| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0874/Э |
| Дугаар | 867 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 867
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж,
улсын яллагч А.М,
хохирогч С.С,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0129 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г.О, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар МК00000000,
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Г.О нь 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоотод байх гэртээ иргэн С.С-ын түр хадгалуулахаар итгэмжлэн өгсөн “Iphone-7 plus” маркийн гар утсыг завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Г.О мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хохирогч С.С-ын утсыг биедээ авч явж байгаад хаячихсан байсан. Тухайн өдөр би согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг.
2. Хохирогч С.С мэдүүлэхдээ “...2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Г.О-ын гэрийнхэн надруу залгаад та хаана байна гэхээр нь би аавтайгаа хамт айлд очиж хүнтэй золгочихоод очлоо гээд удалгүй гэртээ хариад аавыгаа гэртээ үлдээчихээд Г.О-ын гэрт очсон. Намайг тэдний гэрт аав ээжтэй нь золгох гээд яваад ороход аав ээж хоёр нь айлруу явчихсан байсан. Тэгээд тэдний гэрт байж байтал хэдүүлээ О ахын гэрт орох уу гэхээр нь сар шинэ болж байна даа гэж бодоод за тэгье гэсэн. Тэгээд бид гарах гэж байхад Г.О намайг та халамцуу байгаа юм байна шүү дээ гар утсаа хаячихаж магадгүй гэхээр нь тэгвэл миний дүү түр авчих гээд түүнд өөрийн гар утсыг өгөхөд Г.О өөрийн цамцны энгэрийн халаасанд хийсэн. Тэгээд бид хамтдаа айлд очоод би тэр айлд үлдээд Г.О айлаас гараад явсан. Маргааш нь би Г.О-аас эгч нь гар утсаа авъя гэсэн чинь би гадуур явж байна гэртээ очоод өгье гээд алга болсон...” гэх мэдүүлэг.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр...О гэх залуугийн ээж, аавтай нь золгоод, тэндээ хоёр аяга брашик уучихаад сууж байсан. Тэгтэл О надад хандаад “С эгчээ ганц хоёр шил архи уух уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд гарахаар болсон. Тэр үед О “С эгч утсаа надад өгчих, аягүй бол та гарч яваад хаячихна” гэхээр нь “нээрээ ч хаячих байх” гэж бодоод өөрийн “Iphone-7 plus” маркийн гар утсыг О өгч халаасанд нь хийлгэсэн. Тэгээд тэндээсээ гарч яваад урд талын гудамжинд байрлах О-ийнд очиж ганц хоёр шил архи уусан. Бид нар архиа ууж дуусаад дахин архи авахаар болоод, би охин руугаа ярьж “ээждээ 40.000 төгрөг шилжүүлээч” гэж хэлээд О-оос дахин гар утсаа авч дансны гүйлгээний мэдээлэл харчихаад авсан архиа ууж дуусгачихаад гарах гэж байсан чинь нэг мэдэхэд О гараад алга болчихсон байсан. Тэгээд би архи их уусан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),
“...Хамгийн эхлээд О-ынд золгох гэж орсон байхдаа ...би өөрийнхөө гар утсыг О хадгалуулсан. Дараа нь О гэрт орж архи уухдаа дахиж архи авах мөнгө хэрэгтэй болоод О гар утсаа буцааж авсан. Дансанд мөнгө шилжиж орсон нь мессежээр ирснийг шалгачихаад гар утсаа О буцааж өгсөн. Г.О миний гар утсыг куртикнийхээ энгэрийн дотор талын халаасанд хийж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
2. Гэрч С.Ад (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр манай ээж С бид нартай цуг гэртээ байж байгаад орой харанхуй болсон байхад айл руу золгоно гээд гараад явсан. Утсаа цэнэглэж байснаа нэхэж байгаад аваад гарсан. Шөнө 02 цагийн үед над руу ээж залгаад дансаар мөнгө шилжүүл гэж хэлсэн...Тэгэээд ээжийн хэлсэн 0000000 гэсэн Л гэх хүний данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ээжийн утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Тэгээд ээж үүрээр гэртээ ирсэн. Ээж гэртээ байхдаа миний утсаар Г.О гэдэг хүнтэй утсаар яриад “гар утсаа авъя” гэхэд нөгөө хүн нь “гэрийн чинь гадаа авч очоод өгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа буцааж авч чадаагүй. Ээж маань өөрөө Г.О гэдэг хүнд гар утсаа өгч хадгалуулсан гэж байсан...ягаан өнгөтэй Iphone-7 загварын гар утас байсан. Мобикомоос 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр лизингээр худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
3. Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архи дуусаад С өөрийнхөө гар утсаар мөнгө мобайлдаж Ц данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Ц, Г хоёр архинд явсан...От-ийнд байхад мөнгө мобайлдсаны дараа өндөр От буюу О ,С эгчийн гар утсыг би маллана гээд хүрэмний энгэрийн халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
4. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С эгч О-оос “эгчийнхээ утсыг өгч бай” гэж хэлж аваад “данстай хүн байна уу, мөнгө мобайлдаадахъя” гэж асуусан. Л минийх байгаа гэж хэлсэн. Тэгээд С эгч Л-ийн дансийг асууж байгаад 40.000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21),
5. Гэрч О.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...От-ийн гэр рүү явах замд С өөрийн iphone маркийн том утсыг О өгч хадгалуулсан. От-ийнд очоод архи ууж байгаад дуусахад С өөрийнхөө данснаас мобайлдаж миний данс руу 40.000 төгрөг шилжүүлнэ гэж О-оос утсаа буцааж авсан...Ягаан өнгийн Iphone маркийн гар утас байсан. Том хэмжээтэй утас байсан. Хамгийн сүүлд утсыг нь над руу мөнгө мобайлдахад л харсан. Тэрнээ хойш С утсаа яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23),
6. Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Хувьсгалчдын “Г”-ын .. тоот гэртээ байхад...гаднаас С, От, О нар орж ирсэн. Тэд нар манай гэрт архи уугаад сууж байхад С О-с утсаа авч хүн рүү ярьж мөнгө авахаар болоод буцаагаад О миний утсыг авч байгаарай гэж хэлээд өгсөн. Тэгсэн О С-ын утсыг аваад куртикныхээ энгэрийн халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66),
7. “Мастар Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар тайланд “... “I Phone 7 plus rose” маркийн гар утсыг....1.200.000 төгрөгөөр үнэлсэн....” үнэлгээ (хавтаст хэргийн 28-29),
8. Шүүгдэгч Г.О мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад С эгч над руу залгаад Ц-ийн гэрт байна танайд орж аав, ээжтэй чинь золгьё гэж хэлсэн...Тэгээд манай гэрт бараашиг уугаад гаръя гээд От-ийнд очье гэж хэлсэн. Тэгээд От-ийн гэр рүү явж байгаад замдаа С эгч “I Phone 7 plus” маркийн гар утсаа надад итгэмжлэн хариуцуулж өгсөн...С эгч эгчдээ утсаа өгч бай мөнгө мобайлдаад орхие гэж хэлсэн. Тэгээд Ц-ийн карт руу мөнгө хийчье гээд утсаа авсан. Тэгээд би архиндаа нэлээд согтчихсон байсан болохоор хэсэг унтчихсан тэр хооронд миний халаас руу утас хийсэн байж магадгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60)
9. Гар утас хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээнд “...С.С ...99999999 дугаар Му Modi багц 24 сарын хугацаатай IPHONE 7 PLUS ROSE GOLD 32GB ...сериал дугаар 3553 4708 2173 058...” гэх баримт (хавтаст хэргийн 31-33), гэрч С.А-ийн “ХААН” банкны 5015....62 дугаар депозит дансны хуулга (хавтаст хэргийн 36),
- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44, 46) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.О холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч С.С нь Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Хувьсгалчдын “Г”-ын .. тоот буюу иргэн Ч.От-ын гэрт найз нарын хамт 2019 оны 2 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч Г.О өөрийн эзэмшлийн “I Phone 7 Plus Rose” маркийн гар утсыг итгэмжлэн хариуцуулсан байна. Ийнхүү хариуцуулсан байхад шүүгдэгч Г.О нь шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хохирогчийн түр хадгалуулахаар итгэмжлэн өгсөн гар утсыг завшиж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...От-ийн гэрт орж архи уухдаа дахиж архи авах мөнгө хэрэгтэй болоод О-с гар утсаа буцааж авсан. Дансанд мөнгө шилжиж орсон нь мессежээр ирснийг шалгачихаад гар утсаа О-д буцааж өгсөн. Г.О миний гар утсыг куртикнийхээ энгэрийн дотор талын халаасанд хийж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
- Гэрч С.А (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шөнө 02 цагийн үед над руу ээж залгаад дансаар мөнгө шилжүүл гэж хэлсэн...Тэгээд ээжийн хэлсэн 00000000 гэсэн Л гэх хүний данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш ээжийн утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Тэгээд ээж үүрээр гэртээ ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),
- Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...От-ийнд байхад мөнгө мобайлдсаны дараа О С эгчийн гар утсыг би маллана гээд хүрэмнийхээ энгэрийн халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),
- Гэрч Ч.От мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр намайг Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Хувьсгалчдын “Г”-ын .. тоот гэртээ байхад...гаднаас С, От, О нар орж ирсэн. Тэд нар манай гэрт архи уугаад сууж байхад С О утсаа авч хүн рүү ярьж мөнгө авахаар болоод буцаагаад О миний утсыг авч байгаарай гэж хэлээд өгсөн. Тэгсэн О С-ын утсыг аваад куртикныхээ энгэрийн халаасанд хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66),
- “Мастар Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2019 оны .... дугаар тайланд “... “I Phone 7 plus rose” маркийн гар утсыг....1.200.000 төгрөг...” гэх баримт (хавтаст хэргийн 28-29),
- Гар утас хөнгөлттэй болон хүүгүй зээлийн нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээнд “...С.С ...99999999 дугаар Му Modi багц 24 сарын хугацаатай IPHONE 7 PLUS ROSE GOLD 32GB ...сериал дугаар 3553 4708 2173 058...” гэх баримт (хавтаст хэргийн 31-33) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Харин прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Хөтөлийн .. дугаар гудамжны .. тоотод байх гэртээ гэж дүгнэж хэргийг ирүүлсэн байх боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2019 оны 2 дугаар сарын 08-ны шөнө 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Хувьсгалчдын “Г”-ын ... тоотод үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчиж хэргийг тус шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн нөхцөл байдал нь шүүх хуралдааны явцад мэдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэнд хамаарч байх тул прокуророос тогтоосон хэргийн үйл баримтыг зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.О нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч С.С-ын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тиймээс шүүгдэгч Г.О-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.С-д 1.200.000 төгрөгийн хохирол, учирснаас шүүгдэгч Г.О нь дээрх хохирлыг төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.О-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зохимжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн 1908 0129 81099 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдсон эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.О-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ