Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 02

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

              Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун би Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 34 тоотод оршин суух Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох, “Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүссэн захиргааны хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Т нь 2013 онд ХААИС-ын Агробиологийн сургуулийг Газар зохион байгуулалт мэргэжлээр D201302294 тоот дипломтой төгссөн.

            Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан Халхгол сумын ЗДТГ-ын Газрын даамлын ажлын байрны мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр 70.0 оноог авч, Дорнод аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 тоот албан бичгийн дагуу Халхгол сумын ЗДТГ-ын Газрын даамлын ажлын байранд нэр дэвшсэн.

           2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Халхгол сумын ЗДТГ-ын даргын Б/06 тоот тушаалаар сумын Газрын даамлын албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон.

          Туршилтын хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй би ажлаа хийсээр байсан. Гэтэл 2017 оны 11 сарын 10-ны өдөр Халхгол сумын ЗДТГ-ын дарга Г.А Б/28 тоот тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн.

         Урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу гомдлоо гаргаж Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1406 тоот албан бичгээр туршилтын хугацаагаар ажиллаж байх хугацаандаа төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх тул өргөдөлд дурдсан асуудлыг Зөвлөл эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гээд асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлэх талаар хариу ирсэн.

           Ажлаас чөлөөлсөн Б/28 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, ТАЗ-ийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 2, 7, 8 дахь заалт, ЗДТГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтыг үндэслэн, туршилтын хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан тул үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

           1/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл бичсэн хирнээ намайг ажлаас чөлөөлсөн.

           2/ ТАЗ-ийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 4-т "Туршилтын хугацаанд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэнэ" гэж заасны дагуу туршилтын хугацаанд төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээг дүгнэх хууль зүйн зохицуулалттай байна.

          Гэтэл Халхгол сумын ЗДТГ-ын дарга Г.А нь надтай Үр дүнгийн гэрээ байгуулаагүй тул үр дүнгийн гэрээний биелэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнээгүй, дүгнэх боломжгүй байсан атлаа төрийн албан хаагч миний үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшинд бодит биш үнэлэлт өгч, Б.Т нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан гэж албан тушаал бууруулж ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.

            3/ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч нь “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдсан байдгийг шууд зөрчсөн.

         4/ Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэгт ТАЗ-ийн 2003 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын дараахь 2, 7, 8 дахь заалтуудыг дурджээ. Үүнд:

            2-т Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлах үүднээс төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон иргэнийг 1 жил хүртэл хугацаагаар туршилтын журмаар томилон ажиллуулна.

            7-д Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн албан тушаалаас нь чөлөөлж болно.

           8-д Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно” гэжээ.

         Туршилтын хугацааг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаагаар тогтоосон боловч туршилтын хугацаа дуусахаас өмнө намайг ажлаас чөлөөлөх болон туршилтын хугацааг сунгах эсэх талаар Г.А дарга ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохоор би цаашид төрийн албанд жинхлэн ажиллах болжээ гэж ойлгосон.

              Гэтэл туршилтын хугацаа дууссанаас хойш 2 сарын дараа албан тушаал бууруулах үндэслэлээр чөлөөлөх шийдвэр гаргасан.

           Үр дүнгийн гэрээ байгуулаагүй хэрнээ “туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан” гэж шийдвэртээ заасан. Миний бие төрийн албанд цаашид үр бүтээлтэй ажиллах чадвартай эсэхийг ЗДТГ-ын дарга Г.Ариунсувдын үзэмжээр биш хууль, журамд заасны дагуу зөвхөн Үр дүнгийн гэрээний биелэлтээр тогтооно.

            5/ Халхгол сумын ЗДТГ-ын дарга Г.А нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг  сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй.

              6/ “Туршилтын хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллах чадваргүйгээ харуулсан” гэж маргаан бүхий актад дурдсан боловч албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх нөхцлийг бодитоор тогтоолгүй ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

              Иймээс дээрх үндэслэлүүдээр Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Халхгол сумын Газрын даамлын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

            Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.А-д холбогдох захиргааны хэргийн оролцогчид бид дараах нөхцлөөр энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулав.

               Хариуцагч Г.А би дараах үүрэг хүлээж байна. Үүнд:

             1. Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б.Т-ийг чөлөөлөх тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг эх хувиар нь Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргэх үүрэг хүлээж байна.

            2. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоолоор газрын даамлын орон тоо, цалингийн сантайгаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжсэн тул Б.Т-ийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт шилжүүлэх тухай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг Дорнод аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эх хувиар нь хүргэх үүрэг хүлээж байна.

            3. Б.Т-ийг чөлөөлсөн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин 476,036.56 төгрөгийг Халхгол сумын Засаг даргын Тамгын газраас, 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин 179,223.27 төгрөгийг миний бие хувиараа төлөх үүрэг хүлээж байна. Энэхүү цалин хөлс нөхөн төлөх үүргээ 2018 оны 02 дугаар сарын 02-ны дотор гүйцэтгэнэ.

            Нэхэмжлэгч Б.Т нь:

          1. Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны Б/04 дүгээр тушаал, мөн 2018 оны Б/05 дүгээр тушаал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийх хариуцагчийн үүргийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Т нь “Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь сайн дураараа дээр дурьдсан үндэслэлээр эвлэрлийн гэрээг, мөн хуулийн  68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу бичгээр байгуулжээ.

        Нэхэмжлэгч, хариуцагч нар нь ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ талуудын хүлээх үүргийг тодорхойлж эвлэрсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОЮУН