг нөхөн төлсөн болох нь “Хаан банк”-ны орлогын баримтаар тогтоогдсон. Иймд шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Долгормаад энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Д.Долгормаа нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Б-гийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар дүгнэлтдээ “шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Түүний хүүхдүүд нь 15 настай, 10 настай бөгөөд Н.Б-гийн асран хамгаалалтад байдаг. Олон улсын гэрээ болон хүүхдийн эрхийг хамгаалах конвенцид зааснаар хүүхдүүдийн сурч боловсрох, эдийн засгийн баталгаатай байдал зэрэг нь зөрчигдөж болзошгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Н.Б нь ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хүүхдүүдийг харах хүн байхгүй зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүгдэгч Н.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2008 онд ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Н.Б нь ажил эрхэлдэг гэх боловч энэ тухай тушаал шийдвэр, түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон холбогдох баримтгүй, банкны дансны хуулгыг үндэслэх боломжгүй тул түүнд торгох ял оногдуулах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Мөн шүүгдэгч Н.Б-г нийгмээс тусгаарласан ял түүнд оногдуулаагүй тул түүний асрамжинд байгаа хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх болон бусад эрх нь зөрчигдөнө гэх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
4. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, харин шүүгдэгч Н.Б-гийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 40 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 520 (таван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, дээрх цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 40 (дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Н.Б-гийн биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Долгормаад энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Долгормаа нь тус гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА