Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1171

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04904 1558 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н.С, Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, хувиараа бэлэн хувцасны наймаа эрхэлдэг, ам бүл гурав, эх, эгч нарын хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, гурван жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КФС” түргэн хоолны газрын гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.А-тай “баар луу явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгойн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдаптайгаар хүний эруүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Н.С нь 2019 оны 09 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газрын гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.А-тай “явуулахгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар толгой руу нь гараараа цохиж, түүний бие махбодод “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Харин торгуул төлөх хугацааг боломжит урь хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С гэртээ харъя гэхээр нь би найзтайгаа бааранд орно гэснээс болж маргалдсан юм. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад 1 дүгээр хорооллын КФС хоолны газрын гадаа ирээд таксинаас бууцгаасан. Таксинаас буугаад Э бид хоёр бааранд орно гэхэд С бид хоёр харилаа, чи өөрөө яв гэж Э-д хэлсэн. С уурлаад явъя гээд намайг авч явах гэхэд би явахгүй гэж хэлээд бид хоёр зууралдсан. Тэгтэл С миний нүүр лүү алгадсан. Миний зүүн талын нүд харанхуйлаад л явчихсан бөгөөд би уйлаад доошоо суугаад байж байтал цагдаа ирсэн байсан. С миний зүүн нүд рүү нэг удаа алгадсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас);

3. Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...манай төрсөн дүү А надтай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны шөнө утсаар яриад намайг ирж аваач гэхээр би хэн зодсон талаар асуухад С гэж хэлсэн. Тэгэхээр би такси бариад 1-р хороолол КFС-ийн хажууд яваад очсон чинь цагдаа нар ирчихсэн. А-ийн үс сэгсийж нүд нь хөхөрсөн хавдсан байдалтай байсан, цагдаа нар дүүг хамт авч явна гэхээр явахгүй гэж маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 11242 дугаартай: “...А.А-ийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 2019.09.13-нд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23 дугаар хуудас);

5. Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 37-43 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Н.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 46 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 59 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (62-63 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уурлаад явъя гэхэд үгэнд орохгүй, урдаас хөөж туугаад доромжлоод байсан учир уурласандаа тэсэхгүй нүүрэнд нь гарынхаа алганы арын хэсгээр цохисон юм. Би түүнээс уучлалт гуйгаад бид хоёр эвлэрээд одоо тус тусын мөрөөр явъя гэж ярилцаж тохироод тусдаа амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 264 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Н.С, хохирогч А.А нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Н.С нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.С-д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч А.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу есөн зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Н.С-ыг Эрүүгийн хуулийн тустай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.С-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА