Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0303

 

  

“С х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу С х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр:

“...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын “С х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт “Аялал жуулчлалын” зориулалтаар газар ашиглах эрх олгож, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2015/87 тоот гэрчилгээг мөн “Аялал, жуулчлалын” зориулалтаар олгосон байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно ...” гэж, 22.2.1-т “...онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих , газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, Чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно...” гэж, 22.6-д “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-д заасан дэглэм зөрчихийг хориглоно...” гэж, 22.4-д “... Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно...”.

Мөн Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.3-д “Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно” гэж зааж өгсөн бөгөөд 2.3.4-д “...хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 50 метрээс доошгүй зайд...” гэж мөн журмын 2.6-д “Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно” гэж заасан бөгөөд 2.6.1-д “...Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд ...” гэж 2.6.2-т “ ...Нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 500 метр хүртэлх зайд...” гэж тогтоож өгсөн. Мөн журмын 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж мөн журмын 3.9.11-д “...орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах...”, гэж 3.9.12-д “...газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох...” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна.

Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүстэй давхцалтай нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын, болон тэжээгдлийн бүс”-тэй давхцалтай нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2897 тоот лавлагаагаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “...Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан.

Үүнийг шүүх судалж үзээгүй ба хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар “С х” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 1,53 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар олгож байжээ.

Улмаар тус газар ашиглах эрхийг “Усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас модыг сүйтгэж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчсөн” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгээр дуусгавар болгосон тул “С х” ХХК эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргасанд анхан шатны шүүх “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Усны тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хууль тогтоомжийн зорилгод нийцэж олгогдсон газар ашиглах эрхийг дуусгавар болгосон...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” гэж зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хуулиар хориглосон байна.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “...Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, Чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гээд 3.9.11-д “орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах”, 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж тус тус зааснаар усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуй нэгжид аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/2897 тоот лавлагаагаар маргаан бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дугаар хавсралтаар батлагдсан усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай болохыг тогтоосон ба энэ талаарх маргааныг тусгаарлан шийдвэрлэхээр захирамжилсан байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаагаар маргаан бүхий газар нь голын эргээс 30 метр зайд байрлах ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын, болон тэжээгдлийн бүс”-ийн энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчны сайдын 2018 оны А/02/01 тушаалаар баталсан тэжээгдлийн мужид хамаарч байгааг сансрын зургаар баталгаажуулан ирүүлснээс үзвэл нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх бүхий газар нь усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын болон тэжээгдлийн бүсийн энгийн хамгаалалтын бүстэй тус тус давхцалтай болох нь нотлогдож байна.

Ийнхүү Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар “С х” ХХК-д газар олгосон үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл байх тул хариуцагч маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/164 дүгээр тушаалын 1 дэх заалтын холбогдох хэсгийг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзлээ.

Учир нь Усны тухай хууль нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан улмаар иргэд, хүн амын эрүүл аюулгүй амьдралын үндэс болсон усны эх тэжээгдлийг хамгаалах зорилготой байх ба уг хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчиж газар олгох хууль зүйн үндэслэлгүй учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэл бүхий байна.

Нөгөөтэйгүүр уг газарт нэхэмжлэгчээс “байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг үндэслэлээр цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй, байгалийн унаган төрхийг засаж сайжруулах үйл ажиллагаа явуулна” хэмээн тайлбарлаж байх боловч тухайн газарт дахин аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй тул нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй байгааг дурдах нь зүйтэй

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА