| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 148/2016/00468/И |
| Дугаар | 540 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 540
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Л.Энхтайваны нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч, ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1965 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Төмөр замын 5 дугаар 58-н айлын 17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй
Боржигон овгийн Ламжавын Энхтайван
регистрийн дугаар: МЮ- 65062204
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч: Л.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн шаардлага: Миний бие анх 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харьяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангид жирэмсний амралттай хүний оронд бичээчээр ажиллаж эхэлсэн. Ингээд тус байгууллагад 1 жил 7 сар ажилласан байна. Энэ ажилласан жилийн хугацааны ажилд авсан, ажлаас гарсан тушаалын лавлагааг авах гэхэд аймгийн архивын сан хөмрөгт тухайн байгуулагын баримт байхгүй байгаа тул миний энэ байгууллагад ажилласан хугацааг хуулийн дагуу тогтоож өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Л.Энхтайван 2016 оны 09 дүгээр сарын 20-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Л.Энхтайван надад 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт миний эцгийн нэрийг буруу бичсэн байна. Ламжав гэж бичиг ёстойг Лхамжав гэж алдаатай бичсэнээс, ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан боловч тухайн үед надад нээгдсэн хөдөлмөрийн дэвтэр, Үйлдвэрчний эвлэлийн батлах дээр овгийг буруу бичсэн байна. Уг бичиг баримт дээр буруу бичснийг залруулж өгөхийг ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж байна. Бичиг баримтын эзэмшигч тогтоолгох иргэний хэргийг ажилласан жил тогтоолгох шаардлагатай хамтатган шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч: Л.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Би 1983 оны 06 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд сургуульд орж чадаагүй тэгээд 1983 оны 12 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга цахилгаан, сантехник засварын ангид дикреттэй хүний оронд бичээчээр орж ажилласан. Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байгаад миний оронд нь ажиллаж байсан хүн ажилдаа орж би ажлаас чөлөөлөгдсөн. Би 4 хүүхэдтэй учраас 50 настай тэтгэвэрт гарах болоод Нийгмийн даатгалын газарт хүсэлт гаргахад “хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн бүх хуулбарын лавлагаа авчир” гээд аймгийн архиваас материалаа шүүлгэж үзэхэд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа барилга цахилгаан сантехник засварын ангид ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын барилга цахилгаан сантехник засварын ангид 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгч, миний бичиг баримтууд дээр миний эцгийн нэрийг Ламжавыг гэж бичихийг Лхамжав гээд “Х” үсэгтэй бичсэн байсан учраас миний хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь намайг болохыг тогтоож өгнө үү! гэжээ.
Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж
Үндэслэх нь:
Л.Энхтайван нь Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан сантехник засварын ангид бичээчээр ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх байгууллагаас 1985 онд олгосон хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргажээ.
Л.Энхтайван нь 1983 оны 12 дугаар сарын 07-ноос 1985 оны 07 дугаар сарын 29-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан сантехник засварын ангид бичээчээр ажилласан байсан болох нь хэрэгт авагдсан Л.Энхтайванд БЦСЗ ангийн боловсон хүчнээс олгогдсон № 107778 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 12 дугаар сарын 07, Сэлэнгэ аймгийн НААҮ-ний харъяа БЦСЗ Ангид бичээчээр ажиллуулав” НААҮ-ний харъяа БЦСЗ Ангийн 1983 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 83 тоот тушаал”, мөн “1985 оны 07 дугаар сарын 29, Орон тооны илүүдлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж аймгийн хөдөлмөр нийгэм хангамжийн мэдэлд шилжүүлэв” БЦСЗ ангийн 1985 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 81 тоот тушаалаар” гэсэн бичилтүүд болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний №584774 дугаартай “Бат илэрхийлэх” зэрэг бичгийн баримт болон хамт ажиллаж байсан гэх Д.Цэдэндамба, Л.Доржпүрэв, Д.Оюунчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Л.Энхтайван нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10 дугаар анги төгсөөд 1983 оны 12 дугаар сарын 07-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид бичээчээр ажиллаж байхад тус байгууллагын захиргаанаас нэхэмжлэгчид №107778 дугаартай хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний овгийг өөрөө хэлбэл эцгийн нэрийг “Лхамжав” гэж буруу бичсэн байх тул дээрхи бичиг баримтын эзэмшигч нь “Ламжав овогтой Энхтайван” мөн болохыг тогтоолгох шаардлага гарсан байна.
Л.Энхтайванд дээрх байгууллагаас олгогдсон № 107778 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн “Ламжав” гэх овог нь “Лхамжав” гэж ташаа бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн “Ламжав Энхтайван” гэж олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа болон Д.Оюунчимэг, Д.Цэдэндамба, Н.Ганболд нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд болон дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Л.Энхтайваныг 1983 оны 12 дугаар сарын 07-ноос 1985 оны 07 дугаар сарын 29-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид бичээчээр ажиллаж байсан болох, 1985 оны 04 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангийн захиргаанаас олгосон № 107778 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Ламжавын Энхтайван мөн болохыг тус тус тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1985 оны 04 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангийн захиргаанаас олгосон №107778 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Ламжавын Энхтайван мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Энхтайваныг 1983 оны 12 дугаар сарын 07-ноос 1985 оны 07 дугаар сарын 29-нийг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй Үйлчилгээний газрын харъяа Барилга, цахилгаан, сантехник засварын ангид бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ