Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 889

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа,

улсын яллагч А.М,

шүүгдэгч С.Н,

шүүгдэгч Н.М, тэдний өмгөөлөгч А.О (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н.М, Б овогт С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0157 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Н.М, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Тоосгоны .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай ЧВ00000000.

Б овогт С.Н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Булгийн .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЕ00000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Н.М, С.Н нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Э эд хөрөнгийн авахаар хүч хэрэглэн довтолж, түүний өмсөж явсан пүүз, куртик, биет 30.000 төгрөгийг дээрэмдэн авч бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан

Мөн бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ иргэн Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн .. хорооны автобусны буудал дээр гар утсаа ломбарданд тавих гээд “Х” гэх ломбарданд ортол бичиг баримтгүй гэхээр нь гараад явж байтал миний араас нэг залуу ирээд миний бичиг баримтаар тавьчих утас тавьдаг ломбард мэднэ...гэж хэлээд намайг дагуулж яваад хажууд талын ломбарданд тэр залуу тавьсан бөгөөд хажууд нь нэг залуу хамт явж байсан. Тэр хоёр залуу утсыг чинь тавьчихсан юм чинь нэг шил архи уух юм байгаа биздээ гэхээр нь би тэр хоёр залууг дагуулаад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи, ундаа аваад Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байх далангын цементэн дээр гарч суугаад бид гурав архиа уусан. Тэр хоёр залуу өөрсдийгөө А, Б гэж танилцуулж байсан...архиа хувааж ууж дуусгаад сууж байтал гар утсыг чинь тавьж өгсөн юм чинь 10.000 төгрөг өгчих гэхэд нь би өгөхгүй гэж хэтэл Б нь бүх юмыг нь дээрэмдээд авчихъя гэж хэлээд эхэлж боож унагаасан. Тэгтэл А миний өмсөж байсан куртик пүүзийг тайлж авсан ба хоёулаа нийлээд намайг өшиглөж зодсон. Тэгээд тэр хоёр миний пүүз, куртик болон халаасанд байсан 30.000 төгрөгийг аваад явсан...би пүүзээ 400.000 төгрөгөөр үнэлж байна. Reebook-ийн ориг пүүз байсан. Харин өвлийн хар куртикээ 80.000 төгрөгөөр авч байсан...миний толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

“...Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, би тухайн үед алдсан куртик болон 30.000 төгрөг мөн эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9)

2. “Б.Б” барьцаат зээлийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд “..Н.М ...iron 1 ...40.000 төгрөг, хүү 2.400 төгрөг нийт 42.400 төгрөг 2018/03/23 22:22:40...” гэх баримт (хавтаст хэргийн 30),

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн ..... дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд бага зэрэг хаван хавдартай, баруун нүдний алиманд тархмал улаан ягаан өнгийн цус хуралттай, хүзүүний баруун хэсэгт 15.х0.2см хоёр ширхэг, хүзүүний урд 0.8х0.3 см зүүн хэсэгт 1х0.3см, 1.2х0.3см цээжний дээд хэсэгт 2х1.1см, нуруунд 2 далны хооронд 6х0.3см, зүүн даланд 4.8х0.3см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн эгэмэнд 3.2х2см, зүүн бугалганы ар хэсэгт 4.8х6см хөхөлбөр өнгийн цус хуралттай....гэжээ...ДҮГНЭЛТ

1. Э.Э-н биед баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал нүдний алимны цус харвалт, хүзүү нуруунд зулгаралт, зүүн эгэм, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

4. “Т.Э” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар “Reebook” пүүзний зах зээлийн ханшийг 120.000 төгрөг…эрэгтэй куртик 50.000 төгрөгөөр нийт хохирлын дүн нь 170.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26)

5. Н.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би С.Н гэх өөрийн зүс таних ...залуутай хамт 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо 5 шарын автобусны буудал дээр сандал дээр нь сууж байсан. Тэгэхэд танихгүй нэг залуу одоо энэ хохирогч гэх залуу бид 2 дээр гүйж ирээд утас тавьчих ломбард онгорхой ойрхон газар байна уу, мэддэг бол тавиад өгөөч хамт архи ууя гэхээр нь бид 2 байсан 3000 төгрөгөөрөө такси бариад 21-р хорооллын автобусны буудлын хажууд байх Ломбард дээр очоод тэр хүний LG маркийн хар өнгийн Солонгос утсыг миний бичиг баримтаар 40.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд ломбарднаас урагшаа яваад нэг дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи, 1 кола ундаа, 1 хайрцаг тамхи тэр 40.000 төгрөгөөр аваад үлдсэнийг нь тэр залуу ломбардны бичигтэйгээ хамт авсан...Ингээд Махын байрны доор байх далангийн гүүрэн дээр бид 3 очоод архиа хувааж уусан. Тэгээд хоорондоо танилцаад юм ярьж байхад нөгөө залуу согтоод янз бүрийн юм яриад томроод би бол урьд нь цагдаа байсан гэх зэргээр яриад байсан. Тэгэж байгаад надтай маргалдаад бид 2 барилцаж аваад би түрүүлээд 2 цохиод авсан чинь манай найз С.Н заамдаад бариад авахаар нь би өмсөж явсан пүүзийг нь тайлж аваад тэгээд өөрөө бас куртикээ тайлчихсан байсан чинь С.Н куртикийг нь аваад нөгөө залуу хөл нүцгэн орилоод үлдсэн. Бид хоёр юмнуудыг нь аваад 5 шар ороод орцонд орж хоносон. Ийм л асуудал болсон. Тэгээд маргааш нь би пүүзийг нь өмсөөд манай найз куртикийг нь өмсөөд явсан. ...Би өөрөө өмсөх гээд л авсан. Тэр пүүз нь цагаан хар алаг өнгийн Reebоok брендийн пүүз байсан. Куртикийг нь болохоор өөрөө тайлчихсан газар хаячихсан байхад нь манай найз С.Н авсан. Куртик нь хар өнгийн урт загвартай куртик байсан. Одоо энэ куртикийг нь С.Н өмсчихсөн С.Н-д байгаа. Пүүз нь би буцаагаад хүлээлгээд өгчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-54, 144-145),

6. С.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н.М гэх өөрийн найз болох залуутай хамт 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .. хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудал дээр автобус хүлээгээд сууж байсан. Тэгэхэд Э гэх залуу замын цаанаас гүйж ирээд “сайн уу, адилхан эр улсууд байна, 3-уулаа энэ утсыг зараад 1, 2 шил архи ууя” гэхээр нь бид 2 зөвшөөрч Н.М миний таньдаг ломбарданд очоод тавьчихья гээд бид 3 цугтаа такси бариад 21-р хорооллын ойролцоо ирсэн. Тэгээд энд байсан нэрийг нь мэдэхгүй ломбарданд 40.000 төгрөгөөр Н.М өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Тэгээд мөнгөө аваад буцаад 3-уулаа доошоо 5 шар руу алхсан. Замдаа дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн 5000 төгрөгний архи, 1 хайрцаг тамхи, 1 том түмний кола ундаа, би өөртөө нэг 1200 төгрөгөөр улавч авахуулсан. Тэгээд 5-н шарын хойно байх далангийн гүүрний ойролцоо далангийн үзүүр дээр сууж архиа ууж эхэлсэн. Тэгээд хэсэг юм сууж байгаад Э нилээн халаад би цагдаа байсан, би эрүүгийн цагдаа байсан гэх зэрэг юм яриад бид 2-г доошоо хийгээд байсан. Тэгэхэд манай найз М бас халчихсан согтуу, чиний цагдаа гэж юу байдаг юм гээд хоорондоо маргалдаад М заамдаж аваад 2 удаа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд нөгөө залуу газар унаад өгсөн. Тэгээд М нэг цагаан алга өнгийн пүүзийг нь сугалаад авчихсан. Тэгэхэд нөгөө залуу босоод ирэхээр нь би заамдаад авчихсан. Тэгсэн чинь нөгөө залуу куртикээ тайлаад шидчихээд зугтаачихсан. Тэгээд би араас нь хөөе чи куртикээ аваач гэхэд айлын хашаа даваад зугтаачихсан. Тэгэхээр нь би куртикийг нь аваад цамцан дээгүүрээ давхарлаж өмсөөд М бид 2 таван шарын нэг байрны орцонд хоноод өглөө нь салаад явцгаасан...Куртикнийхэн халаасанд 30.000 төгрөг байсан. Тэрийг нь М авчихсан байсан. Тэр мөнгөөр нь бид хоёр хоолонд ороод үлдсэнээр нь архи уугаад дуусгасан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 149-150),

7. Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 31), Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 33, 36-37), эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 40), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 128, 129, 134-135, 198-199), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 151, 152),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 10), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 32), хохирлын баримт (хавтаст хэргийн 116), хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт ( хавтаст хэргийн 209, 210),

- Шүүгдэгч М иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 213) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 101-115, 166),

- Шүүгдэгч С.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 68, 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 212) хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа тодорхойлолт (хавтаст хэргийн 74, 101-115, 166) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Н.М, С.Н нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.М, С.Н нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, дээрмийн гэмт хэрэг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Н.М, С.Н нар нь бүлэглэн, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр, Махын байрны доор байх далангийн гүүрэн дээр, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ,  шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, иргэн Э.Э-н эд хөрөнгийн авахаар хүч хэрэглэн довтолж, түүний өмсөж явсан пүүз, куртик, биет 30.000 төгрөгийг авч бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдэх явцдаа Н.М, С.Н нар нь  бүлэглэн шууд санаатай үйлдлээр, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ иргэн Э.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн .. хорооны автобусны буудал дээр гар утсаа ломбарданд тавих гээд “Х” гэх ломбарданд ортол бичиг баримтгүй гэхээр нь гараад явж байтал миний араас нэг залуу ирээд миний бичиг баримтаар тавьчих утас тавьдаг ломбард мэднэ...гэж хэлээд намайг дагуулж яваад хажууд талын ломбарданд тэр залуу тавьсан бөгөөд хажууд нь нэг залуу хамт явж байсан. Тэр хоёр залуу утсыг чинь тавьчихсан юм чинь нэг шил архи уух юм байгаа биздээ гэхээр нь би тэр хоёр залууг дагуулаад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи, ундаа аваад Сонгинохайрхан дүүргийн ...  дугаар хорооны нутаг дэвсгэрт байх далангын цементэн дээр гарч суугаад бид гурав архиа уусан. ...архиа хувааж ууж дуусгаад сууж байтал гар утсыг чинь тавьж өгсөн юм чинь 10.000 төгрөг өгчих гэхэд нь би өгөхгүй гэж хэлтэл Батбаяр нь бүх юмыг нь дээрэмдээд авчихъя гэж хэлээд эхэлж боож унагаасан. Тэгтэл А миний өмсөж байсан куртик пүүзийг тайлж авсан ба хоёулаа нийлээд намайг өшиглөж зодсон. Тэгээд тэр хоёр миний пүүз, куртик болон халаасанд байсан 30.000 төгрөгийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- “Б.Б” барьцаат зээлийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд “..Н.М ...iron 1 ...40.000 төгрөг, хүү 2.400 төгрөг нийт 42.400 төгрөг 2018/03/23 22:22:40...” гэх баримт (хавтаст хэргийн 30),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .... дугаар дүгнэлт: “...1. Э.Э-н биед баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал нүдний алимны цус харвалт, хүзүү нуруунд зулгаралт, зүүн эгэм, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19),

- “Т.Э” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд “...нийт хохирлын дүн нь 170.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26),

- Н.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н гэх өөрийн зүс таних ...залуутай хамт 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо 5 шарын автобусны буудал дээр сандал дээр нь сууж байсан. Тэгэхэд танихгүй нэг залуу ...гүйж ирээд утас тавьчих ломбард онгорхой ойрхон газар байна уу, мэддэг бол тавиад өгөөч хамт архи ууя гэхээр нь бид 2 байсан 3000 төгрөгөөрөө такси бариад 21-р хорооллын автобусны буудлын хажууд байх ломбард дээр очоод тэр хүний LG маркийн хар өнгийн Солонгос утсыг миний бичиг баримтаар 40.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Тэгээд ломбарднаас урагшаа яваад нэг дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн Хараа архи, 1 кола ундаа, 1 хайрцаг тамхи тэр 40.000 төгрөгөөр аваад үлдсэнийг нь тэр залуу ломбардны бичигтэйгээ хамт авсан...Ингээд Махын байрны доор байх далангийн гүүрэн дээр бид 3 очоод архиа хувааж уусан. Тэгээд хоорондоо танилцаад юм ярьж байхад нөгөө залуу согтоод янз бүрийн юм яриад томроод ...байсан. Тэгэж байгаад надтай маргалдаад бид 2 барилцаж аваад би түрүүлээд 2 цохиод авсан чинь манай найз Н заамдаад бариад авахаар нь би өмсөж явсан пүүзийг нь тайлж аваад тэгээд өөрөө бас куртикээ тайлчихсан байсан чинь Н куртикийг нь аваад нөгөө залуу хөл нүцгэн орилоод үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-54, 144-145),

- С.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Э нилээн халаад би цагдаа байсан, би эрүүгийн цагдаа байсан гэх зэрэг юм яриад бид 2-г доошоо хийгээд байсан. Тэгэхэд манай найз М бас халчихсан согтуу, чиний цагдаа гэж юу байдаг юм гээд хоорондоо маргалдаад М заамдаж аваад 2 удаа нүүрлүү нь цохисон. Тэгэхэд нөгөө залуу газар унаад өгсөн. Тэгээд М нэг цагаан алга өнгийн пүүзийг нь сугалаад авчихсан. Тэгэхэд нөгөө залуу босоод ирэхээр нь би заамдаад авчихсан. Тэгсэн чинь нөгөө залуу куртикээ тайлаад шидчихээд зугатаачихсан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62, 149-150) зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтуудыг хууль зүйн хувьд дүгнэж үзвэл шүүгдэгч Н.М, С.Н нар нь бүлэглэн, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн тухайн довтолгооны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж...авахаар довтолсон”, 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Түүнчлэн улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.”-аар тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд, хэдэн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж ял халдаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл

1. Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон болох нь хэрэгт авагдсан хохирогч, тэдний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн гүйцэтгэгч”-ыг журамласан.

2. Шүүгдэгч нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь “бүлэглэн” гэж байхад тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.7 дахь хэсэгт заасныг журамлан тухайн зүйл хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөрчилтэй болжээ.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Н.М, С.Н нарыг

- бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь тэдний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болохгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Энхтүвшинд 194.000 төгрөгний нэхэмжилснээс шүүгдэгч Н.М, С.Н нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял

-  Шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” хорих ялын 1 хоногт шилжүүлж шүүгдэгч Н.М, С.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр 30 хоногоор тооцож тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ял дээр нийт 30 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоох, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох дүгнэлтийг,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс:

Шүүгдэгч Н.М, Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, амьдралын хувьд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасаныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс ихгүй ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. 

Шүүх шүүгдэгч Н.М, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.         

Шүүгдэгч Н.М, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх Н.М, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгч нарын хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч нарт ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Н-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөнг болон тэдний дээр дурдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.М-т 240 цагийн, шүүгдэгч С.Н-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн хэд хэдэн гэмт хэрэгт, хэд хэдэн төрлийн эрүүгийн хариуцлага оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн тэдний нийт эдлэх хорих ялыг тогтоож, нийт эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.М нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс (хавтаст хэргийн 33) 04-ний өдрийг хүртэл 02 хоног, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс (хавтаст хэргийн 129) мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрийг (хавтаст хэргийн 152) хүртэл 38 хоног, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс (хавтаст хэргийн 198) мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 59 хоног, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хүртэл 122 хоног буюу нийт 181 хоног,

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс (хавтаст хэргийн 36) 04-ний өдрийг хүртэл 02 хоног, 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс (хавтаст хэргийн 128) мөн оны 8 дугаар сарын 13-ны өдрийг (хавтаст хэргийн 151) хүртэл 38 хоног, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс (хавтаст хэргийн 198) мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 59 хоног, мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 122 хоног буюу нийт 181 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Тиймээс шүүгдэгч Н.М-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 181 хоногийг, шүүгдэгч С.Н-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 181 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасах нь зүйтэй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.М, С.Н нар нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж хэзээ суллагдсан нь баримтгүй байх хэдий ч дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж хоёр хоног баривчлагдсан гэж үзсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тэмдэглэж, тэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 34, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.М, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Н.М, Б овогт С.Н нарыг

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Бүлэглэж бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Н.М, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-г 240 (хоёр зуун дөч) цагийн, С.Нэргүйг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар

- шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож нийт 30 хоногоор,

- шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож нийт 60 хоногоор тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- Шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 30 хоног буюу 1 жил 2 сарын хугацаагаар,

- Шүүгдэгч С.Н-т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 60 хоног буюу 1 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, С.Н тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.М-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 181 (зуун наяан нэг) хоног, шүүгдэгч С.Н-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 181 (зуун наяан нэг) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Н.М, С.Н нарын эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ