Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1170

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Б.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Элжигэн овогт Батмөнхийн Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04936 1395 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт Б.Т, Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр, технологийн дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, хоёр дүү нарын хамт, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ** тоотод иргэн Э.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд нэг шүдний булгаралт, дух, хамрын нуруу, буйл, уруулд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Э овогтой Б.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын *** тоотод иргэн Э.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, түүний бие махбодод “хамар ясны хугарал, дээд нэг шүдний булгаралт, дух, хамрын нуруу, буйл, уруулд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргах зүйлгүй. Хохиролд 1,800,000 төгрөг төлсөн ...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Э.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ ганцаараа байж байгаад найз Ө-тай утсаар яриад орой уулзъя манайд хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Т над руу залгаад бид хэд бүгдээрээ яваад очъё гэж хэлсэн...Т  З гэх охинтой орон дээр хэвтэж байгаад босоход би З-ийн хажууд очоод хэвтэхэд Т над руу уурлаад чи Г-ыг хэвтүүлсэнгүй гэж хэлээд намайг пизда гэж дуудсан. Би уурлаж босоод Т-г заамдахад Т гараа атгаж байгаад миний үүдэн шүд рүү цохиод толгойны зүүн баруун тал руу ээлжлээд цохисон. Би манараад газар суухад толгой руу хэд хэдэн удаа цохиход Г голоор орж салгаад тэр хоёр хамт гэрээс гараад явсан...Миний биед учирсан гэмтлүүдийг манай найз Т учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас);

3. Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т гараа атгаж байгаад Ч-н нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Ч-ын хамраас цус гараад газар суухаар Т-г салгаж холдуулсан. Т Ч-ын нүүр лүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохиод, хөлөөрөө мөр лүү нь жийсэн. Ч-ын хамар, амнаас нь цус гарсан байсан. Би шүд нь хугарсныг маргааш нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.С-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11441 дугаартай: “...Э.Ч-ын биед хамар ясны хугарал, дээд нэг шүдний булгаралт, дух, хамрын нуруу, буйл, уруулд язарсан шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд шүдний булгаралт гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5 хувиар алдагдуулна..” гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);

5. Хохирогч Э.Ч нь хохирлын мөнгө болох 1,800,000 төгрөгийг хүлээн авсан талаарх баримт (хх-ийн 47 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би гараа атгаж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохиход Ч нүүрээ дараад доош матраас дээр суух үед толгой руу нь хөлөөрөө жийсэн. Ч босож ирээд чи намайг яаж байгаа юм бэ, чи манай гэрээс зайл гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Ч-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Ч-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Т-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Ч нь хохиролд 1,800,000 төгрөг авсан, гомдол саналгүй талаарх  хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Т-ийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “....тусгайлан хэлэх зүйлгүй....” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Э овогт Б.Т-г Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Т-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА