Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 01

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 37 дугаар байрны 28 тоотод оршин суух, Батсүхийн Хасархүүгийн нэхэмжлэлтэй, 

             Хариуцагч: Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох, 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын сонгон шалгаруулалтын Комиссын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын “Сонгон шалгаруулалтын дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-аас иргэн Н.Оргилсайханд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах”, “Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/18 дугаарын тушаалын “Насан туршийн боловсролын төвийн захирлын сул ажлын байрны албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай" шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хасархүү, хариуцагч Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Хасархүү шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын албан тушаалын сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлагдсаныг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн цахим хаягаас уншиж, танилцан зарын дагуу холбогдох бүх материалыг бүрдүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтад орсон юм. Гэтэл Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Сонгон шалгаруулах комиссын ахлагч А.Нансалмаа сонгон шалгаруулалтыг төлөвлөх, зохион байгуулах, дүгнэхдээ ашиг сонирхлын ноцтой зөрчил, хууль тогтоомж зөрчсөн шударга бус үйлдлийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

         Сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар: Сонгон шалгаруулах комиссын ахлагч, Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаа нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэн, сонгон шалгаруулалтад надтай өрсөлдөгч, урьд нь Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст удирдлагад нь хамт ажиллаж байсан, эдүгээ аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Оргилсайханыг илт дэмжиж, өндөр оноо өгч ялуулан, албан тушаалд нь хэвээр үлдээхийн тулд шударга бусаар сонгон шалгаруулалтын үнэлгээг хийж, дүгнэсэн гэж үзэж байна. Үүнд:

          Миний сонгон шалгаруулалтад авсан ихэнх шалгалтын үнэлгээ өрсөлдөгчөөс илүү, эсхүл тэнцүү байсан бөгөөд харин "бичгийн шалгалт"-д, оролцогч тус бүрээр байгууллагын удирдлагын тушаалын төсөл төлөвлүүлж, нийт 10 оноо авахаас миний бие 3 оноо, өрсөлдөгч Н.Оргилсайхан 8.5 оноо авсан байв. Улмаар нийт сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд үзүүлэлт бүрээр танилцуулсан оноог нэгтгэн дүгнэж үзэхэд би нийт 71.6 оноо, өрсөлдөгч Н.Оргилсайхан 71.1 оноо авсан боловч миний оноог бууруулан 69.6 оноо авсан хэмээн зарласан юм.

             Сонгон шалгаруулалтад баримталсан “Ажлын байрны тодорхойлолт”-д Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын албан тушаалд нэр дэвшигч “боловсролын хувьд бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх ерөнхий шаардлага” тавигдсан байхад А.Нансалмаа түүнийг үл хэрэгсэн шаардлага хангаагүй, бакалаврын зэрэг эзэмшээгүй Н.Оргилсайханыг зориуд тэнцүүлсэн, үнэлгээ өгсөн нь Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4-р сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 2.1 дэх заалтыг зөрчсөн.

       Иймд “Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын сонгон шалгаруулалтын Комиссын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын "Сонгон шалгаруулалтын дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт"-аас иргэн Н.Оргилсайханд холбогдох дүн, үнэлгээг хүчингүйд тооцох,

            Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/18 дугаарын тушаалын "Насан туршийн боловсролын төвийн захирлын сул ажлын байрны албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай" шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Удирдах ажилтны албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон зохион байгуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдыг 9 төрлийн шалгаруулалтаар үнэлж, дүгнэлт гаргасан. Сонгон шалгаруулалтын бичгийн шалгалт нь удирдах ажилтны зайлшгүй мэдэж байх мэдлэг, чадвар, бичгийн соёлын үзүүлэлт байдаг тул шалгуулагчдад Төрийн үйлчилгээний байгууллагын даргын “Ажилтныг ажилд томилох тухай” тушаал төлөвлөх даалгавар өгсөн бөгөөд Б.Хасархүү нь бичгийн шалгалтад акт үйлдэгдсэн он, сар, өдөр, дугаар үйлдээгүй, Засгийн газрын хүчингүй болсон 2014 оны 322 дугаар тогтоолыг эш үндэс болгосон, төрийн үйлчилгээний байгууллагын захиргааны “тушаах” шийдвэрийг “тогтоох нь” гэж үйлдсэн, үг үсгийн алдаатай, А4 албан бичгийн стандарт алдагдсан зэрэг алдаа гаргасан байсан учраас 3 хүртэлх оноог зохих журмын дагуу өгсөн.

            Нэхэмжлэгч ганцхан миний нэрийг л яриад байна, тухайн шалгалтын комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Сонгон шалгаруулалтын комиссын даргаар намайг өөрийгөө томилсон гэж байна. Өмнөх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Н.Байгалмаа нь мөн сонгон шалгаруулалтын комиссын даргаар өөрийгөө томилж байсан болохоор би өөрийгөө томилсон. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчилгүй гэж мэдэгдээгүй гэж байна. Миний хувьд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ бичсэн. Мөн насан туршийн боловсролын төвийн захирлын сул орон тооны сонгон шалгаруулалтын төслийг Дорнод аймгийн Тамгын газрын даргаар батлуулсан. Яагаад Тамгын газрын даргаар батлуулсан юм бэ гэхээр аймгийн Засаг дарга эзгүй байсан учраас түүний үүргийг орлон гүйцэтгэж байгаа хүнээр батлуулсан. Энэ байдал нь хууль зөрчөөгүй. Насан туршийн боловсролын төвийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлах талаар аймгийн Засаг даргын захирамжаар манай байгууллага зохион байгуулсан.

               Шалгалтад орох өдрийн өглөө удирдах ажилтны албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын дарга, гишүүд бүрэлдэхүүнээрээ байж, шалгалтыг зохион байгуулах дүрэм, журмыг танилцуулсан. Сонгон шалгаруултад хамгийн өндөр оноо авч тэнцсэн Б.Оргилсайханы материалыг журмын дагуу Авилгалтай тэмцэх газарт хянуулахад Авилгалтай тэмцэх газрын 2017 оны 11 сарын 17-ны өдрийн 03/8302 тоот албан бичгээр Б.Оргилсайханыг зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Хасархүүгийн “Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын сонгон шалгаруулалтын Комиссын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын “Сонгон шалгаруулалтын дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-аас иргэн Н.Оргилсайханд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах”, “Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/18 дугаар тушаалын “Насан туршийн боловсролын төвийн захирлын сул ажлын байрны албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай" шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа, мөн Насан туршийн боловсрол төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Оргилсайхан нь Аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дурджээ.

             Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, Батсүхийн Хасархүүгийн “Дорнод аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлын сонгон шалгаруулалтын Комиссын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын “Сонгон шалгаруулалтын дүн, тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-аас иргэн Н.Оргилсайханд холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах”, “Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга А.Нансалмаагийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/18 дугаарын тушаалын “Насан туршийн боловсролын төвийн захирлын сул ажлын байрны албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комисс томилох тухай" захиргааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хасархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хасархүүд олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.АМАРЖАРГАЛ