| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 201/2017/00038/Э |
| Дугаар | 2017/ДШМ/44 |
| Огноо | 2017-11-07 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2017/ДШМ/44
******* холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн давж заалдах гомдлоор ******* холбогдох эрүүгийн 201711000209 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ******* овогт *******ын *******. /РД:*******/
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 5 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 51 дүгээр байрны зочид буудалд зэвсэг буюу хутга хэрэглэн иргэн *******ийн хэвлийн тус газарт хутгалж өлөн гэдэс болон чацархайн хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт/1.7 литр/ бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 12- ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор: 2015 оны /шинэчилсэн найруулга/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Шүүгдэгч ******* овогт *******ын ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ийн цагдан хоригдсон нийт 33 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг болон шүүгдэгч нь хохирогч *******т эмчилгээний зардалд 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй, улаан өнгийн утсаар ороосон 1 /нэг/ ширхэг хутгыг устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.******* давж заалдах гомдолдоо: Би Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хэргийн учир 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний хийсэн хэрэг бол үнэн. Хэргийн болсон нөхцөл байдлыг зарим хүмүүс буруу дутуу ярьсан ч шүүх хурал дээр зөвөөр яригдсан байгаа. Миний ар гэрийн амьдрал их хүнд байна. Би ээж гаа асран хамгаалдаг хүн юм. Ээж маань нас өндөр болсон, гол нь байнга татаж унадаг ба гудамжинд, гэртээ, жорлонд ч хамаагүй уначихдаг. Хажууд нь байнга хүн байх хэрэгтэй байдаг. Даралт нь бас ихэсдэг. Миний ганц ах Баярсайхан маань групптэй, ээжийгээ асарч харах боломжгүй байгаа. Тэгээд ч өөр газарт өрх тусгаар амьдардаг. Иймд миний ар гэр, ээжийн минь байдлыг харгалзан ялыг минь бага ч гэсэн хасаж хөнгөрүүлж өгнө үү. Надад арай л хүнд байна. Шүүх хуралдаанд оролцохыг хүсч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх ******* холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь 2017 оны 5 сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 51 дүгээр байрны зочид буудалд зэвсэг буюу хутга хэрэглэн иргэн *******ийн хэвлийн тус газарт хутгалж өлөн гэдэс болон чацархайн хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус алдалт /1.7 литр/ бүхий хүнд
хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
- Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 5 сарын 21-ний өдөр ийг юм угаагаад сууж байхаар нь би “эр хүн байж юм угаагаад сууж байхдаа яадаг юм бэ, наашаа сууж хамт ууя” гэж хэлсэн. Тэгээд би *******тэй урьд нь цэргийн ангид хамт ажиллаж байсан болохоор тэр талаар юм яриад байж байтал Д.******* нь хардсан байдалтай ирээд бид хоёр маргалдсан. Түүнээс өөр бид хоёрт маргалдсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 5 сарын 21-ний өглөө дэлгүүрээс 2 ширхэг пиво авч 51 дүгээр байрны буудалд орж уусан. ...Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад буцаад буудал руу ороход ******* өөдөөс тулж ирээд шууд хутгалсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-29/,
- Гэрч Е.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би угаалгын өрөөнд юм угаагаад сууж байхад гэнэт чимээ шуугиан болохоор нь гайхаад угаалгын өрөөнөөс гараад харахад үүдэнд хэвтэж байсан. Түүний хажууд найз нь зогсож байсан. Д.******* гартаа хутга барьсан зогсож байсан. Би ийн гараас хутгыг нь авсан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32/,
-Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би жаахан согтсон байсан. *******, 2 хамт суугаад пиво уусан. Би сүүлдээ уугаагүй. хүнтэй уулзана гээд гарсан. ...Төд удалгүй намайг хутгалчихлаа гээд хашгирахаар нь гараад харахад үүдэнд эвхрээд хэвтэж
байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 302 тоот актын: "…*******ийн биед учирсан ... хэвлийн хөндий рүү нэвтэрсэн умдагний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, өлөн гэдэс болон чацархайн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархууд, цус
алдалт /1.7 литр цус/ нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ..” /хх-ийн 44-45/ гэсэн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэлт хийж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур тогтоон хорих ял оногдуулсан байх тул шүүгдэгчийн гаргасан “…Ял хасаж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 12- ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.ийн 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс 2017 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.ДЭНСМАА
Ж.ДОЛГОРМАА