Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 904

 

 

 

 

 

 

 

     2019           8           21                                         2019/ШЦТ/904         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, 

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908028691068 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, 3 дүү, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Эрдэнэцэцэгийн А /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Э.А нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхайрханы задгайд “айл хэсэх гэлээ” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ё.Мын хөл хэсэг рүү нь заазуураар шидэж эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1908028691068 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ё.Мын: “2019 оны 5 дугаар сарын 21-ний ...өглөө 6 цагийн үед Мандахын найз ирээд Мандахыг аваад явчихсан. Мөнхсүх, А бид нар босоод 2 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Пивоо уугаад сууж байсан чинь Чөдрөө гээд ах ирээд Мөнхсүх бид хоёрыг манайд очъё гээд явах гэсэн чинь А уурлаад “айл хэсэх гэлээ” гээд байхаар нь би тоохгүй гэрээс гараад явчихсан чинь А араас хоол хийх гэж байсан бор иштэй заазуурыг шидсэн. Заазуур миний баруун хөлний өвдөгний ар талын үен дээр оноод миний хөл зүсэгдсэн. Чөдрөө ах заазуурыг аваад гэрт байсан хутгыг аваад нуучихсан байсан. Тэгээд Чөдрөө ах, Мөнхсүх нар намайг орхиод яваад өгсөн. Нэг хэсэг унтаад өгсөн байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.06.18-ны өдрийн 7412 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ё.Мын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-23/,

Шүүгдэгч Э.Агийн яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянхайрханы задгайд найз Мандахын гэрт очсон. Хамтран амьдрагч Ё.М найз Мөнгөөнөөгийн хамт шөнийн 3 цагийн үед ирсэн. М орж ирэхдээ 2 том пиво авчирсныг хувааж уугаад өглөөний 11 цаг болсон. Мөнгөөнөө “харьлаа” гэж хэлэхэд М “би хамт явна” гэж хэлсэн. Би “та хоёр уучихсан юм чинь дахиад архиа уучихна” гэж хэлсэн. М Мөнгөөнөөг дагаад явахаар нь би мах хэрчих гэж байсан бор иштэй заазуурыг Мын араас шидсэн чинь хөлийнх нь ард талд оночихсон. Хэсэг хугацааны дараа Мөнгөөнөө нь Мыг сугадаад орж ирээд “Анхаа чи хөлийг нь зүсээд хаячихсан юм биш үү, цус гарчихлаа” гэж хэлсэн. Би цусыг нь хараад сандарсандаа 103 руу залгаж дуудлага өгтөл цагдаа руу залга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-61-62/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/, хохирогчид хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-68/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд,

шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн гаргаж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогчийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт,

мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бор иштэй заазуурыг талуудын хүсэлтээр тус тус уншиж, таниулж шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Мал, амьтан, эд зүйлийг дангаар нь таньж олуулж болно. Шаардлагатай тохиолдолд хоёроос дээш адил төрлийн, эсхүл төстэй эд зүйлээс таньж олуулж болно” гэж заасны дагуу таньж олуулах ажиллагааг явуулаагүй хууль зөрчсөн байна. Тухайлбал шүүгдэгч, хохирогч нараар таньж олуулах ажиллагаа хийлгэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн заазууртай адил төрлийн, төстэй эд зүйлийг биш харин хайч, хутга зэргийг ашигласан нь хууль зөрчсөн байх тул шүүх тухайн таньж олуулах ажиллагаануудыг /хх-18-19, 20-21/ шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэж байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.А согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгайд хамтран амьдрагч Ё.М луу заазуур шидэж баруун гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ё.Мын “...Мөнхсүх, А бид нар босоод 2 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. А хоол хийх гэж байсан бор иштэй заазуурыг араас шидсэн. Заазуур миний баруун хөлний өвдөгний ар талын үен дээр оноод хөл зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүх эмнэлгийн 7412 дугаар “1.Ё.Мын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-23/, шүүгдэгч Э.Агийн яллагдагчаар өгсөн “...М орж ирэхдээ 2 том пиво авчирсныг хувааж уугаад ...би мах хэрчих гэж байсан бор иштэй заазуурыг Мын араас шидсэн чинь хөлийнх нь ард талд оночихсон...” гэх мэдүүлэг /хх-61-62/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй 1 ширхэг заазуур, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Агийн согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ё.М луу заазуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14/, хохирогчийн “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, нялх, хөхүүл хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 490.000 төгрөгөөр торгох, торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргахгүй. 490.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрнө. 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд согтуурч, зэвсэг хэрэглэж буюу заазуур шидэж хохирогчийн хөлд гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /9 нас, 8 сартай хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Гэвч хэмжээний хувьд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд буюу шүүгдэгчийн хохирогч руу заазуур шидсэн санаатай үйлдэлд 490.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь хууль ёсны зарчим болоод шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Э.Аг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцэцэгийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                   

 

 

ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР