Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 874

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч А.М,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0163 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн Д.Н, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М.Б” ХХК-д нарийн боовчин ажилтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Й300000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Д овогтой Н нь 2019 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Т-н толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим Д.Н бид хоёр баарнаас гарсан. ...тэгснээ Д.Н намайг орихчихоод ганцаараа такси бариад гэр рүүгээ явчихаар нь би араас нь гэрт нь ирсэн. Н манай найз залуу М-тэй уулзаад байгааг би мэдсэн байсан учраас би Н-т тэр талаар хэлсэн чинь Н уурласан. Тэгээд Н миний үснээс зулгаахаар нь би бас зөрүүлээд үснээс нь зулгаасан. Тэгтэл Н ээжийгээ дуудаад байсан ба намайг шалан дээр унагаад миний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Н миний үснээс зулгааж шалан дээр унагаад нүүр рүү хөлөөрөө өшиглөж зодсон...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

2. Гэрч С.С (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны орой манай охины найз Т манай охин Д.Н-н гэрт ирсэн байсан...тэгээд шөнө би унтаж байтал Д.Н орилоод намайг дуудаад байхаар нь би гэрээсээ гараад Н-н гэрт орсон чинь Н, Т хоёр хэрэлдээд зогсож байхаар нь би хоёуланг нь заганасан. Тэгээд бие биенийхээ үснээс зулгаахаар нь би голоор нь орж салгаад Т-г гэрээсээ гаргаад Н-г гэрт нь унтуулж амраасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-24),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд зовхинд тод хөх өнгийн, доод зовхи, баруун нүдний дээд, доод зовхинд бүдэг хөх өнгийн цус хуралттай, баруун зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан. Дээд уруулын баруун талд овойж хавдсан, дотор салстад 1.5х1.5см тод хөх өнгийн цус хуралттай, баруун талын дотор салстад 05.х0.3см зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан шархтай. Зулайн хуйханд 2.5х2.5см талбайд үл халцарч унасан, хуйх овойж хавдсан. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

2019.03.15-ны өдрийн Н эмнэлгийн Толгойн КТГ-т: ...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. Субарахнойдаль зайнууд болон хоёр талын сильвиевийн ховил жигд бус нарийссан...Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай...2 нүд баруун хацар болон шанаа орчмын зөөлөн эдэд хаван хавдар ихтэй...ДҮГНЭЛТ

1. Б.Т-н биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30)

 

4. Шүүгдэгч Д.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр...Т над руу утсаар залгаад хоёулаа бааранд орьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдээ хамаатныхаа ахад үлдээгээд Т хамт явсан бөгөөд бид хоёр Ж төвийн бааранд орж нэг хүнийг тав таван пиво уусан. Тэгээд би тэр баарнаас гарсан чинь Т дагаж гарч ирчихээд танайд очьё гээд байсан. Тэгээд Т бид хоёр манай гэрт очоод байж байтал намайг М гэх залуутай хардаад хэрүүл өдөөд гэрт шүлсээ хаяаад байхаар нь маргалдсан ба маргалдаж байтал манай ээж рүү салаавч гаргаад авгай минь гэж дуудаад байсан. Т над руу эхэлж дайраад миний үснээс зулгаасан. Тэгтэл миний нүүрийг хумсаар маажсан тэгэхээр нь би Т-н нүүр рүү нь гараараа нэгээс хоёр удаа цохисон байх гэж бодож байна...Т миний үснээс зулгаахаар нь би үснээс нь зулгаасан мөн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 35, 37), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 38, 39), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Зээлийн .. дүгээр гудамжны .. тоотод байх гэртээ, 2019 оны 03 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцаа буюу М-тэй хардлаа, гэрт шүлсээ хаяж, ээжийг зохисгүй үгээр хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар тус маргааны явцад Б.Т нь шүүгдэгч Д.Н руу зүй бус үйлдэл буюу түүний үснээс зулгаах үйлдэл хийсний улмаас хоорондоо зодолдсон байна. Ийнхүү зодолдох явцад шүүгдэгч нь хохирогчийн толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж, өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим Д.Н бид хоёр баарнаас гарсан. ...Н манай найз залуу М-тэй уулзаад байгааг би мэдсэн байсан учраас би Н-т тэр талаар хэлсэн чинь Н уурласан. Тэгээд Н миний үснээс зулгаахаар нь би бас зөрүүлээд үснээс нь зулгаасан. ...тэгээд намайг шалан дээр унагаад миний нүүр рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Гэрч С.С (шүүгдэгчийн эх) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө би унтаж байтал Д.Н орилоод намайг дуудаад байхаар нь би гэрээсээ гараад Н-н гэрт орсон чинь Н, Т хоёр...бие биенийхээ үснээс зулгаахаар нь би голоор нь орж салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-24),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаар дүгнэлт “...1. Б.Т-н биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын цус хуралт, шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30)

- Шүүгдэгч Д.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр...Т над руу утсаар залгаад хоёулаа бааранд орьё гэж хэлсэн. Тэгэхээр нь...бид хоёр Ж төвийн бааранд орж нэг хүнийг тав таван пиво уусан. ...баарнаас ...гараад...бид хоёр манай гэрт очоод байж байтал намайг М гэх залуутай хардаад хэрүүл өдөөд гэрт шүлсээ хаяаад байхаар нь маргалдсан. Маргалдаж байтал манай ээж рүү салаавч гаргаад авгай минь гэж дуудаад...над руу эхэлж дайраад миний үснээс зулгааж...миний нүүрийг хумсаар маажсан тэгэхээр нь би Т-н нүүр рүү нь гараараа нэгээс хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Н нь хууль зүйн хувьд хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Б.Т-н нүүрэн тус газар нь цохиж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Н нь хохирогч Т-н нүүрэн тус газар нь цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Д.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 57) байх тул шүүгдэгч Д.Н-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Тиймээс шүүгдэгч Д.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, ганц бие, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогч үүсгэсэн зэрэг нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүхээс Д.Н-т торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1908 0163 31094 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Д.Н-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Н-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХЗУЛ