Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

 

     2019           8           23                                         2019/ШЦТ/912         

 

-                                         

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

хохирогч М.М,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч П.Бат-Эрдэнийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908026361113 дугаар хэргийг 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Их шарнууд овогт Пүрэвдоржийн Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч П.Б нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” бааранд иргэн М.Мтай маргалдаж пивоны шилээр толгойн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “5 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед Мтай уулзсан. 2 пиво авч уусан. Мтай маргалдаж санамсаргүй байдлаар толгойд нь цохисон. Би 1 пиво уусан. Хохирогч нилээд согтуу байсан. Хохирогчид 150.000 төгрөг төлсөн. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Б над руу 10-аад удаа залгасан. Тэгээд уулзсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд Б эсрэг ширээнд хүүхэнтэй сууж байсан. Б 2 пиво уусан. Текний тэнд уусан пивоны шилээр намайг цохисон. Пивоны шил хага цохисон. Толгойноос цус гоожсон. 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Ойр ойрхон толгой өвдөөд байгаа. 150.000 төгрөг авсан. Гомдолтой байна. Гэмтэл хожуу илэрнэ гэж гэмтлийн эмч хэлсэн. Хэзээ хойно илэрвэл би нэхэмжлэх болно. Торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэснийг нь эсэргүүцэж байна” гэв.

 

Эрүүгийн 1908026361113 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Мын: “2019 оны 5 дугаар сарын 03-ны 23 цагийн үед Вест бааранд орсон. Ороод 1 шил ундаа, 1 шил пиво аваад ширээнд суусан. Тэгээд сууж байхад миний утас дуугарсан. Б гэж залуу залгасан. Нилээн хэдэн удаа залгахаар нь би утсаа аваагүй. Би тэгж байгаад утсаа авахад “яг хаана байна, уулзъя” гэсэн. Би байгаа газраа хэлэхэд тэр шөнө 02 цагийн үед хүрч ирсэн. Бас пиво, ундаа аваад суусан. Бид хоёр ойр зуурын юм яриад сууж байгаад би бие засчихаад гараад ирсэн чинь манай ширээний эсрэг талын сандал дээр нэг эмэгтэй сууж байсан. Би ширээн дээрээ ирэхэд тэр хоёр дотноссон байдалтай юм яриад сууж байхаар нь “та хоёр юу яриад байгаа юм” гээд асуухад Б гэнэт уурлаад “гичий минь чи юу яриад байгаа юм” гээд намайг толгойноос барьж доошоо дараа хоолой боосон. Би гарыг нь цохиод тавиулсан. Энэ үед зөөгч ирж “зодолдохоо боль” гээд Бат-Эрдэнийг аваад үүдний тийшээ аваачсан. Б нэг шил пиво аваад текний хажууд над руу хараад уугаад зогсоод байсан. ...Түүнийг над руу харж байхад нь би гарынхаа долоовор хуруугаар зангасан чинь тэр хоосон пивоны шилээ барьж ирээд намайг буруу хараад зогсож байсан чинь толгойд тэр шилээрээ цохисон. Шил хагарсан. Ар дагз хэсэгт хуйх нь язарч 3 осдол тавиулсан. Би гомдолтой байна. Нийт 1.300.000 төгрөг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг /хх-34/,

Гэрч Н.Билгүүний: ““WEST” бааранд 2018 оны 12 дугаар сараас эхэлж зөөгчөөр ажиллаж байгаа юм. Тухайн өдөр дундаж хүнтэй заал бол сийрэг байсан. Хар үстэй, хар бараан хувцастай 30-35 орчим насны хүүхэнтэй, махлаг бор залуу муудалцаад байсан. Баарны чанга хөгжимд юунаас болж маргалдсан талаар мэдээгүй. Үсдэлцээд зууралцаад байсан. Бид нар салгаад махлаг бор залууг баарнаас гаргасан. Уг залуу гарахдаа “Нийслэл” шилтэй 0.45 литрийн пиво ууж, аваад гарсан. Муудалцаад байсан хүүхэн ариун цэврийн өрөө ороод гараад ирсэн. Ширээн дээрээ суусан. Гарсан залуу нь буцаж орж ирэхдээ надад “хэрүүл маргаан үүсгэхгүй” гэж хэлээд орсон. Нөгөө залуу хүүхний ширээнд очтол нөгөө хүүхэн нь дургүйцээд хөөгөөд байсан. Маргалдаж байгаа махлаг бор залуу гартаа барьсан пивоны шилээр толгойн тус газар нь 1 удаа цохисон. Хүүхний толгой хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-38/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.04-ний өдрийн 5520 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.М-н биед зулайд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-40/,

Шүүгдэгч П.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “М.Мтай танилцаад 1 жил болж байгаа. Хамт амьдарч байгаагүй зүгээр хааяа уулздаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 02 цагийн үед М.Мын утас руу яриад “хаана байна, уулзах уу” гэхэд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Вест” бааранд байна, хүрээд ир” гэсэн. Бааранд ороод 2 шил пиво аваад 1, 1-ийг хувааж уусан. Ойр зуурын юм ярилцаж байтал намайг “зайл” гээд хөөсөн. Нүүр рүү нулимаад алгадаад байсан. Миний хувьд эрүүл байсан. М өөрөө нилээн согтуу байсан. Баарны хамгаалагч нар Мөнх- Ундрахад шаардлага тавиад болиулсан. Сууж байгаад дунд хуруугаа гаргаж доромжилсон. Би уурлаад, дургүй хүрээд “болиоч чи” гээд хоолойноос татсан. “Сэнгүр” нэртэй пивоны шилээр толгой дээр нь 1 удаа цохисон. Тухайн үед цус гараагүй байсан пивоны шил хагарсан...” гэх мэдүүлэг /хх-48-49/,

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-57/, “Эрдэм транс” ХХК-ийн “П.Б нь автобусны жолоочоор ажиллаж байна. Сарын үндсэн цалин 900.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-58/, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид баримтын хүрээнд 150.000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй. Санаатай үйлдэл болох нь тогтоогдож байгаа” гэж,

хохирогч “Гэмтэл хожуу илэрнэ гэж шүүх эмч хэлсэн. Хэзээ хойно илэрвэл би нэхэмжлэх болно. Маш их гомдолтой байна” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар П.Б согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Вест” бааранд хохирогч М.Мыг пивоны шилээр толгойд нь цохиж, зулайд шарх, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Мын “...Б намайг харж байхад пивоо ууж дууссан. ...Пивоны шилээ барьж ирээд намайг буруу хараад зогсож байхад толгойд тэр шилээрээ цохисон...” гэх мэдүүлэг /хх-34/, гэрч Н.Билгүүний “...махлаг бор залуу гартаа барьсан пивоны шилээр толгойн тус газар нь 1 удаа цохисон. Хүүхний толгой хагараад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-38/, шүүх эмнэлгийн 5520 дугаар “1. М.М-н биед зулайд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-40/, шүүгдэгч П.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...би нэг пиво уусан. ...Пивоны шилээр толгой дээр нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-48-49/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Бат-Эрдэнийн согтуурсан үедээ, хохирогч М.Мын толгойг шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй ч шүүгдэгч нь хохирогчид 150.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэх тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуурсан үедээ пивоны шилээр хохирогчид гэмтэл учруулсныг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү” гэж,

хохирогч “Торгох ялын доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэдгийг эсэргүүцэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, олон нийтийн газар шар айрагны шилээр хүний эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 150.000 төгрөг төлсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /сард 900.000 төгрөгийн цалинтай гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их шарнууд овогт Пүрэвдоржийн Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Эрдэнийг 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч М.М гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР