Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 873

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Ж.О,

шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0139 0000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н.Т, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумы Өлзийт тосгонд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар СШ0000000, урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 18, 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 22, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрүүдийн орой, шөнийн 23 цагаас 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ..  хороо Чулуутын .. тоотод хамтран амьдрагч Б.А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн жил буюу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр миний эхнэр ээжтэй муудалцаад 2 хүүхэд болоод намайг хаяаад явсан. Хаяж явах 2 сар гаруй хугацаанд би хүүхдүүдээ өөрөө харсан. Тус хугацаанд би болоод 2 хүүхэд их турсан. Би аргаа бараад 2 хүүхдээ аваачиж өгөхөд эхнэр дургүй хүлээж авсан. 2 хүүхдээ аваачиж өгөөд гэртээ ирэхэд 2 хүүхдийг маань гэрт аваад ирсэн байсан. Бид 2 маргалдаад эхнэр миний толгойг хагалсан. Би эхнэрээ алгадаж 2 уулаа шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Улмаар бид 2 шүүхээр ороод 600.000 төгрөгөөр тус тус шийтгүүлээд байсан. 2 хүүхэд болоод намайг хаяж явах 2 сарын хугацаанд манай эхнэр 2 хүнтэй болсон. Эхнэр өөрөө ч надад хүмүүстэй дотно харьцаа үүсгэсэн гэдгээ хэлсэн. Энийг би он гарахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Э гээд хошууч дээр дагуулж очоод “манай хүн намайг болоод хүүхдүүдийг орхиж яваад өөр хүнтэй болсон. Бид 2 шүүхээр ороод торгох ял авсан. Миний бага хүү 2 настай, том хүү 3 настай яагаад ингээд байгаа юм бол” гээд асууж байсан. Би эхнэрээ уучлана. Нэг удаа уучилж чадна. Дахин дахин уучилж чадахгүй гэдгээ Э хошуучийн нүүрэн дээр хэлсэн. Түүний дараа эхнэр маань ажил гэж гараад 2-3 хоногоор алга болдог болсон. Би ажлаасаа чөлөө аваад 2 хүүхдээ хардаг. Ирэхээр нь “Чи хаачихваа” гэхээр би найзындаа хоносон гэдэг. Би “хэнийд хоносон” гэхээр манайд хоносон гээд хамгаалах найз гарч ирдэггүй. Сүүлд би дахин Э хошуучид хэлэхэд “Чамайг нэг л хуурсан бол дахиж хуурна нас залуу дээрээ 1, 1 хүүхдээ аваад салчихгүй юу” гэж хэлж байсан. Намайг бодохгүй юм аа гэхэд тэр 2 настай 3 настай хүүхдүүдийг бодож болсонгүй юу гэж би боддог...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Т гэх хүнтэй гэр бүл болоод 7 жил болж байна. Хамт амьдрах хугацаанд дундаасаа ...2 хүүхэдтэй. ...Т бид хоёр 2018 оны 7 дугаар сард хоорондоо зодолдоод шүүхээр 2018 оны 9 сард хоёулаа шүүхээр шийтгэгдэж би 600.000  төгрөгөөр торгуулсан. ...2019 оны 2 дугаар сарын 22-ны орой 01 цагийн орчим согтуу гэртээ ирээд намайг унтаж байхад сэрээгээд гичий, нохой гэж хараагаад байсан...юу болов гэж асуухад чамаас салмаар байна гээд толгойн тус газар руу нэг удаа цохисон болиоч гэтэл дахиад хүүхдийн ногоон жижиг сандлаар толгой руу 1 удаа цохисон...тэгэхээр нь түлхээд гараад зугтаагаад хадам ээжийг дуудах гээд гарахад энэ муу хаачих гэж байгаан гэж хэлээд түлхэж унагаасан. Унаад босоч ирэхэд хаалга руу шидсэн. Шидэгдээд хаалганы завсард нь би баруун хөлөө хавчуулсан байхад хаалга хаагаад шагайнд гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- “....2018 оны 9 дүгээр сар гэхээр он, сар, өдрийг би сайн санахгүй байна. Тухайн үед би “М” кафед тогоочийн ажилтай байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр хутга тулгаад агсраад байсан. Агсарсан шалтгаан нь намайг өөр хүнтэй хардаад байсан. Кафе учраас ажил орой тардаг байсан тэгээд намайг хардаад хутга гаргаад ална гээд байхаар нь би айгаад цагдаа дуудсан. Маргааш нь цагдаагийн байгууллагаас өөрөө хүрээд ирсэн. ...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...архи уучихсан ирээд чамаас болж торгууллаа гэсэн ... 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бас л согтуу агсан тавиад чамаас болж би шүүхээс торгууллаа гээд агсараад зодоод байсан. Т нь архи уугаад ирхээрээ агсан согтуу тавьдаг, харддаг. Шүүхээр орсны дараа бүүр их хэцүү болсон чамаас болж би торгуулсан гээд агсраад байдаг. Хамгийн аюултай нь хутга гаргаад дайрхаар нь үнэхээр их айдаг тэгээд арга буюу цагдаад дуудлага өгдөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

2. Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоотод Н.Т, Б.А гэх эхнэр, нөхөр хоёр амьдардаг. ...2018 оны 9 дүгээр сараас эхэлж гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл эхнэр Б.А нь өгдөг. Дуудлагаар очиход Т зугтаадаг, архи уухаараа агсан согтуу тавьж эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Би сайн мэдэж байгаа учир нь 2018 оны 6 дугаар сард хороондоо харилцан зодолдоод бие биедээ гэмтэл учруулсан гэх хэрэгт нь би хорооны хамтарсан багийн хуралд суусан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сард шүүхээс торгуулсан. Хорооны цагдаа нар 102-н дуудлага мэдээллийг өглөө болгон шүүдэг. Энэ хаяган дээр ...2018 онд 5 удаа, 2019 онд 2 удаа нийт 7 удаагийн дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт бүртгэгдсэн.  ...Б.А 102-т нөхөр агсан тавиад зодоод байна гэж дуудлага өгдөг. ...Т нь ...цагдаа ирэх сургаар зугтаагаад алга болдог. Дараа нь эхнэр Б.А-тэй уулзахад гомдолгүй, саналгүй, манай нөхөр намайг зодоогүй гэж худлаа ярьдаг. Цаана нь нөхрийн хадам тал нь дарамтлаад байдаг. Учир нь Б.А нь хадам аав, ээжийнхээ хашаанд амьдардаг. ...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөн эхнэрээ зодоод гэмтэл учруулаад шалгагдаж байх хугацаандаа хөдөө орон нутаг руу зугтаасан байсан... Би Б.А-д “та цагдаагийн байгууллагад худлаа дуудлага мэдээлэл өгвөл өөрөө хариуцлага хүлээнэ” гэж хэлэхэд тэрээр “энэ асуудлууд бүгд үнэн, нөхөр намайг зодоод, ална гээд байдаг. Дараа нь өргөдөл гомдол гаргавал гэр орноосоо хөөнө гэж сүрдүүлдэг. Т-г байхгүй үед хадам аав Н нь гэрээсээ хөөдөг, хоёр хүүхэдтэй чинь гудамжинд гаргана гэж сүрдүүлдэг” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

3. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ..  дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоотод ...амьдардаг. Б.А, Н.Т нар нь манай хажуу талд...амьдардаг. Уг айл нь байнга архи уудаг нөхөр Т нь агсам согтуу тавьдаг. А-г сайн танина манай гэрээр орж гардаг мэнд устай байдаг. Б.А нөхөр архи ууж ирээд агсам согтуу тавьдаг, зоддог гэж хэлж байсан. ...2018-2019 онд Т нь 5-8 удаа хашаандаа согтуу хашгирч байхыг сонсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

4. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүргэн Т нь миний охиныг архи ууж, тамхи татна худлаа ярьна бид нарыг хүртэл доромжилдог, А-г зөндөө олон удаа зодож дээрэлхэж байдаг. Охин минь Т-т зодууллаа гээд гэрт ирдэг...2 дугаар сард хөлийг нь гэмтээгээд зугтаагаад хөдөө явсан...архи уухаараа хардаад хутга бариад ална гэж дарамталдаг гэсэн ...2019 оны 2 дугаар сард ...хөлийг нь гэмтээж...нүд амыг нь хөхөртөл зодож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

5. Цагдаагийн дуудлагын лавлагааны бүртгэлд “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 хэлтэст 8994..61 дугаарын утаснаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 24 цаг 27 минут 47 секундэд өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр өдөржин агсам тавиад зодоод танхайраад байна”, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 01 цаг 39 минут 54 минутад өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр зодоод байна”, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 30 минут 35 секундэд өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр согтуу хэл амаар доромжлоод байна” хаяг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоот...” гэх баримт (хавтаст хэргийн 73-74),

6. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Б овогт Т.К 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн эцгийн нэр Н.Т, эхийн нэр Б.А...” гэх баримт (хавтаст хэргийн 75)

7. Шүүгдэгч Н.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-нд...багийн найз тааралдахаар нь 0.33 граммийн архи хувааж уугаад гэртээ ирсэн. Гэтэл эхнэр уурлаад чамайг байхгүй үед аав, ээж чинь угаадсаа нүхэнд хий, хогоо хогийн саванд хий гээд байна...энд намайг дээрэлхээд байна, чи архи уугаад ирлээ гээд уурлаад...хэрэлдээд байхаар нь чи ээжийн гэрт унт, хэрэв унтахгүй гэвэл би өөрийнхөө ээжийн гэрт унтана гэсэн. Тэгээд жижиг ногоон хуванцар саваар толгой руу далайсан, гараараа толгой руу 2-3 удаа цохисон. А гэрээс гарч гүйх гээд байхаар нь хоорондоо ноцолдсон. Гараад гүйх гэхээр нь чи хаачих гээд байгаан бэ гээд баруун талын хаалгаа хаатал хөл нь хавчигдсан. Аль хөл нь хавчигдсан талаар мэдэхгүй байна...А гэрээс гарах гээд байхаар нь ноцолдож байхдаа толгойн тус газар руу 2-3 удаа цохисон. Гараад явахад хаалгаа хаагаад хөлийг нь хавчсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67),

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (хавтаст хэргийн 54-59), Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 52-53), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 49-50)

 - Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 93, 90), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 98-101), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 147), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 91, 96-97) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Н.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг, 

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Н.Т нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоот гэртээ, 2018 оны 9 дүгээр сарын 18, 10 дугаар сарын 19, 2019 оны 2 дугаар сарын 22, 3 дугаар сарын 16-ны өдрүүдэд 22 цагаас 01 цагийн хооронд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, өмнө нь шүүхээр орж шийтгүүлүүлсэн гэх сэдэлтээр гэ бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох, гэр бүлийн гишүүнийг өөрийн эрхшээлд оруулах зорилгоор, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

- Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т гэх хүнтэй гэр бүл болоод 7 жил болж байна. ...Т...2019 оны 2 дугаар сарын 22-ны орой 01 цагийн орчим согтуу гэртээ ирээд намайг унтаж байхад сэрээгээд гичий, нохой гэж хараагаад байсан ...толгойн тус газар руу нэг удаа ...хүүхдийн ногоон жижиг сандлаар толгой руу 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

 “....2018 оны 9 дүгээр сард ...би “М” кафед тогоочийн ажилтай байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. ...Агсарсан шалтгаан нь намайг өөр хүнтэй хардаад байсан. Кафе учраас ажил орой тардаг байсан тэгээд намайг хардаад хутга гаргаад ална гээд байхаар нь би айгаад цагдаа дуудсан. ...2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...архи уучихсан ирээд чамаас болж торгууллаа гэсэн ... 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бас л согтуу агсан тавиад чамаас болж би шүүхээс торгууллаа гээд агсараад зодоод байсан. Тилеунур нь архи уугаад ирхээрээ агсан согтуу тавьдаг, харддаг. Шүүхээр орсоны дараа бүүр их хэцүү болсон чамаас болж би торгуулсан гээд агсраад байдаг. Хамгийн аюултай нь хутга гаргаад дайрхаар нь үнэхээр их айдаг тэгээд арга буюу цагдаад дуудлага өгдөг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

- Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоотод Н.Т, Б.А гэх эхнэр, нөхөр хоёр амьдардаг. ...2018 оны 9 дүгээр сараас эхэлж гэр бүл хүчирхийллийн дуудлага мэдээлэл эхнэр Б.А нь өгдөг. Дуудлагаар очиход Т зугтаадаг, архи уухаараа агсан согтуу тавьж эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. ...2018 онд 5 удаа, 2019 онд 2 удаа нийт 7 удаагийн дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт бүртгэгдсэн.  ...Б.А 102-т нөхөр агсан тавиад зодоод байна гэж дуудлага өгдөг. ...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мөн эхнэрээ зодоод гэмтэл учруулаад шалгагдаж байх хугацаандаа хөдөө орон нутаг руу зугтаасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38),

- Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоотод ...амьдардаг. Б.А, Н.Т нар нь манай хажуу талд...амьдардаг. Уг айл нь байнга архи уудаг нөхөр Т нь агсам согтуу тавьдаг. ...Б.А нөхөр архи ууж ирээд агсам согтуу тавьдаг, зоддог гэж хэлж байсан. ...2018-2019 онд Т нь 5-8 удаа хашаандаа согтуу хашгирч байхыг сонсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

- Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүргэн Т нь ...Б.А-г зөндөө олон удаа зодож дээрэлхэж байдаг. Охин минь Т-т зодууллаа гээд гэрт ирдэг...2 дугаар сард хөлийг нь гэмтээгээд зугтаагаад хөдөө явсан...архи уухаараа хардаад хутга бариад ална гэж дарамталдаг гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43),

- Цагдаагийн дуудлагын лавлагааны бүртгэлд “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 хэлтэст 8994..61 дугаарын утаснаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 24 цаг 27 минут 47 секундэд өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр өдөржин агсам тавиад зодоод танхайраад байна”, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 01 цаг 39 минут 54 минутад өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр зодоод байна”, 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 30 минут 35 секундэд өгсөн дуудлагын мэдээлэлд “нөхөр согтуу хэл амаар доромжлоод байна” хаяг Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Чулуутын .. дүгээр гудамжны .. тоот...” гэх баримт (хавтаст хэргийн 73-74),

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт “...Б овогт Т.К 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн эцгийн нэр Н.Т, эхийн нэр Б.А...” гэх баримт (хавтаст хэргийн 75)

- Шүүгдэгч Н.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 22-нд...багийн найз тааралдахаар нь 0.33 граммийн архи хувааж уугаад гэртээ ирсэн. ...эхнэр ...чи архи уугаад ирлээ гээд уурлаад...хэрэлдээд байхаар нь ...жижиг ногоон хуванцар саваар толгой руу далайсан, гараараа толгой руу 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “...хамтран амьдрагч,...тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд...”-ийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан байна.

Мөн шүүгдэгч Н.Т, хохирогч Б.А нар нь хамтран амьдрагч болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаан өгсөн мэдүүлэг болон, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна. Нөгөө талаас шүүгдэгч Н.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.А-г байнга зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон нь эрх бүхий байгууллагын шийдвэр, лавлагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга зодсон” гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А нь хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                   

Шүүгдэгч Н.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүх Н.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч өөртөө дүгнэлт хийгээгүй, ухамсарлаагүй байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Т-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Т-г 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                ШҮҮГЧ                                    Г.МӨНХЗУЛ