| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1174/Э |
| Дугаар | 1174 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1174
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04160 1335 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Э.Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, Архангай аймгийн Төвшрүүлэх 3 дугаар баг, Уран толгойн ** тоотод оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын ** тоот нийтийн байрны * номерын өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.И-ын баруун чих рүү нь гараараа цохиж, хоолойг нь боож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “...шүүгдэгч М овогт Э.Б 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын ** тоот нийтийн байрны * дугаартай байранд таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.И-ын баруун чих рүү нь гараараа цохиж, хоолойг нь боож, бие махбодод нь “...баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 08 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо мал тууврын ** тоот нийтийн байранд эхнэрийн хамт амарч байхад өдөр 13 цагийн үед ээж, аав 2 хоол хийсэн гээд авчирч өгөхөөр нь би гадаа гарч хоолоо аваад гэртээ орж байхад нийтийн байрны 9 номерын ах У тамхи тат гээд тамхилаад хэсэг юм ярьж байгаад би гэртээ хоолоо оруулж тавьчхаад 9 номерт ороход У ах танихгүй 3 ахын хамт байж байсан. Намайг орж ирээд суухад тэд нар ууж байсан архинаасаа хийж өгөөд уучих гэхээр нь 5-6 хундага архи уугаад цуг юм яриад суусан. Би тэнд байсан танихгүй ах нартай танилцаад, байж байхад ах нар хоорондоо маргалдаад байсан, би боль гэхэд Б гэдэг ах нь миний баруун чих рүү гараараа алгадаад зайл пизда минь гээд цээж рүү гараараа хүчтэй түлхээд би гэртээ орох гэж байхад Б ах араас ирж хоолой боогоод байсан. Миний биед учирсан гэмтлийг Б гараараа чих рүү цохиж, хоолой боож учруулсан гэмтэл байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-22 дугаар хуудас);
3. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх: “...2019 оны 08 сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт И бусдад зодуулсан...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);
4. Гэрч Ж.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо мал тууврын ** тоот нийтийн байрны 9 тоотод найз Б, Ж, У нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж ууж байхад гаднаас 16 цагийн үед хажуу өрөөний дүү И орж ирэхэд бид нар ууж байсан архинаасаа хийж өгөөд хэсэг байж байгаад одоо гэртэй ор гээд Б И-ын баруун чих рүү нь алгадаж цээж рүү нь 2-3 удаа гараараа түлхэж гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 дугаар хуудас);
5. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хэсэг унтаж байгаад сэрэхэд Б, И 2 хоорондоо юм ярьж байгаад Б, И-ыг одоо гар гэртээ орж амар гэхэд гарахгүй байсан. Тэр үед Б, И-ын нүүрний баруун тал руу нь алгадаад гар гэсэн. И-ын биед учирсан гэмтлийг Б гараараа алгадаж өрөөнөөс барьцалдаж хүчээр гаргаж байхдаа учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 9601 дугаартай шинжээчийн: “...Г.И-ын биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 16 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 27 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо мал тууврын 4-4 тоот нийтийн байрны 9 тоотод найз З, Ж, У нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй архи уусан. Өдөр 16 цагийн үед хажуу өрөөний дүү И орж ирээд хэсэг юм ярьж байгаад бид нартай архи хувааж уугаад одоо гэртээ ор гэхэд явахгүй байсан учир миний уур хүрээд И-ын баруун чих рүү нь гараараа нэг удаа алгадаж цээж рүү нь 2-3 удаа хүчтэй түлхээд бид 2 барьцалдаад би И-ыг хүчээр гаргасан. Дээрх гэмтлийг би гараараа цохиж, барьцалдаж өрөөнөөс гаргаж байхдаа учруулсан гэмтэл байгаа юм. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.И-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.И-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.И нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгч Э.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдах, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг нийтэд тустай аж хийлгэх ялын 8 цагаар тооцож нийт 64 цагийг эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би нутгийнхаа ахын барилгын компанид ажиллаад өдөрт нь цалингаа авдаг тул торгууль төлж чадна...” гэв.
Хавтаст цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Э.Б нь бүртгэлтэй хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогогүй байх тул түүний саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн улсын яллагчийн саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт нийт 7 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон хасаж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 184 цагаар тогтоов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг талсан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.М овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцон хасаж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 184 (нэг зуун наян дөрөв) цагаар тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.И нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА