Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1364

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Т-ийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0048 90397 дугаартай, нэг хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т-ийн Л Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр гудамжны .... тоотод оршин суудаг гэх боловч уг хаягтаа оршин суудаггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон,

2. Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

3. Өвөрхангай аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар  баривчлах ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 1 дүгээр гудамжны 110-Б тоот дахь иргэн Ц.Одонтуяагийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л-оос: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0048 90397 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“... Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 110-Б тоот гэх ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хүрэн бор өнгийн хаалгатай, модон хашаа байв. ...Дуудлага өгсөн Одонтуяа гэх эмэгтэй гэрийн хойд хэсэгт байх цагаан өнгийн шаргал тавцантай тавиур дээр 42 инчийн Samsung загварын LED зурагт байсан гэх газарт №01 дугаар тавьж гэрэл зургийн аргаар баримтжуулж, тухайн газраас ул мөр бэхжүүлэн авахаар нунтаг бодис ашиглан 2 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авав. Мөн гэрийн баруун талын ногоон дээр улаан цэцэгтэй даавуу мэт зүйлээр бүтээсэн орон дээрээс Монгол гэрийн хаалга цоожилсон байсан гэх төмөр мэт саарал өнгөтэй цоожийг №02 дугаараар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар тал),

 

 

 

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд:

“... Үзлэг хийлгэж буй Төмөрхуяг овогтой Л /ЗА86032616/ нь ягаан өнгийн даавуун дээл, шар өнгийн даавуун бүс, шар өнгийн биеийн тамирын цамц, хар өнгийн даавуун фудволк, хар хөх өнгийн даавуун өмд, хар өнгийн суран тэлээтэй ...байлаа. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18 дугаар тал),

 

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1502 ГСА улсын дугаартай саарал өнгийн “Эстима” загварын автомашин нь гаднаасаа бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй харагдах ба ...хэрэгт ач холбогдол бүхий зүйл олдоогүй. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дүгээр тал),

 

4. Т.Л-оос 42 инчийн нэг ширхэг зурагт хураан авч, хохирогч Т.Одонтуяад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар тал),

 

5.  2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын Сонор” ХХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн:

“... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны 16 цаг 32 минут 30 секундэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд саарал өнгийн “Эстима” загварын автомашин орж ирсэн, уг автомашин нь 16 цаг 32 минут 38 секундэд уг гудамжнаас гарч явсан. ...Тус өдрийн 16 цаг 40 минут 12 секундэд дээр дурьдсан саарал өнгийн “Эстима” загварын автомашин буцаад уг гудамжинд орж ирсэн. ...16 цаг 40 минут 24 секундэд уг автомашинаас саарал өнгийн дээл өмссөн, 180-185 см орчим өндөртэй, эрэгтэй хүн бууж ирээд хашаа даган алхаж байгаад 16 цаг 41 минут 02 секундэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-110-Б тоот хашааны завсраар харж байгааг харуулав.

16 цаг 41 минут 26 секундэд уг саарал дээлтэй хүн тухайн хашаа руу чиглэн алхаж, 16 цаг 42 минут 10 секундэд уг этгээд хашааны зүүн булангаар тойрч хашааны урд хаалгаар хашаанд байрлах монгол гэрт орж байгааг харуулав.

16 цаг 43 минут 21 секундэд хашаанд байрлах гэрээс баруун сугандаа зурагт тэврэн гарч, 16 цаг 43 минут 48 секундэд хашаанаас гарч, хашааг даган алхаж байгаад 16 цаг 44 минут 23 секундэд дээр дурдсан саарал дээлтэй хүн саарал өнгийн “Эстима” загварын автомашин руу чиглэж 16 цаг 44 минут 34 секундэд “Эстима” загварын автомашины хажуугаар зөрж өнгөрөн алхаж байгааг харуулав. 16 цаг 45 минут 50 секундэд “Эстима” загварын автомашин буцаад уг гудамжаар эргэн явж, 16 цаг 46 минут 53 секундэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-110Б тоот хашаанаас уг саарал дээлтэй хүн гарч дээр дурдсан саарал өнгийн “Эстима” загварын автомашинд сууж байгааг харуулав. ...” гэсэн хэсэг (хавтаст хэргийн 28-35 дугаар тал),

 

6. Хохирогч Т.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн орчим гэрээсээ гараад орой 20 цаг 50 минутын үед ирэхэд гэрийн хаалга цоожгүй байсан. Орж ирээд гэрлээ асаатал гэрийн хойморт байсан зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагтыг 2018 оны 12 дугаар сард 420.000 төгрөгөөр худалдаж авсан, авсан үнээрээ үнэлж байна. Тухайн зурагт нь хар өнгийн “Самсунг” брэндийн 42 инчийн зурагт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

 

7. Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “... Би Л гэх хүнийг танихгүй. Тухайн үед манай гэрээс 42 инчийн зурагтнаас өөр эд зүйл алдагдаагүй. Манай гэрийн урд айлын эмэгтэй гэрээс зурагт хулгай хийсэн хүний царай, машины дугаарыг харсан байсан. Тэгээд цагдаад хэлээд алдагдсан зурагтыг олж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

8. Гэрч Ч.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:

“... Би 1502 ГСА улсын дугаартай саарал өнгийн “Эстима” маркийн автомашиныг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дотоодын цэрэгт ажилладаг нэг залуугаас 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн ажил болох Дарь эхэд байрлах “Эстима” засварын газар байж байхад манай эхнэрийн дүү Тэгшжаргал над дээр ирээд “ахаа машинаа түр өгөөч” гэж хэлээд миний машиныг аваад явсан. 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим миний автомашиныг манайд авчирч өгсөн. Манай дүү Төв аймгийн Аргалант суманд амьдардаг нэг найзтайгаа ирсэн, тэр залуу нь хар өнгийн богино эрэгтэй куртик өмссөн байсан. Миний машиныг авч явахдаа бор өнгийн дээл өмссөн нэг залуутай хамт явсан. Тэр залууг би 2-3 удаа харж байсан, дүүтэй өнгөрсөн өвлөөс хойш найзалж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

 

9. Гэрч А.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн “... Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүргэн ах Мөнхбатаас 1502 ГСА улсын дугаартай саарал өнгийн “Эстима” загварын автомашиныг аваад ганц хоёр хоног ойр зуурын ажлаа амжуулсан. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим манай гэрт Лхагваа ирээд “хоёулаа манай дүүгийнх рүү юманд яваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчим руу 1502 ГСА улсын дугаартай автомашинаар Лхагваа урд суудалд суугаад явсан. Лхагваа Тахилтын сургуулийн тэр хавийн гэр хороолол руу явж байгаад нэг модон хашаатай айлын гадна зогсоод машинаас буухаар нь машинаа гудамжны үзүүр хэсэгт эргүүлээд буцаад нөгөө Лхагваагийн буусан газар руу чиглээд явж байтал Лхагваа хашааны булан эргээд сугандаа бараан өнгийн алчуураар боосон зурагт тэврээд гараад ирсэн. Би тэвэрчихсэн зүйлийг эхэндээ зурагт гэж хараагүй. Машинд суусны дараа Лхагваа  нөгөө зурагтаа машины ард суудалд тавихад зурагтын булан харагдаж байсан. Ингээд бид хоёр тэндээс төв замаар явсаар байгаад хорооллын эцэст ирээд Лхагваа надад бензиний мөнгө гэж 20.000 төгрөг өгч, зурагтаа тэврээд буусан. Лхагвааг 2013 оноос таньдаг болсон. Би Лхагвааг хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Дүүгийнх рүү нь хамт яваад ирье гэхээр нь явсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

-2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 22-ны үдээс хойш 15-16 цагийн орчимд Т.Л манай гэрт ирсэн. “Бензинийг чинь хийгээд өгье, Тахилтад байх дүүгийнхээ гэрээс очоод юм аваад ирье” гэсэн. Тэр үед би хүргэн ах Батаагийн 1502 ГСА улсын дугаартай “Тоёота Эстима” загварын автомашиныг түр гуйж барьж байсан. Т.Л-ын гуйлтыг зөвшөөрөөд бид хоёр хамт явсан. Тахилтад ирээд нэг сургуулийн хойд талаар гараад чигээрээ урагшаа эргээд оччихсон юм. Л надад зам зааж өгөөд нэг хашааны үүдэнд зогссон ба “намайг гарч ирэхэд эргээд зогсчихоорой” гэж хэлээд Л орсон. Тэгээд би буцаж эргээд нөгөө зогссон газраа хүлээгээд байж байтал Л нөгөө хашаанаас алчууранд боосон зурагт барьж гарч ирээд миний машинд хийсэн. Тэгээд явъя гээд чигээрээ явсаар байгаад “Өргөө” дээр зурагтаа аваад буусан. Надад бензин хийгээрэй гэж 20.000 төгрөг өгсөн. Тэр өдөр Л цагаан саарал өнгийн дээл өмссөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

 

10. Шүүгдэгч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “... Би энэ хэргийг үйлдээгүй. Лхаагаа гэх хүнээс зурагт худалдан авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дүгээр тал),

 

11. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 053 дугаартай “...хуучин хэрэглэж байсан 42 инчийн зурагтын үнийг 420.000 төгрөгөөр тогтоосон...” тухай үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 76 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

12. Гэрч Д.Догоодоржийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн “... Төмөрхуяг овогтой Л нь миний төрсөн хүү байгаа юм. Т.Л нь багаасаа сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр тал),

 

13. Шүүгдэгч Т.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 115-144, 164-165 дугаар тал) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Л-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Т.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 1 дүгээр гудамжны 110Б тоот иргэн Ц.Одонтуяагийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас: “шүүгдэгч Л нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөр мэдүүлэг өгсөн ч шүүхийн хэлэлцүүлэгт үнэн зөвөөр хэргээ хүлээж, гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Т.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэмт буруугийн талаар маргаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Л-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Т.Л нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 110-Б тоот дахь иргэн Ц.Одонтуяагийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтрэн 42 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч Т.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20 цаг 50 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожгүй, ...гэрийн хойморт байсан зурагт хулгайд алдагдсан байсан. ...хар өнгийн Самсунг брэндийн 42 инчийн зурагт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

-гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай гэрээс 42 инчийн зурагтнаас өөр эд зүйл алдагдаагүй. Манай гэрийн урд айлын эмэгтэй гэрээс зурагт хулгай хийсэн хүний царай болон машины дугаарыг харсан байсан. Тэгээд цагдаад хэлээд алдагдсан зурагтыг олж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-гэрч А.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүргэн ах Мөнхбатаас 1502 ГСА улсын дугаартай саарал өнгийн “Эстима” загварын автомашиныг авсан юм.  2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим манай гэрт Лхагваа ирээд “хоёулаа манай дүүгийнх рүү юманд яваад ирье” гэж хэлээд намайг дагуулаад бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт орчим руу 1502 ГСА улсын дугаартай автомашинаар Лхагваа урд суудалд суугаад явсан. Лхагваа Тахилтын сургуулийн гэр хороолол руу явж байгаад нэг модон хашаатай айлын гадна зогсоод машинаас буусан. Машинаа гудамжны үзүүр хэсэгт эргүүлээд буцаад нөгөө Лхагваагийн буусан газар руу чиглээд явж байтал Лхагваа хашааны булан эргээд сугандаа бараан өнгийн алчуураар боосон зурагт тэврээд гараад ирсэн. ...Машинд суусны дараа Лхагваа  нөгөө зурагтаа машины ард суудалд тавихад зурагтын булан харагдаж байсан. ...Лхагваа ...зурагтаа тэврээд буусан. ...Дүүгийнх рүү нь хамт яваад ирье гэхээр нь явсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр тал),

-2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн “...Л надад зам зааж өгөөд нэг хашааны үүдэнд зогссон, “намайг гарч ирэхэд эргээд зогсчихоорой” гэж хэлээд орсон юм. Тэгээд би буцаж эргээд нөгөө зогссон газраа хүлээгээд байж байтал Л нөгөө хашаанаас алчууранд боосон зурагт барьж гарч ирээд миний машинд хийсэн. ...Өргөө дээр зурагтаа аваад буусан. Тэр өдөр Л цагаан саарал өнгийн дээл өмссөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дугаар тал),

-гэрч Ч.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай эхнэрийн дүү Тэгшжаргал над дээр ирээд “ахаа машинаа түр өгөөч” гэж хэлээд миний машиныг аваад явсан. ...Миний машиныг авч явахдаа бор өнгийн дээл өмссөн нэг залуутай хамт явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал), 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Талын Сонор” ХХК-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-35 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-12 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-18 дугаар тал), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 76 дугаар тал), эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Л нь “Лхаагаа гэх хүнээс уг зурагтыг худалдан авсан” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зурагтыг ганцаараа хулгайлсан, өөр хүн оролцоогүй гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй.

Хэрэгт авагдсан “Талын Сонор” ХХК-ний камерын бичлэгээр “2019 оны 01 дүгээр сарын 22-ны 16 цаг 32 минут 30 секундэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжинд саарал өнгийн “Эстима” загварын автомашин орж ирсэн,

16 цаг 40 минут 24 секундэд уг автомашинаас саарал өнгийн дээл өмссөн, 180-185 см орчим өндөртэй, эрэгтэй хүн бууж ирээд хашаа даган алхаж байгаа,  

-16 цаг 41 минут 02 секундэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-110-Б тоот хашааны завсраар харж байгаа,

-16 цаг 41 минут 26 секундэд саарал дээлтэй хүн тухайн хашаа руу чиглэн алхаж,

-16 цаг 42 минут 10 секундэд уг этгээд хашааны зүүн булангаар тойрч хашааны урд хаалгаар хашаанд байрлах монгол гэрт орж байгаа,

-16 цаг 43 минут 21 секундэд хашаанд байрлах гэрээс баруун сугандаа зурагт тэврэн гарч, 16 цаг 43 минут 48 секундэд хашаанаас гарч, хашааг даган алхаж байгаа,

-16 цаг 46 минут 53 секундэд саарал дээлтэй хүн саарал өнгийн “Эстима” загварын автомашинд сууж байгааг харуулсан. ...” бичлэг (хавтаст хэргийн 28-35 дугаар тал) авагдсан. Мөн гэрч А.Тэгшжаргал, Ч.Мөнхбат нараас тухайн дээлтэй хүн нь Т.Л болох талаар мэдүүлсэн, түүнчлэн Т.Л-ын хэлсэн газар буюу дүүгийндээ очно гэснээр түүнийг Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 1 дүгээр гудамжны 110-Б тоотод хүргэж өгсөн талаар гэрч А.Тэгшжаргал мэдүүлсэн мэдүүлэг болон бусад эх сурвалж баримтаар шүүгдэгч Т.Л-ын үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон болно.

 

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр гэх зэргийг хамааруулан ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Т.Л нь мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр хүн байнга амьдрах монгол гэрт буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь тогтоогджээ.

Харин тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.Л нь 1502 ГСА улсын дугаартай саарал өнгийн “Эстима” загварын тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хүрсэн байх боловч уг машиныг жолоодон явсан А.Тэгшжаргалд дүүгийнхээ гэрт очих гэж байгаа гэж хэлсэн, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хулгайлж буйг автомашиныг жолоодон явсан гэрч А.Тэгшжаргал нь мэдээгүй байх тул уг хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэж үзээгүй болно.

Иймд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Л-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Л нь хохирогчийн гэрээс авсан зурагтыг хохирогч Т.Одонтуяад биетээр нь буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих  ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл хэсгийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү гэж байгаа боловч шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй байгаа байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа дүгнэлтдээ “шүүгдэгч нь учирсан хохирол төлбөрийг төлсөн, хохирлын хэмжээ бага, мөн хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, гэм буруугийн талаар маргахгүй” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл хэсгийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг шүүгдэгчид оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Л нь урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Л-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 3 сарын  хугацаагаар хорих ял  шийтгэж, түүний удаа дараа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх талаар заасан ба, уг зүйлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид дээрх заалтыг хэрэглэх эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэхээр хуульд зохицуулсан. Иймд шүүгдэгч Т.Л-ын хувийн байдлыг харгалзан түүнд энэхүү хуулийн заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

4.Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-ын 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон 26 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Талын Сонор” ХХК-ний 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.  

Тус эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байх боловч шүүгдэгч Т.Л нь шүүхийн шатанд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан ба, түүнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, тус хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Т-ийн Л-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Л-ыг 3 (гурав) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Л-ын 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл  цагдан хоригдсон 26 (хорин зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-т оногдуулсан 3 (гурав) жил 3 (гурав)  сарын  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Л-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч Ц.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Талын Сонор” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хяналтын камерын дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА