Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 20

 

Байгаль орчин, аялал жуулчлалын

газрын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00466/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Сартуул овогтой *******ын А-т холбогдох

          “Гэм хорын хохирол 21.672.000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг

          Хариуцагч Ж.А-, түүний өмгөөлөгч Ц.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатар, төрийг төлөөлж прокурор Б.Сүрмандах, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Отгонсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болдбаатараас:

Ж.А- нь 2015 оны 05 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор тус нутгийн ЛХА кабелийн телевизэд “Үндэс авна” гэсэн зар явуулж, үүний дагуу иргэдээс ховор ургамал болох дэвэргэр жиргэрү ургамлын үндсийг 270.9 килограммыг худалдан авч, улмаар Дархан сумын 15 дугаар багийн Мангирт 6 дугаар хэсэг ******* тоот өөрийн хашаандаа “*******” хүнсний дэлгүүрийн байранд хадгалж байсан. Дээрх үйлдлийн улмаас Ж.А-ийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгаж, мөрдөн байцаалтын холбогдох ажиллагааг явуулсан. Мөрдөн байцаалтын явцад Ж.А- нь гэмт хэрэг үйлдсэнээс буюу түүний хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 500 тоот тогтоолоор “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.А-ийн үйлдлийг Өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтанд Байгаль орчин аялал жуулчлалын газар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэх эрхтэйг дурдсаны дагуу иргэн Ж.А-аас дээрх гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2016/04 дугаартай ашигт ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон үнэлгээний дагуу 4.334.400 төгрөг гэж тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заасан байх тул 4.334.400 төгрөгийг дээрх хуульд заасны дагуу 5 дахин нэмэгдүүлж, 21.672.000 төгрөгийг хариуцагч Ж.А-аас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Ж.А-аас:

Ашиг олох зорилгоор бусдаас 270.9 кг дэрэвгэр жиргэрү ургамлыг худалдан авсан нь үнэн. Энэ ургамлыг бусдаас худалдаж авах нь хууль бус гэдгийг мэдээгүй. Би байгаль орчинд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Прокурор Б.Сүрмандахаас:

Ж.А- нь эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн учраас түүнд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Гэтэл одоо иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа бол энэ байдал нь эрүүгийн хэргийг сэргээх үндэслэлтэйг анхаарна уу гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.А-аас 4.334.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.337.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.А-аас улсын тэмдэгтийн хураамж 84.300 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэлэжээ.

Хариуцагч Ж.А- түүний өмгөөлөгч Ц.Отгонсүх нар давж заалдсан гомдолдоо:

           Шүүх аль аймгийн ямар сумын нутгаас хичнээн хэмжээний га талбайд хохирол учруулсан болохыг мөн Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нэхэмжлэгч мөн эсэхийг тогтоолгүйгээр хохирол төлбөрийн асуудлыг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулиар хөнгөн хүндэвтэр хэргийг хохирол төлбөр төлсөн эсэхээс үл хамааран хэрэгсэхгүй болгохоор заасан байхад шүүхээс Ж.А-ийг хохирол төлөхөө илэрхийлсэн тул 4.334.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх байгаль орчинд учирсан хохирлыг  байгаль хамгаалах санд оруулахаар хуульд тусгайлан заасан байхад нэхэмжлэгч байгууллагад нь олгож шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хариуцагч Ж.А-т холбогдуулан гэм хорын хохирол 21.672.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч тал байгаль орчинд хохирол учруулаагүй тухайн ургамлыг бусдаас худалдан авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримт болох Дархан-Уул аймгийн прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор Ж.А- дэргэвэр жиргэрү гэх ховор ургамлыг бусдаас худалдан авсан гэм буруутай болох нь тогтоогдсон байна.

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхийг тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхаар заасан тул Ж.А-ийг байгаль орчинд шууд хохирол учруулсан гэж тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирол тогтоох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч ургамлыг худалдан авсан тохиолдолд ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж хуульчлаагүй байгаа болно.

Хариуцагч талын гомдолд нэхэмжлэгч байгууллага нь энэ хэргийн жинхэнэ нэхэмжлэгч биш гэсэн гомдлын хувьд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж өгсөн тул гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэхгүй.

Эрүүгийн хуульд байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд хариуцагч Ж.А-ийн эрүүгийн хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирол 4.334.400 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх хариуцагчаас тус хохирлыг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаль хамгаалах санд оруулна” гэж заасны дагуу  байгаль орчинд учирсан хохирлыг байгаль хамгаалах санд оруулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:

“...нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт олгож,” гэснийг “Байгаль хамгаалах санд оруулж” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ                              

                              ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ