Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 557

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй Д.Нарантуяад холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 3.865.357 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

                                                       Тодорхойлох нь:

             Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Нэхэмжлэлийн үндэслэл: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 3-р хэсэг 211 тоотод оршин суугч Дамдиндорж овогтой Нарантуяа нь 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Гахай аж ахуй эрхлэх” төсөл хэрэгжүүлэхээр 5.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Нарантуяа зээлийн хугацаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

 Иймд иргэн Д.Нарантуяагийн үндсэн зээл болох 3.719.064, зээлийн хүү 52.016 төгрөг, алданги 94.277 төгрөг, нийт 3.865.357 төгрөгийг Д.Нарантуяагаас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү! гэжээ.

 

 Хариуцагч Д.Нарантуяа 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

       ...  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Д.Нарантуяа надад холбогдуулан 3.865.357 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сард бүрэн төлсөн байна. Тэмдэгтийн хураамж тайлбарлаж өгснийг ойлголоо гэжээ.

 

                                                          Үндэслэх нь:

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа нь хариуцагч Д.Нарантуяад холбогдуулан  “Зээл, зээлийн хүү, алданги 3.865.357 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Нарантуяа нь  нэхэмжлэлийн шаардлага болох 3.865.357 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 76.796 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 76.796 төгрөгний 50 хувь болох 38.398 төгрөгийг хариуцагч Д.Нарантуяагаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.   

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяагийн  нэхэмжлэлтэй Д.Нарантуяад холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.865.357 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь 76.796 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 76.796 төгрөгний 50 хувь болох 38.398 төгрөгийг хариуцагч Д.Нарантуяагаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                            ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ