Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 861

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Р.Э

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0334 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Н.А, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Химийн технологич мэргэжилтэй, “Э.Х” СӨХ-д лифтний механик ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ХА11111111,

Урьд Улаанбаатар хотын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Бүгд найрамдах Монгол ард улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн “А”-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгэгдэж,

Хэнтий аймгийн шүүхийн магадлалаар 1961 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн “А”-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 1 сар 21 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.А нь 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.М-ийн цээжин тус газар нь авторёкоор хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...найзууд болох Г...А...Г нарын хамт архи уусан. Тэгээд нэг мэдэхэд би А-тай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдсанаа санахгүй байна. Тэгтэл А “гэртээ ороод ирье гэл үү” юу гэлээ, ямар ч байсан алга болж байгаад удалгүй буцаж хүрч ирээд бид хоёр дахин хоорондоо маргалдсан. Хоёулханаа 20 дугаар байрны 9 дүгээр орцны зүүн талын хүнсний дэлгүүрийн хойно зууралдсан байдалтай байж байсан. Тэгтэл А миний цээжний зүүн талын хэсэгт нэг зүйлээр хатгаад миний цээжнээс цус гараад толгой эргээд байсан бөгөөд бид хоёрын хажууд Г ирсэн байсан. Тэгэхээр нь би Г-д “чи надад гэрч болоорой, А намайг хатгачихлаа шүү” гэж хэлсэн. ...миний цээж рүү хатгасны дараагаар А-ын гарт нь овтёрко байсан...А-д зодуулснаас болж надад гарсан эмчилгээний зардал байхгүй. А намайг өөрөө эмнэлгийн байгууллагаар дагуулж явж үзүүлсэн. Надад А-аас нэхэмжлэх зүйл...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

2. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед би гэрээсээ гарч салхилах гээд 9 орцны гадаа сандал дээр сууж байсан чинь манай нөхөр Г байрныхаа хэдэн архичидтай хамт сууж байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г-тэй хамт сууж байсан М гээд залуу нилээн халамцуу над дээр хүрч ирээд “О эгчээ” гээд...намайг тэврээд авсан. Тэгсэн цаанаас манай нөхөр Г хүрч ирээд М-ийг “чи манай эхнэрийг тэвэрлээ гээд” түүнтэй маргалдсан. ...тэгтэл А.М-ийг “чи манай найзыг ингэдэг хэн бэ гээд гартаа улаан өнгийн иштэй овтёрко барьчихсан хатгачихъя гээд далайгаад ...би чамайг ална шүү пизда минь, дүрнэ шүү лалар минь” гээд тэр хоёр маргалдаад байрны булан тойроод явсан... төд удалгүй А миний хажуугаар юм дуугаралгүй гараад явсан, араас нь Г хүрч ирээд наад А чинь М-ийг автёрокоор дүрчихлээ...гэхээр нь мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

3. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед...М, А ах хоёр хоорондоо маргалдаад М, А ахыг “хөгшин төгцөг минь” гэж хэлж байсан ба А ах М хоёр маргалдаад байсан. Тэгсэнээ тэр хоёр байрны хажуу талын нэрийг нь мэдэхгүй...дэлгүүрийн араар нь булан тойроод орохоор нь хоорондоо зодолдож магадгүй гэж бодоод хойноос нь дэлгүүрийн араар булан тойроход дэлгүүрийн ард М, А ах хоёр зодолдсон байдалтай А ах газар унасан М дээр нь гарчихсан зууралдсан байдалтай байхаар нь би явж очоод М цамцнаас нь хойш татаад босгосон. А ах босож ирээд М-ийг “яадаг чацага бэ” гэж хэлээд цээж рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл А ахын баруун гарт нь буюу М-ийн цээж рүү нь цохисон гарт нь нэг овтёрко байсан. Тэгээд М-ийн цээжнийх нь зүүн талын хэсэгт бага зэрэг нүх гарчихсан цус гарч байхаар нь би М-д халаасандаа байсан жаахан цаасыг өгөхөд М цаасаар цээжээ дараад...намайг “чи надад гэрч болоорой намайг хатгачихлаа шүү” гэж хэлээд яваад өгсөн. Миний харснаар А ах, М-ийн цээж рүү нь гараараа нэг удаа л цохих шиг болсон ба дараа нь харахад гарт нь овтёрко байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .... дугаар дүгнэлт

“...хэсэг газрын үзлэгт: ... Цээжний зүүн хэсэгт мэс заслын 1 ширхэг оёдол бүхий шархтай. Тэр хэсэгт 4х2 см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. О.М-н биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42),

5. Шүүгдэгч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед...Г, М хоёр маргалдсан зууралдсан байдалтай байж байхаар нь би очоод “та хоёр боль” гэж хэлээд хоёр тийш нь салгаад Г-г нэг сандал дээр суулгаад М-д хандан “чи яахаараа сонин сонин ааш гаргаж явдаг хүн бэ” гэж хэлэхэд М намайг “хуц муу өвгөн минь” гэж хэлэхээр нь миний уур хүрээд өвгөн чамд ямар байдгыг харуулъя гэж хэлээд М бид хоёр 20 дугаар байрны 9 дүгээр орцны харалдаа, зүүн талд байдаг нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн булан тойроод дэлгүүрийн ард гарахад М шууд миний зүүн талын шанаа руу цохиод би хөл алдаад газар унахад дээрээс дарж суугаад нүүр рүү гараараа цохих гээд гараа далайхаар би гараараа хаагаад, хамгаалахад Г ирээд М-ийг хойноос нь татаад босгохоор нь би босоод өмдний ар талын халаасанд байсан овтёркыг гаргаж ирээд М-ийг “чи яасан овоо муу новш бэ” гэж хэлээд цээж рүү нь овтёркоор нэг удаа хатгачихаад овтёркоо буцааж халаасандаа хийгээд шууд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),

6. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 11), эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоолд “...23см урттай, улаан өнгийн иштэй овтёрка...” гэх баримт (хавтаст хэргийн 15), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Биологийн шинжээчийн .... дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 52)

- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 81, 82), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 79, 80), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 88),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 69, 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 72-75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 67, 68), “Э.Х” СӨХ-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 66) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Н.А нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.

Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, .. дугаар байрны .. дүгээр орцны орчим 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим шүүгдэгч Н.А нь найз Г-ын эхнэрийг тэвэрч найзыг маань доромжиллоо гэж, хохирогч О.М нь өөрийгөө өмөөрч шүүгдэгчийг Н.А-ыг “хуц муу өвгөн минь” гэж хэл амаар доромжлон хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж, зодолдох үед шүүгдэгч нь шууд санаатай үйлдлээр, иргэн О.М-ийн цээжин тус газар нь халиваар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед би гэрээсээ гарч салхилах гээд 9 орцны гадаа сандал дээр сууж байсан чинь манай нөхөр Г байрныхаа хэдэн архичидтай хамт сууж байсан. Тэгсэн чинь манай нөхөр Г-тэй хамт сууж байсан М гээд залуу нилээн халамцуу над дээр хүрч ирээд “О эгчээ” гээд...намайг тэврээд авсан. Тэгсэн цаанаас манай нөхөр Г хүрч ирээд М-ийг “чи манай эхнэрийг тэвэрлээ гээд” түүнтэй маргалдсан. ...тэгтэл А М-ийг “чи манай найзыг ингэдэг хэн бэ гээд гартаа улаан өнгийн иштэй автёрко барьчихсан хатгачихъя гээд далайгаад ...би чамайг ална шүү пизда минь, дүрнэ шүү лалар минь” гээд тэр хоёр маргалдаад байрны булан тойроод явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ...найзууд болох Г...А...Г нарын хамт архи уусан. Тэгээд нэг мэдэхэд би А-тай маргалдаад байсан.  Яг юу гэж маргалдсанаа санахгүй байна. ...Хоёулханаа .. дугаар байрны .. дүгээр орцны зүүн талын хүнсний дэлгүүрийн хойно зууралдсан байдалтай байж байсан. Тэгтэл А миний цээжний зүүн талын хэсэгт нэг зүйлээр хатгаад миний цээжнээс цус гараад толгой эргээд байсан бөгөөд бид хоёрын хажууд Г ирсэн байсан. Тэгэхээр нь би Г-д “чи надад гэрч болоорой, А намайг хатгачихлаа шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 19 цагийн үед...М, А ах хоёр хоорондоо маргалдаад М, А ахыг “хөгшин төгцөг минь” гэж хэлж байсан. ...Тэгсэнээ тэр хоёр байрны хажуу талын нэрийг нь мэдэхгүй...дэлгүүрийн араар нь булан тойроод орохоор нь хоорондоо зодолдож магадгүй гэж бодоод хойноос нь очиход...М, А ах хоёр зодолдсон байдалтай А ах газар унасан М дээр нь гарчихсан зууралдсан байдалтай байхаар нь би явж очоод М-ийн цамцнаас нь хойш татаад босгосон. А ах босож ирээд М-ийг “яадаг чацага бэ” гэж хэлээд цээж рүү нь гараараа цохих шиг болсон. Тэгтэл А ахын баруун гарт нь буюу М-ийн цээж рүү нь цохисон гарт нь нэг овтёрко байсан. ...М...намайг “чи надад гэрч болоорой намайг хатгачихлаа шүү” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Шүүгдэгч Н.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед...Г, М хоёр маргалдсан зууралдсан байдалтай байж байхаар нь би очоод “та хоёр боль” гэж хэлээд хоёр тийш нь салгаад Г-г нэг сандал дээр суулгаад М-д хандан “чи яахаараа сонин сонин ааш гаргаж явдаг хүн бэ” гэж хэлэхэд М намайг “хуц муу өвгөн минь” гэж хэлсэн. Тэгээд миний уур хүрээд...М бид хоёр .. дугаар байрны .. дүгээр орцны харалдаа, зүүн талд байдаг нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн булан тойроод дэлгүүрийн ард гарахад М шууд миний зүүн талын шанаа руу цохиод би хөл алдаад газар унахад дээрээс дарж суугаад нүүр рүү гараараа цохих гээд гараа далайхаар би гараараа хаагаад, хамгаалахад Г ирээд М-ийг хойноос нь татаад босгохоор нь би босоод өмдний ар талын халаасанд байсан овтёркыг гаргаж ирээд М-ийг “чи яасан овоо муу новш бэ” гэж хэлээд цээж рүү нь овтёркоор нэг удаа хатгачихаад овтёркоо буцааж халаасандаа хийгээд шууд гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн .... дугаар дүгнэлт “...1. О.М-ийн биед цээжинд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А-ын үйлдлийн улмаас О.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаан гаргаж өгсөн байна. Иймд шүүгдэгч Н.А-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Н.А-ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжээр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн овтёркийг устгах дүгнэлтийг

Шүүгдэгч Н.А нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Тиймээс шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1908 0334 01144 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хэргийн газрын үзлэгээр хураагдсан овтёрко 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т овогт Н.А-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, улаан хөр өнгийн иштэй “Овтёрко”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах орон тооны бус комисст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ