Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 555

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх  хуралдаанаар Т.Батбаярын нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

           Шүүх  хуралдаанд:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1954 онд төрсөн, дээд боловсролтой, уул, уурхайн инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 1 дүгээр байрны 17 тоотод оршин суух, тэтгэвэрт байдаг                                      

                                       Сайнхүү овгийн Тогтохын Батбаяр            

                                       регистрийн  дугаар: МЬ- 54063010

 

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг  нар  оролцов.

                                            

                                                             Тодорхойлох нь:

        Нэхэмжлэгч: Т.Батбаяр  шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Миний бие анх 1973 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс “Толгойт”-ын алтны үйлдвэрт эксковаторын туслах машинчаар ажиллаж байгаад 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаат цэргийн алба хаасан.

            1977 оны 06 дугаар сарын 25-наас 1985 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл “Толгойт”-ын алтны үйлдвэрт туслах машинч, хөрс хуулалт, уулын бэлтгэл малталтын хэсэгт хуулах эксковатарын туслах машинчаар тус тус ажилласан.  Дээрх ажлуудын орсон, гарсан тушаал хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тушаалын хуулбар нь надад байхгүй байна. Тухайн үед би өөрөө аваагүй юм. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тушаалын хуулбар шаардлагатай юм байна. Аймгийн архивт “Толгойт”-ын алтны үйлдвэрийн баримт байхгүй байна. Иймд дээрх хугацаанд ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү! гэжээ.

 

           Нэхэмжлэгч: Т.Батбаяр  шүүх  хуралдаанд  гаргасан тайлбартаа:

        .. Би 1973 оны 06 дугаар сараас  1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл явуулж байсан Монгол, Оросын хамтарсан “Монголсовцветмет” үйлдвэрийн харъяа “Толгойт”-ын алтны уурхайд ажиллаж байсан жилийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь “Толгойт”-ын уурхай татан буугдах үед бичиг баримт нь аймгийн нэгдсэн архивт ирээгүй,  байхгүй байна гэж хэлсэн. Нийгмийн даатгалын газар энэ талаарх бичиг баримтууд байхгүй бол намайг “шүүхээр ажилласан байдлаа тогтоолго” гэж хэлсэн. Иймд намайг 1973 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Толгойтын алтын уурхайд эксковатарын машинчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэсэн нэхэмжлэл гаргасан.

          Би алтны уурхайд ажиллаж байгаад цэрэгт татагдан явсан. Цэргийн алба хаагаад 1977 онд халагдаж ирээд буцаж үйлдвэртээ ажиллаж байгаад 1985 онд шилжсэн юм.    

          Үйлдвэрт ажиллаж байхдаа хөрс хуулалт, уулын бэлтгэл малталтын хэсэг машинчаар ажиллаж байсан энэ тушаал шийдвэрүүд маань бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, тамга, тэмдэг нь бүрэн баталгаажсан байгаа юм. Харин үйлдвэрийн баримтууд архив ирээгүй байгаа юм... гэв.

 

                       Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                             Үндэслэх нь:

 

            Нэхэмжлэгч Т.Батбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байсан “Толгойт”-ын алтны уурхайд 1973-1974, 1977-1985 онуудад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэрүүд олдохгүй байгаа тул тухайн байгууллагуудад ажиллаж байсан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ.

          Нэхэмжлэгч Т.Батбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө  сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байсан Монгол, Оросын хамтарсан “Монголсовцветмет” нэгдлийн харъяа “Толгойт”-ын алтны үйлдвэрт 1973 оны 04 дүгээр сарын 10-наас  1974 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд явсан, цэргийн албанаас халагдаж ирээд 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл эксковаторын машинчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1973 оны 05 дугаар сарын 24-нд “Монголсовцветмет” нэгдлийн харъяа “Толгойт”-ын алтны үйлдвэрийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдэж, тухай байгууллагын тамга дарагдаж баталгаажсан “Толгойт”-ын алтны үйлдвэрийн даргын  1973 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн № 06 дугаар тушаалын “Толгойтын Алтны үйлдвэрт эксковаторын туслах машинчаар авч ажиллуулав”, 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №39 дугаар “Ардын цэрэгт татагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн № 3484 дугаар “ Алтны үйлдвэрт эксковаторын туслах машинчаар авч ажиллуулав”, 1982 оны 09 дүгээр сарын 01-ний  өдрийн №207 дугаар  “Эксковаторын машинчаар авч ажиллуулав”, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №520 дугаартай “Өөр ажилд шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэх тушаалуудын бичилт болон тус байгуулагад ажиллаж байх үеийн нь гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх Т.Миша, Б.Рэнцэнханд, П.Чулуунбаатар нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.   

          Иймд Сайнхүү овгийн Тогтохын Батбаярыг “Монголсовцветмет” нэгдлийн харъяа “Толгойт”-ын алтны үйлдвэрт 1973 оны 04 дүгээр сарын 10-наас  1974 оны 06-р сарын 10-ныг хүртэл,  1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл эксковаторын туслах машинч, машинчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сайнхүү овгийн Тогтохын Батбаярыг “Монголсовцветмет” нэгдлийн харъяа Толгойтын алтны үйлдвэрт 1973 оны 04 дүгээр сарын 10-наас  1974 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл,  1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 28-ныг хүртэл эксковаторын туслах машинч, машинчаар тус тус ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ