| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00513/И |
| Дугаар | 556 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 556
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Түмэн-Од, Л.Туваанжав нарт холбогдох “Зээл, зээлийн хүү 4.446.48515 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Л.Туваанжав, Б.Түмэн-Од нар нь 2014 оны 1 сарын 07-ны өдөр №2014/06 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харьяа Хушаат тооцооны төвөөс 5.715.819 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар өрхийн хэрэгцээндээ зориулж цалингийн зээл авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 3.23., 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байгаа бөгөөд 2016 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3.122.63329 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1.323.85186 төгрөг нийт 4.446.48515 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна. Иймд уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү! гэжээ.
Хариуцагч Л.Туваанжав, Б.Түмэн-Од 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
... Төрийн банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Л.Туваанжав, Б. Түмэн-Од нарт холбогдуулан 4.446.48515 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 он дотроо багтааж төлнө. Манайх ам бүл 7, тогтсон ажилгүй, орлогогүй болохоор нэг өдөр бүх мөнгөө мөнгөө Төрийн банкинд төлөх бололцоо байхгүй байна. Нөхөр ажил хийж байсан боловч гэнэт ажлаас халагдаад орлого байхгүй болсон. Иймд Төрийн банкинд мөнгө олдвол төлөлтөө хийж байя 2017 онд багтааж мөнгөө бүрэн төлж барагдуулъя энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх албанд хандахгүй байхыг хүсэж байна. Уг мөнгийг талахад татгалзах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэг нь Л.Туваанжав, Б.Түмэн-Од нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү 4.446.48515 төгрөг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.446.48515 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86.094 төгрөгний 50 хувь болох 43.047 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 43.047 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранчимэгийн нэхэмжлэлтэй Л.Туваанжав, Б.Түмэн-Од нарт холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 4.446.48515 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 86.094 төгрөгний 50 хувь болох 43.047 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 43.047 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогооос буцаан гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ