| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00489/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 554
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар М.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1965 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 31 дүгээр байрны 52 тоотод оршин суух, 7 хорооны хэсгийн ахлагч ажилтай,
Мангууд овгийн Маналын Оюунгэрэл
регистрийн дугаар:МЮ- 65051101
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: М.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие анх 1981 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын номын худалдааны дэлгүүрт үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллаж байгаад 1985 оны 03 дугаар сарын 07-нд охин Ариунтуяаг төрүүлж жирэмсний амралтаа аваад 1985 оны 05 дугаар сард эргэж ажилдаа ороод 1985 оны 10-р сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэр бичиг баримтаа Улаанбаатар хотод алдсан. Тухайн үед надтай хамт номын дэлгүүрт худалдагчаар П.Уранчимэг, С.Чулуунцэцэг няраваар, Ж.Цэгмид худалдагчаар цуг тус бүр ажиллаж байсан. Иймд намайг 1981 оны 6 дугаар сараас 1985 оны 10 сар хүртэл номын дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: М.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Намайг 16 настай байхад аав минь таньдаг хүнээрээ дамжуулан 1981 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын номын худалдааны дэлгүүрт үйлчлэгчээр ажилд оруулсан. Ажиллаж байгаад би 1985 оны 3 сард охиноо төрүүлээд эргээд 5 сард ажилдаа орсон боловч охины минь бие муу байсан тул хот руу явж эмчлүүлэх шаардлагатай болж би 1985 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тухайн үед би 16 настай хүүхэд байсан болохоор тушаал шийдвэр гарч байсан, мөн надад үйлдвэрчний эвлэлийн батлах, хөдөлмөрийн дэвтэр нээгдсэн эсэх талаар сайн мэдэхгүй байна. Би аймгийн архивын газраас лавлагаа авахад баримт олдоогүй. Надад холбогдох материал болон хамт ажиллаж байсан хүмүүсийн баримтууд ч Сэлэнгийн долгио чуулгад хадгалагдаж байгаад шатсан. Иймд тэр үед надтай хамт ажиллаж байсан хүмүүстэй хамт авахуулсан
зураг,гэрчүүдийн мэдүүлэг зэргийн үндэслэн намайг ажиллаж байсныг тогтоолгохыг хүсч байна...гэв.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч М.Оюунгэрэл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын номын худалдааны дэлгүүрт ажиллаж үйлчлэгчээр ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул тухайн байгууллагуудад ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Номын худалдааны дэлгүүр нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Соёлын хэлтсийн харъяа байгууллага байсан бөгөөд Соёлын хэлтсийн архивт хадгалагдаж байсан бичиг баримт нь 2002 онд Соёл мэдээлэлийн төвийн /Сэлэнгийн долгио чуулга/ байранд гал гарах үед шатаж устсан тул ажилласан байдлыг тогтоолгох шаардлага гарсан байна.
Нэхэмжлэгч М.Оюунгэрэл нь 1981 онд Сэлэнгэ аймгийн номын худалдааны дэлгүүрт үйлчлэгчээр ажилд орж, 1985 оны 10 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх П.Уранчимэг, С.Чулуунцэцэг, Ж.Цэгмэд нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг, 1981-1985 онуудад тухайн байгууллагын хамт олонтой авахуулсан гэрэг зураг зэрэг бусад баримтуудаар нотлогдож байна.
Иймд Мангууд овгийн Маналын Оюунгэрэлийг Сэлэнгэ аймгийн Соёлын хэлтсийн харьяа Номын худалдааны дэлгүүрт 1981 оны 06 сараас 1985 оны 10 сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мангууд овгийн Маналын Оюунгэрэлийг Сэлэнгэ аймгийн Соёлын хэлтсийн харъяа Номын худалдааны дэлгүүрт 1981 оны 06 дугаар сараас 1985 оны 10 дугаар сар хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ