Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 19

 

С.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00978/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч Их монгол овогтой Самбуугийн Б-ын нэхэмжлэлтэй,

         Худалдаа хөгжлийн банк Дархан салбар,

         Боржигон овогтой Галсандоржийн Н-,

         Боржигон овогтой Дагвасүрэнгийн О- нарт холбогдох

          “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай тухай” иргэний хэргийг

          Нэхэмжлэгч С.Б-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд Худалдаа хөгжлийн банк Дархан салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ГанБ-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б-оос:

“... Миний бие 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн Дархан сумын 9 дүгээр баг 2-143 тоот 3 өрөө орон сууцыг Г.Н-д Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар 2015 онд Г.Н-д холбогдуулж нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн ба тус иргэний хэрэг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 681 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дугаар тогтоолоор миний Г.Н-тэй байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож” шийдвэрлэсэн.

Г.Н-, түүний хүү Д.О- нар нь Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээ байгуулж миний байрыг шилжүүлсний улмаас Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар Дархан сумын 9 дүгээр баг 2-143 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож намайг болон миний гэр бүлийн гишүүдийг байрнаас гаргуулахаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлээд байна. 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Б-, Г.Н- бид 2-ын дунд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож, дээрх шүүхийн шийдвэрүүдээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу Г.Н-, Д.О- нар болон Худалдаа хөгжлийн банкны Дархан салбартай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас:

С.Б- нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг Г.Н-д худалдаж Г.Н- нь 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээг байгуулан 31.920.000 төгрөгийн зээлийг авсан. Г.Н- нь зээлээ цаг хугацаандаа төлөөгүйн улмаас банк шүүхэд хандаж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 1121 тоот захирамжаар хэргийг шийдвэрлэсэн. С.Б- нь 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан ба энэ нь гурван шатны шүүхээр явж гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон боловч Худалдаа хөгжлийн банкны эрх ашигт нөлөөлөх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Манай банк С.Б-ыг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж 3 шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн. С.Б- нь дээрх тогтоолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулсан ба зээлийн үүргийг барьцааны зүйлээр хангахаар тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсаныг хангаж шийдвэрлэсэн. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч Г.Н-, Н.О- нараас:

2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр С.Б-ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр багийн 2-143 тоот 3 өрөө орон сууцыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Хаан банкны эдийн засагч С.Б-, Б.Гансүх нар нь 2012 оны 07 дугаар сард Д.Одхүүд гялгар уутны үйлдвэрийн бизнест хамтран ажиллах санал тавьж хамтран ажиллахаар болсон. Зээлийн гэрээний дагуу С.Б-ын ордер миний нэр дээр шилжсэн С.Б-ын дансанд Худалдаа хөгжлийн банкнаас 31.920.000 төгрөг орсон. С.Б-, Б.Ганхүү нар нь зээлээ төлөхөө больсон. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдөр С.Б-од Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байрыг чинь өглөө гэдгээ хэлсэн. Тухайн үед зээл төлөх талаар ямар ч арга хэмжээ авахгүй, зээлээ төлөхгүй, харилцан ярилцаж ойлголцохгүй байсан гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ын гаргасан хариуцагч Г.Н-, Д.О-, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч С.Б- давж заалдсан гомдолдоо:

          Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр С.Б-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь С.Б-, Г.Н- нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хэлцлийн үр дагаврыг арилгуулах шинжтэй байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж болно” гэж заасан хуулийн зохицуулалтанд нийцэж байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр С.Б-ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б- Дархан-Уул аймаг, Худалдаа хөгжлийн банк болон Г.Н-, Д.О- нарт холбогдуулан “Худалдаа хөгжлийн банк, Г.Н-, Д.О- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн Дархан сумын 9 дүгээр багт байрлалтай 2-143 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр С.Б-ыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.  

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар нэхэмжлэлийн шаардлагыг урьд нь шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн тайлбар гаргаж, Г.Н-, Н.О- нар нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн баримтыг судлавал:

1.С.Б-, Г.Н- нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөөг орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болох нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 681 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 919 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

2. Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын “Дархан сумын 9 дүгээр баг, 2-р байрны 143 тоот 3 өрөө орон сууцыг С.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоолоор хангасан байна.

3. Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1121 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Н-н үүргийн гүйцэтгэл 36.500.229 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк, Г.Н-, Д.О- нарын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу барьцаа хөрөнгө болсон дээрх орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  тогтоолоор С.Б-ын “Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний  өдрийн 231 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 66 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоол”-ыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Дээрх байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу  нэгэнт тогтоогдсон үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй болно.

Нэхэмжлэгч С.Б- давж заалдсан гомдолдоо хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн байна.

Анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банк, Г.Н-, Д.О- нарын хооронд байгуулагдсан “2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ” нь шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон С.Б-, Г.Н- нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний үндсэн дээр байгуулагдсан, мөн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, энэхүү гэрээний үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд шилжээгүй, ямар нэгэн үр дагавар гаргаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохыг шаардсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 дугаар байрны 143 тоот 3 өрөө маргааны зүйл болсон орон сууцыг барьцаа хөрөнгө болгож зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэн хэлэлцсэн шүүхийн дээрх шийдвэрт дүгнэлт өгөөгүй байна.

Худалдаа хөгжлийн банкны Дархан салбар, Г.Н-, Д.О- нар “2014 оны 09 сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу дээрх орон сууцыг барьцаа хөрөнгө болгож, Худалдаа хөгжлийн банкны Дархан салбараас зээл авсан ба үүргийн гүйцэтгэлийг энэхүү барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1121 дүгээртэй шүүгчийн захирамж гарсан нь барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, уг эд хөрөнгөнд ногдуулсан барьцааны үүрэг хэвээр үлдэх боломжтой.

Хэдийгээр нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрхээ Г.Н-д шилжүүлэхээр  2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл хангагдсан боловч уг хэлцлийн үр дагавар болох С.Б- өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх нь баталгаажаагүй байхад улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцож өмчлөгч Г.Н- нартай байгуулсан Худалдаа хөгжлийн банкны Дархан салбарын зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр, мөн тэдний хооронд байгуулсан өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байх тул С.Б-ыг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь С.Б-, Г.Н- нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулсны үр дагаварт байрны өмчлөх эрхийг бус байрны үнэ болох хохирлыг Г.Н- нарт холбогдуулан нэхэмжлэх эрхтэй бөгөөд ийнхүү нэхэмжлэхэд шүүхийн энэ шийдвэр болон бусад шийдвэрүүд саад болохгүйг тэмдэглэж байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгч С.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ             

                                ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ