Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 43

 

 Д.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                      Г.Намуунзул

            Прокурор                                           Л.Мөнхбаяр

            Хохирогчийн өмгөөлөгч                    М.Энхтуяа 

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Ө.Батболд

             Шүүгдэгч                                            Д.Х нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлоор Д.Х-т холбогдох эрүүгийн 201711000170 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овогт ............. Х, Дорнод аймгийн Булган суманд 1983 оны 01 сарын 18-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Д.Х нь согтуугаар 2016 оны 11 сарын 04-ний орой 24 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Ханан булаг” гэх баарны гадна хохирогч О.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн хөлөн тус газарт өшиглөж бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Х-т анхааруулж, эрүүгийн 201711000170 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс гэм хорын хохиролд 2101764 /хоёр сая нэг зуун нэг мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулж, ............ оршин суух, хохирогч О.Э-д олгож, 3723102 /гурван сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч О.Э-д мэдэгдэж, иргэний нэхэмжлэлээс 304998 /гурван зуун дөрвөн мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Х-ын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Ирээдүйн 02-27 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 06 сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: Би Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тус шүүхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Х-т холбогдох хэргийг хуулийг буцаан хэрэглэж ашигтай нөхцөл байдлаар шийдвэрлээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Х нь Г.Э-той ямар нэгэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж муудалцаагүй байх ба бие биенээ мэдэх хүмүүсийн хүрээнд барилдаж нэгэндээ гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байхад энэ үйл баримтыг хоорондоо зодолдсон муудалцсан мэтээр хууль зүйн дүгнэлт хийж ял халдааж байгаа нь ойлгомжгүй байна.

Гэрч Д нь хавсрах үйлдлийг янз бүрээр тайлбарлаж байдаг, мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүйг анхаарах нь зүйтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байх ба Д.Х-ын үйлдэл нь тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан хор уршиг гэм буруугүйгээр учруулах тухай ойлголт юм. Хор уршиг гэм буруугүйгээр учруулахын оюун санааны шинж нь субъект нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан, мөн түүнчлэн мэдэх ёсгүй /үүрэггүй/ байсан зэрэг асуудал хамаарах юм.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч О.Э, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Ялтны өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан гомдолтой танилцлаа. Гомдлыг зөвшөөрөхгүй байна. Тэрээр гэм буруугүйгээр гэм хор учруулсан гэж маргаж байгаа ба хэрэгт авагдсан нотлох баримт гэрч, хохирогчийн мэдүүлгээр Хатанбаатар, Эрдэнэтогтохыг согтуурхан дээрэлхэж санаатайгаар гэмтэл учруулсан байдаг. Хохирогч залуу хүн болохоор анх эмнэлэгт очоод цагдаа шүүх болоод бөөн асуудал болно түвэгтэй гэж бодсоноор зодолдоогүй унасан гэж хэлсэн. Үүнийг нь ашиглаад цагдаа шүүх гээд яахав эмчилгээний зардлыг чинь төлнө гэж гуйсан болохоор барьцалдаад унаад хугалсан гэдгийг ашиглаж, хууль ёсны дагуу хүлээвэл зохих хариуцлагаас мултарч ял завших гэж оролдож байна. ...Би хэнийг ч гүтгээгүй, би бөх барилддаггүй. Тусламж үзүүлэхгүй, сэтгэл гаргахгүй байгаад үнэхээр гомдолтой байна. Гаргасан гомдлыг эсэргүүцэж байна. Шударга шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү. Би хохирлоо авмаар байна. Дахин би эмнэлэгт очиж хагалгаанд орно шүү дээ гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

  Шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2016 оны 11 сарын 04-ний орой 24 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Ханан булаг” гэх баарны гадна хохирогч О.Э-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний биеийн хөлөн тус газарт өшиглөж бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-Хохирогч О.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...“Ханан булаг” ресторанаас гарч явж байгаад Элбэгжаргал гэх таньдаг залуутай таараад гар барьсан. Гар бариад эргэхэд Хатнаа гэх залуутай шүргэлцсэн. “Яагаад мөрөөрөө явж байхад шүргээд байгаа юм бэ” гэхэд, шүүгдэгч  “яадаг юм, пизда минь” гэж хараагаад байсан.  Бид жаахан цааш болоход намайг барьж аваад хавсраад унагаасан. Газар унахад миний хөл “тас” гээд дуугарсан. ...” гэх мэдүүлэг,

-Гэрч Ц.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хүн /Х/ “Ланд 80” машинаас бууж ирээд Э-той өөд өөдөөсөө хараад юм ярьж байснаа хэсэг хугацаанд барьцалдсан. Тэгээд Эрдэнэтогтохыг хавсарч унагасан.” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Намайг өөр тийшээ хараад эргээд харахад Тогтохоо газар ойччихсон, Х цаашаа явж байсан.” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “…Д надад хэлэхдээ танай найз Эрдэнэтогтохыг гадаа хүн хавсарч унагаагаад босох гэхэд нь дээр нь өвдөглөөд тэгснээ машинд суугаад явчихлаа би тэр хүнд наад хүнээ босгооч гэж хэлэхэд наадах чинь баашилж байгаа юм гэж хэлээд явчихсан гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг,

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 10-ны өдрийн 195 тоотын: “...О.Э-ын биед учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны мушгирсан хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх 43/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд “…шүүгдэгч Д.Х-ыг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэж давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримт тухайлбал хохирогч О.Эрдэнэтогтохын мэдүүлэг, хэрэг үйлдэгдсэн байдлыг харсан гэрч Ц.Д-ын мэдүүлэг, “Ханан булаг” рестораны гадаа хохирогчтой уулзсан гэрч Х.Э-ын мэдүүлэг, хохирогчтой хамт явсан гэрч Д.М-ы мэдүүлэг болон бусад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нь хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадан ажил хийлгэх ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэг, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын “… 500 /таван зуу/ цаг …” гэснийг, “…450 /дөрвөн зуун тавь/ цаг …”  гэж тус тус өөрчлөн, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Л.НАРАНБАЯР

                             ШҮҮГЧИД                                       Б.ДЭНСМАА

                                                                                     Ж.ДОЛГОРМАА