| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0014/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 18
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч Г.У ,
Иргэний нэхэмжлэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У т холбогдох 163/2020/0014/Э индекстэй, 1915003730274 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, газрын даамал мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г.У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.У ийг 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Баяннуур сумын нутагт **-** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.М ын өгсөн: Миний бие ачлагын үнэ 400 000 төгрөг, машины эвдрэлийг үнэлүүлсэн мөнгө 100 000 төгрөг, дахин үнэлгээний 110 000 төгрөг, машины үнэ 4774500 төгрөг, хохирогчид өгсөн 1000000 төгрөг, мөн буудлын болон замын зардал зэргийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон эрүүгийн 1915003730274 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.У нь өөрийн эзэмшлийн **-** АРА улсын дугаартай, “KIA Bongo3” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгий нуур сумын чиглэлд явж байгаад Булган аймгийн Баяннуур сумын нутагт урдаа явсан мөн Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал сум орохоор явж **-** УБУ улсын дугаартай “Ssangyong Istana” загварын тээврийн хэрэгслийг зогсох үед араас нь мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, **-** УБУ улсын дугаартай, “Ssangyong Istana” загварын тээврийн хэрэгсэлд 3014500 төгрөгийн шууд, 1760000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн болон ослын газарт үзлэг хийсэн “уг зам тээврийн осол гарсан газар нь Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутагт асфальтан А-27 зам дээр болсон байв. ...зам нь асфальтан хучилттай, тэгш тууш, зорчих хэсгийн гадаргуу хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, ...цаг агаарын нөхцөл цэлмэг... гэх тэмдэглэл /хх-13-17 тал/,
хохирогч Д.А ийн өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед Улаанбаатар хотын Нарантуул захаас 2 хүүхэдтэйгээ сумын таксинд явдаг “Ssangyong Istana” загварын машинд суугаад Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу явж байсан. Замдаа зүүрмэглээд явж байтал гэнэт машин өнхөрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд дээрээс хайрцаг, сав унаад амьсгаа авч чадахгүй хэсэг зуур манарсан. 5 настай хүүгээ өвөр дээрээ авч явсан. Хайгаад хайрцаг, савтай юман доороос олж авсан, хүүгээ хартал хүү зүгээр байсан. Тэгээд машинаас би өөрөө буугаад газарт хэвтсэн, бие өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Би түргэн иртэл хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн юм. Манай охин, хүү хоёрын биед ямар нэг гэмтэл шарх учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Миний эмчилгээний төлбөр болох мөнгийг барагдуулсан тохиолдолд надад ямар нэг гомдол санал байхгүй. Тухайн үед миний цээжин хэсэг их өвдөж байсан. Миний санаж байгаагаар тухайн үед шөнийн 02 цаг болж байх шиг байсан. Ослын талаар надад мэдэх зүйл бага байна. Яагаад гэвэл тухайн үед унтаж явсан...” гэх мэдүүлэг /хх-32-34 тал/,
иргэний нэхэмжлэгч Д.М ын өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн “Istana” загварын **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Баяннуур сум дөхөөд хүнд юм өгөх гээд зогсох гээд дохио өгөөд зам тавиад байж байтал араас түс тас гээд явчихсан. Нэг мэдэхэд замын хажуу тал руу буусан байсан. Тэгээд буугаад ард талын хаалга онгойлгоод хүмүүсээ буулгаад үзэхэд нэг хүн гэмтсэн байсан. Тэгээд байж байтал сууж явсан нэг эгч орилоод байсан. Тэгэхээр нь түргэн тусламж, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
гэрч П.Батсүхийн өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орой 18 цаг 40 минутын орчим Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу Нарантуул захаас Istana маркийн тээврийн хэрэгсэлд суугаад замдаа Төв аймгийн Лүн сумын цайны газраас нэг лаазтай пиво уучихаад машиндаа суугаад унтаад явж байхад гэнэт араас түг гэх дуу гараад ачаа дээрээс унаад ирсэн. Тэгээд машинаас буугаад хартал миний сууж явсан машиныг арын машин ирж мөргөсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-35 тал/,
гэрч Э.Б ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01 цаг 30 минутын үед машин зогсох гээд дохио өгөөд байраа эзлэх гээд замын хажуу руу орох гэж байтал араас түс тас гээд явчихсан. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу руу ороод зогссон юм. Буугаад хартал араас машин мөргөсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-36 тал/,
гэрч Д.Н ийн өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн орой 1840 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу Нарантуул захаас “Istana” маркийн тээврийн хэрэгсэлд хойшоо харсан суудалд ганцаараа суугаад хэвтэж явсан. Тэгтэл гэнэт машин зогсох гээд замын хажуу руу гарах гэтэл гэнэт пад гээд чимээ гарахд хүмүүс орилох шиг болсон. Тэгээд буугаад хартал машин мөргөсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,
гэрч Ц.Т ын өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байсан байх У намайг машин авах гэж байгаа юм цуг яваад үзээд өгөөч гэж гуйсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотын Даа хүрээ гэх захаас “Bongo 3” загварын тээврийн хэрэгсэл 16 сая төгрөгөөр худалдан авч Цирк дээр очиж тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах гэхэд У ийн иргэний үнэмлэхний хугацаа дууссан байсан учраас миний нэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авах болсон...” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/,
гэрч Д.М ийн өгсөн: “...Би дээрх **-** УБУ улсын дугаартай, “Ssangyong Istana” загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 2 дугаар сард С.Б гэх хүнээс 9700000 төгрөгөөр худалдаж аваад худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч нь миний төрсөн дүү М байгаа юм” ...гэх мэдүүлэг /хх-42-43 тал/,
хохирол, хор уршгийг тогтоосон Д.А ийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Д.А ийн биед зүүн 5, 6, 7, 8-р хавирганд гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 327 дугаартай дүгнэлт /хх-45-46 тал/,
зам тээврийн осол, хэрэг гарсан шалтгааныг тогтоосон “...жолооч Г.У Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д зааснаар жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл нь жолооч Г.У нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг барьж яваагүйгээс болсон байна…” гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-82 тал/,
шүүгдэгч Г.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “…2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн **-** АРА улсын дугаартай, “Bongo 3” загварын тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сум руу гэрлүүгээ 18 цагийн үед хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад Булган аймгийн Баяннуур сумын нутагт 23 цагийн үед явж байхад миний урд **-** УБУ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл явж байсан ба би тэр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байсан чинь урдаас тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэр үед би буцаж эгнээндээ орсон чинь миний урд явж байсан Истана маркийн тээврийн хэрэгсэл гэнэт тоормоз гишгээд зогссон. Миний машин ачаатай явж байсан учраас гулгаад араас нь очиж мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-100-101 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэсэн, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.У ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Д.А ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.У ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.А , иргэний нэхэмжлэгч Д.М нар нь иргэний нэхэмжлэл гаргаж нотлох баримтаа ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад шүүгдэгч Г.У ээс хохирогч Д.А ийн оношлогоо, эмчилгээтэй холбоотой гарсан зардалд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар /35000₮, 683000₮, 26500₮, 19300₮, 66000₮, 24800₮, 26000₮, 7300₮/ 888400 төгрөгийг, хэргийн 146-160 дугаар талд авагдсан нотлох баримтаар /26500₮, 867190₮, 20000₮, 50000₮, 10000₮, 25000₮, 35000₮, 3050₮, 20000₮, 774₮, 20000₮, 2340₮, 315000₮, 65250₮, 270000₮, 135000₮, 289500₮, 620000₮, 50000₮, 20000₮, 20000₮, 20000₮, 21000₮, 50000₮, 20000₮, 60000₮, 90000₮/ 3125604 төгрөг буюу нийт 4014004 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А т, иргэний нэхэмжлэгч Д.М ын хэргийн 138-145 дугаар талд авагдсан нотлох баримтаар машины үнэлгээний зардалд 210000 төгрөг, машин ачлагын зардалд 400000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан /3014500 төгрөгийн шууд, 1760000 төгрөгийн шууд бус/ хохиролд 4774500 төгрөг, шатахууны зардалд 110000 төгрөг, замын болон зочид буудлын зардалд 53600 төгрөг, нийт 5548100 төгрөгийн бодит хохирлыг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.М т тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас хүнс хоол болон бусад ахуйн бараа, соёлын хэрэглээний зүйл худалдаж авахтай холбоотой гарсан хохирогч Д.А ийн /129400₮, 8750₮, 4820₮, 15860₮, 22362₮, 84678₮, 3920₮, 6720₮, 190₮, 10700₮, 10000₮/ 297400 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.М ын хоол болон эхнэр Э.Б ийн замын болон буудлын зардалтай холбоотой гарсан /19300₮, 6100₮, 8100₮, 8100₮, 10800₮, 14200₮, 10000₮, 8800₮, 5600₮, 12200₮/ 103200 төгрөгийн зардлыг шүүгдэгч төлөх үндэслэлгүй, байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.А т учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Д.М 1000000 төгрөг, шүүгдэгч Г.У 2 500 000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болон хэргийн 138, 173 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул үлдэх /4014004₮-3500000₮/ 514004 төгрөгийг шүүгдэгч Г.У ээс гаргуулж, хохирогч Д.А т олгож цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.М ын хохирогчийн эмчилгээний зардалд урьдчилан төлсөн 1000000 төгрөгийг шүүгдэгч Г.У ийн хохирогчид төлсөн эмчилгээний зардалд тооцож энэ дүнгээр иргэний нэхэмжлэгч Д.М т учирсан бодит хохирлын 5548100 төгрөг дээр нэмж, нийт 6548100 төгрөгийг шүүгдэгч Г.У ээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.М т олгохоор шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.У ийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч энэ гэм хорын хохирлыг Иргэний хуульд заасны дагуу арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч Г.У нь ял шийтгүүлж байгаагүй, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын газарт газрын даамал ажилтай зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 102-105 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж хэрэгт хавсаргагдан ирсэн жолоочийн №772043 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.У т буцаан олгохоор шийдвэрлэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.У т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, хэрэгт хавсаргагдан ирсэн жолоочийн №772043 дугаартай үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.У т буцаан олгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.У ээс 7062104 /долоон сая жаран хоёр мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, 514 004 /таван зуун арван дөрвөн мянга дөрөв/ төгрөгийг хохирогч Д.А т, 6548100 /зургаан сая таван зуун дөчин найман мянга нэг зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Д.М т тус тус олгож, хохирогч Д.А ийн 297400 /хоёр зуун ерэн долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.М ын 103200 /нэг зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД