Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 544

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Ө.Бямбадоржийн нэхэмжлэлтэй М.Сэлэнгэд холбогдох “Зээлийн үлдэгдэл төлбөр 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг нийт 11.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй  танилцаад:

 

                                                 Тодорхойлох нь:

   Нэхэмжлэгч Ө.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Ө.Бямбадорж би М.Сэлэнгэтэй харилцан тохиролцож 2015 оны 05 сарын 27-ноос 1 жилийн хугацаатай 12.000.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлэх, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги тооцож, алданги авахаар зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчнаар баталгаажуулсан. М.Сэлэнгэ нь  2016 оны 05 сарын 30-нд 4.000.000 төгрөгийг бэлнээр өгч,  өгсөн, авсан тухай баримт өгсөн.

             Сүүлд нь буюу 2016 оны 08 дугаар сарын 26-нд 500.000 төгрөгийг миний Төрийн банкны 151700159464 тоот данс руу хийсэн. Одоо зээлийн гэрээ  ёсоор төлөгдөөгүй үлдсэн 7.500.000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

           Нэхэмжлэгч Ө.Бямбадорж, хариуцагч М.Сэлэнгэ нар нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

        ...Ө.Бямбадоржийн нэхэмжлэлтэй М.Сэлэнгэд холбогдох 11.250.000 төгрөг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр нэхэмжлэгч Ө.Бямбадорж, М.Сэлэнгэ  нар нь  дараах байдлаар тохирч эвлэрлээ.

              Үүнд: 11.250.000 төгрөгнөөс 8.500.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр  олж өгөх, үлдэгдэл 2.750.000 төгрөгийг бэлэн бусаар буюу Сүхбаатар сумын 2 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 18 дугаар байрны 49 тоот 1 өрөө байранд Ө.Бямбадоржийг суулгаж, уг байрыг сарын 250.000 төгрөгөөр хөлслүүлэхээр бодож хөлслүүлэн төлж барагдуулахаар  тохирч эвлэрлээ. Энэ асуудлаар дахин маргахгүй.

 

                                                      Эвлэрлийн гэрээ байгуулсан:

 

                Нэхэмжлэгч  Ө.Бямбадорж,                                  хариуцагч М.Сэлэнгэ гэжээ.

 

                                                                    Үндэслэх нь:

               Нэхэмжлэгч Ө.Бямбадорж нь М.Сэлэнгэд холбогдуулан  “Зээлийн үлдэгдэл төлбөр 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөг гаргуулах”-аар  шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

               Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө.Бямбадорж,  хариуцагч М.Сэлэнгэ  нар нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр эвлэрсэн болох нь тэдний шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Зохигчдын харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулинд нийцсэн. Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  194.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 194.950 төгрөгний 50 хувь болох 97.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 97.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос буцаан  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Ө.Бямбадоржийн нэхэмжлэлтэй М.Сэлэнгэд холбогдох “Зээлийн үлдэгдэл төлбөр 7.500.000 төгрөг, алданги 3.750.000 төгрөг, нийт 11.250.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 194.950 төгрөгний 50 хувь болох  97.475  төгрөгийг хариуцагчаас, үлдэх 50 хувь болох 97.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ө.Бямбадоржид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

                                                ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ