| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00485/И |
| Дугаар | 545 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 545
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Оюунмандахын нэхэмжлэлтэй “Үрчлэлт бүртгүүлсэн байдал тогтоолгох”-ыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1965 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Ганзам 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, Төмөр замын 3 дугаар 60 айлын 38 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
Мэргэд овгийн Дугарсүрэнгийн Оюунмандах
регистрийн дугаар: МЬ –65010100
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Д.Оюунмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие нь 2007 оны 10 дугаар сарын 24-нд хүү Мандуулыг үрчилж авсан. Гэтэл Иргэний бүртгэлийн мэдээлэлийн санд 2013 оны 06 дугаар сарын 28-нд гэж бүртгэгдсэн учир үрчлэгдсэн он, сар, өдрийг зөв болгон тогтоож тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Д.Оюунмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би 2007 онд өөрийн төрсөн хүү Баярмандалын хүү Мандуулыг өөрийнхөө нэр дээр үрчилж авахаар Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 24-ний захирамж гарч хүүхдийн төрсний гэрчилгээг миний нэрээр овоглон гаргаж өгсөн. Одоо би 4 хүүхэдтэй гээд тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлтэл улсын бүртгэлийн лавлагаагаар үрчлэгдсэн гэсэн бүртгэл 2013 онд үрчлэгдсэн гэж улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэдсэн байсан. Би 2007 онд хүү Мандуулыг үрчилсэн мөртлөө бүртгэлийн санд 2013 онд гарч ирсэн нь улсын бүртгэгч буруу бүртгэсэн учраас намайг “шүүхээр энэ асуудлаа шийдвэрлүүлж тогтоолго” гэж хэлсэн. Иймд хүү О.Мандуулыг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Оюунмандах надад үрчлэгдсэн болохыг тогтоож үү! гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Оюунмандах нь Б.Мандуулыг 2007 онд үрчилж авсан боловч тухайн үед үрчлэлтийг бүртгэлийн байгууллагад бүртгээгүй, 2013 онд үрчлэлтийг бүртгэсэн байх тул Б.Мандуулыг 2007 оны 10 дугаар сарын 24-нд үрчлэн авсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
Д.Оюунмандах нь өөрийн төрсөн хүү Баярмандалын хүү Мандуулыг 2005 оноос хойш асрамжилж байгаад 2007 онд үрчилж авсан болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 469 дугаартай “Б.Мандуулыг үрчлэх тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүргэлийн ажилтны олгосон №30 дугаартай Үрчлэлтийн гэрчилгээ, Мэргэд овгийн Оюунмандахын Мандуулын № 0087389, Г-41/30 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримт болон Д.Пүрэвсүрэн, Б.Уранчимэг, С.Нарандаваа нарын шүүхэд шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Тайж овгийн Баярмандахын Мандуулыг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мэргэд овгийн Дугарсүрэнгийн Оюунмандах үрчлэн авсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Б.Мандуулыг 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Мэргэд овгийн Дугарсүрэнгийн Оюунмандах үрчлэн авсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Оюунмандахын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ