Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 862

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,

улсын яллагч Ж.О,

шүүгдэгч, хохирогч Э.Д,

шүүгдэгч, хохирогч И.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.Д, А овогт И.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0327 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, хохирогч нарын биеийн байцаалт:

1. Б овогт Э.Д, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Архуст суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Хангайн дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧА00000000,

2. А овогт И.Д, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, “Ш.Н” ХХК-нд угаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Хангайн дүгээр гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЩ00000000,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч И.Д нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Хангайн тоотод Э.Д-тэй маргалдсаны улмаас толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Хангайн тоотод И.Д-тэй маргалдсаны улмаас гараараа баруун нүд орчим цохиж эрүүл мандад хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч, хохирогч И.Д: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Э.Д: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

I. Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэртээ... 0.5 литрийн тал шил архи ганцаараа уусан. Тэгээд... гэрийнхээ цонхоор арын хашааны Ц-г дуудсан. Ц манай гэрт Д гэх залуутай хамт орж ирэхдээ 0.75 литрийн тал шил архитай орж ирсэн. Бид гурав архиа хувааж уугаад сууж байхад...Ц манай гэрээс гараад явсан. Тэгтэл Д над руу агсраад...хэл амаар доромжлоод байхаар нь түүнийг ...гар гэж хэлээд гэрээсээ хөөж гаргасан. Гэтэл хашаан дотор Д намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд гараа атгаж байгаад баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Д газраас чулуу аваад чулуутай гараараа миний баруун чих буюу толгой руу нэг удаа цохиход миний толгой хагарч цус гарсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... дугаар дүгнэлт

“...хэсэг газрын үзлэгт: ...Баруун чамархайд 0.7х0.4см зах ирмэг тэгш бус шархтай, шархнаас цус гарсан, зүүн нүдний эргэн тойронд хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн бугалганы дотор доод хэсэг зүүн тохой, зүүн шууны дотор дээд хэсгийг хамарсан 17х6см хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. Э.Д-ийн биед баруун чамархайд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),

- Шүүгдэгч И.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...Д ахтай хамт сууж байхад Д ах намайг гэрээсээ гар, яв, зайл гээд намайг хөөгөөд гэрээсээ гаргаад намайг заамдаж байгаад миний баруун нүд рүү хуруугаараа хатгаад цохисон. Би зөрүүлээд гараа атгаж байгаад толгой руу нь хоёр удаа цохисон...Би Д-ийн биед гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

II. Хохирогч И.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...Ц ах бид хоёр дэлгүүр орж 0.75 литрийн хоёр шил архи худалдаж аваад Ц ахын хашаанд  байдаг амбаарт ороод авсан архиа хувааж уугаад сууж байхад Д ах гэрийнхээ цонхоор бид хоёрыг дуудаад гэрт ороод ир гэж хэлсэн...тэгээд бид хоёр ууж байсан тал шилтэй архи аваад Д ахын гэрт нь орж архиа хувааж уусан...Д ахтай хамт сууж байхад Д ах намайг гэрээс гар яв зайл гээд намайг хөөгөөд гэрээсээ гаргаад намайг заамдаж байгаад миний баруун нүд рүү хуруугаараа хатгаад цохисон. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний дээд зовхи овойж хавдсан, улаан ягаан өнгийн цус хуралттай. Хүзүүний баруун талд 0.5х0.2см, 1.5х0.1см улаан өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. И.Д-гийн биед баруун дээд зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),

- Шүүгдэгч Э.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...Д над руу агсраад хөгшин гэж хэл амаар доромжилсон. Би тэр үед Д-г гар гэж хэлээд гэрээсээ хөөж гаргаад араас нь гарахад Д миний цамцнаас заамдаад авахаар нь би гараа атгаж байгаад баруун нүд рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

III. Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 68, 69), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 73), Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 70),

- Шүүгдэгч, хохирогч Э.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 48), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 45, 46), тэтгэврийн дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 47),

- Шүүгдэгч, хохирогч И.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56, 55), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 57, 58), “Ш.Н” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 59) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Д, И.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Д, И.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Э.Д, И.Д нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Э.Д, И.Д нар нь Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо Хангайн  дугаар гудамжны тоот хашаанд 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас, зохисгүй үйлдэл яриа гаргаж, шууд санаатай үйлдлээр, харилцан зодолдож И.Давалгаа нь Э.Д-ийн баруун чамархайд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт гэмтлийг, Э.Д нь И.Д-гийн баруун дээд зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлийг тус тус учруулсан болох нь

I. Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Ц...Д бид гурав архи хувааж уусан. ...Д над руу агсраад...хэл амаар доромжлоод байхаар нь түүнийг ...гар гэж хэлээд гэрээсээ хөөж гаргасан. ...Тэгтэл Д газраас чулуу аваад чулуутай гараараа миний баруун чихний дээр толгой руу нэг удаа цохиход миний толгой хагарч цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... дугаар дүгнэлт “...1. Э.Д-ийн биед баруун чамархайд няцарсан шарх, зүүн зовхи, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),

- Шүүгдэгч И.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Д ах намайг гэрээсээ гар, яв, зайл гээд намайг хөөгөөд гэрээсээ гаргаад намайг заамдаж байгаад миний баруун нүд рүү хуруугаараа хатгаад цохисон. Би зөрүүлээд гараа атгаж байгаад толгой руу нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

II. Хохирогч И.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр... Д ахын гэрт нь орж архиа хувааж уусан...Д ахтай хамт сууж байхад Д ах намайг гэрээс гар яв зайл гээд намайг хөөгөөд гэрээсээ гаргаад намайг заамдаж байгаад миний баруун нүд рүү хуруугаараа хатгаад, цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... дугаар дүгнэлт “...1. И.Д-гийн биед баруун дээд зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22),

- Шүүгдэгч Э.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр...Д миний цамцнаас заамдаад авахаар нь би гараа атгаж байгаад баруун нүд рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д-ийн үйлдлийн улмаас И.Д-гийн биед, И.Д-ийн үйлдлийн улмаас Э.Д-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Д, И.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрсэн бие, гомдол саналгүй, бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Д, И.Д тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг

Шүүгдэгч Э.Д, И.Д нар нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг гаргах болсон шалтгаан, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Д, И.Д нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогч нарын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Д, И.Д нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн баталгааг гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Э.Д, И.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д, И.Д нар тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1908 0327 61134 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Д, И.Д нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Э.Д, А овогт И.Д нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д, И.Д нарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Д, И.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогч нар нь гомдол, саналгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нар авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МӨНХЗУЛ