| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0901/Э |
| Дугаар | 905 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 905
2019 8 21 2019/ШЦТ/905
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908035801201 дүгээр хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Элжигэн тайж овогт Ганболдын Б /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Г.Б нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Соёмбо” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан Ц.Найданг “дуугүй бай, юугаа муухай харсан юм, гар” гэж зүй бус харьцсаны улмаас маргалдан, маргалдааныг зогсоох гэсэн иргэн Г.Гийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.
Эрүүгийн 1908035801201 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Гийн: “2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүргэн ах Найдангийн хамт 24 дүгээр хорооны “Мини маркет” хүнсний дэлгүүр орох гээд явж байхад тухайн дэлгүүр дотор 2 согтуу залуу зогсож байсан. Цагаан майктай залуу нь ах руу “чи муу дуугүй байгаарай” гээд хоорондоо заамдалцаад дэлгүүрээс гарсан. Гараад манай ахтай муудалцаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэсэн чинь цагаан майктай залуу миний нүүр рүү гараараа цохичихсон. Хамраас цус гараад тогтохгүй байсан. Би цагдаа дуудна гэтэл тэр хоёр залуу зугтаад яваад өгсөн. ...Нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-8/,
Гэрч Ц.Найдангийн: “...Дэлгүүрт 2 согтуу залуу байсан. Цагаан майктай залуу “чи дуугүй бай” гэхээр нь би “чи юу гээд байгаа юм” гэсэн чинь намайг барьж авсан, дэлгүүрийн эзэн гар гэж хэлсэн. Бид хэд гадаа гарсан чинь цагаан майктай залуу намайг заамдаад авахад надтай хамт явсан Г салгах гээд дундуур ортол цагаан майктай залуу түүний хамар луу цохичихсон. Тэгээд зугтчихсан. ...Тухайн хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-14/,
Гэрч С.Оюун-Эрдэнийн: “2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр найз Бтай 134 дүгээр сургуулийн сааданд 2 шил пиво хувааж уусан. “Соёмбо” дэлгүүр орж гоймон чануулж идэх гээд орсон. Тэгсэн араас 2 ах орж ирээд архи, ундаа авсан. Б “юугаа хараад байгаа юм” гэхэд нөгөө хоёр ахын намхан нь “чи юу гээд байгаа юм” гээд Бтай барилцаад авсан. Дэлгүүрийн эгч “гадаа гарч зодолд” гээд хөөгөөд гаргасан. Бид нар дэлгүүрээс гараад Б нөгөө ахтай барилцаж зууралдаж байхаар нь би салгах гэсэн чинь салж өгөхгүй болохоор би Быг орхиод цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-18/,
Гэрч С.Мөнхцэцэгийн: “Орой дэлгүүртээ зогсож байтал зүс таних 2 залуу согтуу орж ирээд гоймон чануулаад байж байхад нь гаднаас дахиж 2 залуу орж ирээд ...байхад түрүүлж орж ирсэн 2 залуугийн цагаан майктай залуу нь нөгөө сүүлд орж ирсэн 2 залуугийн намхан залууд “чи муу юу гээд байгаа юм, гар зайл” гэж хэлсэн чинь намхан залуу уурлаад барилцаж авсан. Би “та нар дэлгүүр дотор зодолдохгүй шүү гарцгаа” гээд тэр 4 залууг хөөгөөд гаргасан. Гадаа юу болсныг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-22/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.07.09-ний өдрийн 8405 дугаар: “1. Э.Гийн биед хамарт шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-24/,
Хохирогч Э.Гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-4/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-31/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-33/, эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-35/, банкны дансны хуулга /хх-36-37/, эвлэрлийн гэрээ /хх-46, 47/, хохирогчийн “Б бид хоёр эвлэрсэн. Гомдолгүй...” гэх хүсэлт /хх-60/, шүүгдэгчийн хүсэлт /хх-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 06-ны орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Соёмбо” хүнсний дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэн Ц.Найдантай зүй бус харьцаж улмаар маргалдааныг таслан зогсоох гэсэн хохирогч Г.Гийг гараараа цохиж хамарт шарх, зүүн нүдний буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Э.Гийн “...Дэлгүүрт хоёр согтуу залуу байсан. ...Цагаан майктай залуу нь ах руу “Чи муу дуугүй байгаарай” гээд хоорондоо барьцалдсан. Гараад би ахтай муудалцаад байхаар нь салгах гээд дундуур нь ортол миний нүүр лүү гараараа цохисон, миний хамраас цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-8/, гэрч Ц.Найдангийн “...Хоёр согтуу залуу байсан. Цагаан майктай залуу намайг заамдаж авсан чинь надтай хамт явсан Г дундуур нь салгах гэсэн чинь цагаан майктай залуу хамар луу нь цохичихсон” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч С.Оюун-Эрдэнийн “...Б бид хоёр 2 литрийн пиво уусан. Б намхан ахтай барилцаж зууралдаж байхад би салгах гэсэн чинь салж өгөхгүй байхаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-18/, шүүх эмнэлгийн 8405 дугаар “1. Э.Гийн биед хамарт шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-24/, шүүгдэгч Г.Бын шүүх хуралдаанд өгсөн “...Би их согтуу байгаагүй. Гадаа гараад би нөгөө ахтай барилцаж аваад маргалдаад зогсож байсан чинь хамт явж байсан өндөр ах нь бид хоёрын дундуур орж ирээд чи болиоч гээд өөдөөс дайраад байхаар нь намайг цохиж авах гэж байна гэж бодоод би нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-55-56/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Бын хохирогч Э.Гийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж хамарт шарх, зүүн нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал 300.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-8/, хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээ /хх-46-47/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулсан.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, биеэ зүй бус авч яван бусадтай хэрүүл маргаан өдүүлж хүний эрх, эрх чөлөөнд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 300.000 төгрөг төлсөн, хохирогч “Эвлэрсэн, гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэр бүлийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлсийг үндэслэн шүүгдэгч Г.Бад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Элжигэн тайж овогт Ганболдын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР