Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1303

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт С-ийн Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0305 01619 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С-ийн Ч Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Шонхор” зах дээр хувиараа мах борлуулах ажил хийдэг байсан гэх, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ..... дүгээр гудамжны .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Д.Жамбааг “түүний хамтран амьдрагч Б.Баярсайхантай нь хардаж”, нүүрэн тус газарт нь цохиж, зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Дүүхээ” төв дээр өмнө нь миний нөхөр байсан Жамбаа сүүлд хамтран амьдарч байгаа Баярсайхан гэх хүнтэй хамт ирсэн. Би тэдний машинд суугаад явахад Баярсайхан урд суудалд суусан. Би Жамбаад “чи энэ хүүхнээ надад гайхуулах гэж дагуулж ирсэн юм уу” гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд гараараа Жамбаагийн нүүр рүү нь цохисон юм. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1908 0305 01619 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:

 

  1. Хохирогч Д.Жамбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өмнө нь хамт амьдарч байсан Ч-ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн Тоосгоны 24-10 тоотод яваад очтол бага хүү Дашням байхаар нь хамт Хар хорин зах явж дугуй авах гээд гэрээс нь гараад Дүүхээ 2 төв рүү ортол Ч-тэй тааралдсан. Ч-, Дашням бид хэд Дүүхээ-2 төвөөс гартал Дашням аавын машин тэр байна гэхээр нь би машиндаа тортой юм аа аваад суутал араас Ч машинд орж ирж хойд суудал дээр суусан. Тэр үед миний хамтран амьдрагч Баярсайхан гэдэг эмэгтэй машины урд суудал дээр сууж байсан. Ч ямар ч шалтгаангүй Баярсайханы үснээс нь зулгааж, ингэж зулгаадаг юм гээд татаад байхаар нь би боль гэж хэлээд Ч-ийн гарыг нь барьж салгасан. Машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь Ч хойд суудлаас шууд миний хамар руу гараараа нэг удаа цохисон. Хамраас цус гараад би машинаас буугаад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд хамрын цусаа нойлын цаасаар арчиж эргэж машиндаа суугаад, асааж яваад төв зам руу орох гэж байтал мөн араас Ч цамцны захаар хоолой боохоор нь би баруун эргэж автобусны буудал дээр зогсож хажууд сууж байсан Баярсайханд жолоогоо шилжүүлсэн. Би арын суудал дээр суугаад Ч-ийг яагаад байгаа юм, боль гэж хэлсэн. Ч намайг дахиж цохих гээд дайраад байхаар нь би гарыг нь барьж дарж явж байгаад гэрийнх нь үүдэнд очсон. Машинд миний хүүхэд Дашням, Баярсайхан, Ч бид дөрөв явж байсан. Тэгээд Ч Дашням хоёрыг буулгах гэсэн чинь Ч машинаас буухгүй байсан. Тэгж байгаад би Ч-ийг  гараас нь татаж чирч машинаас буулгасан. Баярсайхан машин унаад зугтаад явсан. Ч намайг Баярсайхантай амьдарч байна гэж хардаж, атаархаж, тэрнээс болж ийм асуудал болсон. Тухайн үед би хүүхэд Дашнямтай уулзах гэж л очсон юм. Тэгсэн чинь Баярсайхантай хамт явж байгааг мэдчихээд Ч уурлаж Баярсайхан руу дайрч намайг зодсон. Баярсайханыг зодож цохисон юм байхгүй. Үснээс нь зулгаасан. Миний хамар руу гараараа цохисон. Одоо би Ч-т ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ч-тэй хамт миний хоёр хүүхэд байдаг. Хоёр хүүхэд минь нэг нь 14 настай, нөгөө нь 11 настай хүүхэд хамт байдаг. Би Ч-ээс салаад 3 жил болж байна. Тэрнээс хойш Баярсайхан гэдэг эмэгтэйтэй хамт амьдарч байна. Гэхдээ Ч бид хоёр хууль ёсоор гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй. ...Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. 130.000 төгрөгөөр толгойны зураг авхуулсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж хамартаа эмчилгээ хийлгэсэн. 7 хоног хэвтсэн. Би Ч-тэй 2005 онд Улаанбаатар хотод танилцсан юм. Ч дагавар нэг охинтой. Бид хоёр 2005 онд гэрлэлтээ батлуулсан. Би хөдөө ажлаар явдаг байсан. Тэр үед Ч өөр эрэгтэй хүнтэй дотно харилцаатай болоод тэрнээс болж бид хоёр 2016 онд хамт амьдрахаа больж би гэрээсээ явсан юм. Миний хоёр хүүхэд байгаа болохоор хааяа хүүхдүүд дээрээ очдог. Тэр үед ийм асуудал үүсчихлээ. ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Дүүхээ-2 худалдааны төвийн урд автобусны буудал дээр уг асуудал болсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

                                                                                                                             

  1. Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад хамтран амьдрагч Жамбаагийн хүүхэд манай гэрт ирсэн. Жамбаа хүүхдийн баяр болох гэж байгаа юм чинь гээд бид гурав Дүүхээ-2 төв рүү явсан. Би машины урд суудал дээр сууж байсан чинь Жамбаа хүүхдээ дагуулаад дэлгүүр орж ундаа авна гээд Дүүхээ-2 төв рүү орсон. Удалгүй Жамбаа хүүхэд болон эхнэр Ч нарын хамт гарч ирэхээр нь би Ч-тэй сайн байна уу гэж мэндэлсэн. Ч машины хойд суудал дээр хүүхдийн хамт суусан. Тэгээд уурлаад “Жамбаа чи хүүхдүүдээ харж үзэхгүй янхныгаа дагуулаад явж байна, надад үзүүлэх гэж авчирсан юм биш үү” гэж хэлснээ шууд миний үснээс зулгаасан. Жамбаа машинаа хөдөлгөчихсөн байснаа зогсоод бид хоёрыг салгасан чинь Жамбаа руу Ч дайрч би машинаас буусан. Тэр хоёр зууралдаад Жамбаагийн хамрыг Ч гараараа цохиод хамраас нь цус гаргасан. Тэгээд Жамбаа машин барьж болохгүй болохоор нь би машиныг нь барьж Жамбаа урд суудал дээр суусан. Ч-ийн гэрийн үүдэнд очтол Ч буухгүй хэрүүл хийгээд Жамбаа гараас нь татаж буулгахаар нь би тэднийг үлдээгээд шууд яваад өгсөн. Жамбаагийн хамрыг нь Ч гараараа цохисон. ...Жамбаатай би хамтран амьдраад 3-4 жил болж байна. Ч Жамбаагийн хууль ёсны эхнэр нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

 

  1. Шүүгдэгч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Би нөхөр Д.Жамбаатай 2003 онд Улаанбаатар хотод танилцсан. 2005 оны 9 дүгээр сарын 07-нд гэр бүлээ батлуулсан. Бид хоёр 10-13 насны эрэгтэй хүүхэдтэй. Миний нэг дагавар охин байгаа. Тэр маань тусдаа амьдралтай. 2005-2016 оны хооронд Д.Жамбаа бид хоёр хамт нэг гэрт амьдарсан. 2016 оны 02 дугаар сард бид хоёр таарч тохирохгүй болж, бие биеэ бусадтай хардаж, гэр бүлийн таарамжгүй харилцаатай болж, Жамбаа Баярсайхан гэдэг хүүхнийг дагаад явсан. Жамбаа намайг нэг жолооч залуутай хардаж хоёр хүүхэдтэй минь хаяад явсан. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би гэрийн ойролцоо байдаг Дүүхээ-2 төвд явж байтал миний бага хүүхэд Дашням ганцаараа дэлгүүрт явж байхаар нь чи юу хийж явж байгаа юм гэсэн чинь аав гэрт ирээд намайг авч явж байна гэж хэлсэн. Би дэлгүүрээс гартал Жамбаа машинтайгаа зогсож байхаар нь чи хүүхэд бид хоёрыг хүргээд өг гэсэн чинь урд суудал дээр бид хоёрын амьдралыг балласан Баярсайхан гэдэг хүүхэн сууж байхаар нь уур хүрсэн. Би тухайн үед бухимдаж Жамбаагийн машины арын суудалд суугаад явсан. Явах замдаа Жамбаатай муудалцаж урд сууж байсан Баярсайханы үснээс зулгаасан. Тэгж байгаад Д.Жамбаагийн хамар руу нь гараараа нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. Баярсайхан гэдэг хүүхэн нь машинаас бууж ирээд үснээс зулгаалаа, Жамбаагийн хамар руу цохилоо гээд гараараа нүүр рүү цохисон. Тэр хүүхэн Жамбаагийн машиныг бариад явсан. Би Жамбаагийн хамар руу цохисон нь үнэн. Хоёр хүүхдээ хаячихаад өчнөөн жил өөр хүүхэнтэй явж байгаад би их бухимдаж ийм үйлдэл хийж Жамбаагийн хамар руу цохисон, миний буруу. ...Би Баярсайханыг урд сууж байгааг хараад уур хүрээд Жамбаагийн араас толгой руу “энэ бүхнийг гайхуулах гэж энэ хүүхнээ суулгаж машинаа унаж ирсэн юм уу” гэж хэлээд цохисон чинь Жамбаа машинаа зогсоогоод эргээд харахаар нь би хамар руу нь гараараа нэг удаа цохичихсон чинь хамраас нь цус гарсан. ... Жамбаа ямар ч мөнгө өгдөггүй. Өрх толгойлсон байдалтай байна. Миний амьдарч байгаа хашаа, монгол гэр маань Жамбаагийн эзэмшилд байдаг юм. ...Миний хувьд маш хэцүү байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6806 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамрын нурууны угт зүүн талд 0.7х0.2 см, зүүн нүдний зовхины дотор булан хэсэгт 0.3х0.2 см, зүүн хацарт 0.Зх0.З см, эрүүний төвгөрийн зүүн талд 0.4x0.2 см 2 ширхэг хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай.

  ГССҮТ-н 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эмчийн үзлэгт: онош: Хамар ясны далд хугарал, тархи доргилт гэжээ.

Ай Ти дүрс оношилгооны төвд хийгдсэн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн гавал тархины КТГ-н шинжилгээнд: Хамрын хянга яс баруун урд хэсгээр зөрөө ихтэй, зүүн уг хэсгээр зөрөө багатай хугарлуудтай. Зүүн нүдний дотор хэсгээр арьсан доорх зөөлөн эдэд хавантай. ...” /Дүгнэлт бичсэн эмч Б.Бямбасүрэн/ гэжээ.

Дүгнэлт:                                                                               

-Д.Жамбаагийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч Т.Чимэд-Очир/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал),

 

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 34-37 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

6. Шүүгдэгч С.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар тал), шүүгдэгч С.Ч-, хохирогч Д.Жамбаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Ч-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Д.Жамбааг “түүний хамтран амьдрагч Б.Баярсайхантай хардаж”, нүүрэн тус газарт нь цохиж, зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч С.Ч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч С.Ч-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хэргийн үйл баримт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч С.Ч-, хохирогч Д.Жамбаа нар нь 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсон, 2005 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, дундаасаа хоёр хүүхэд төрүүлсэн байх ба, 2016 оноос хойш тэд тусдаа амьдарч байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “Гэр бүлийн хамаарал бүхий этгээд”-д гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байсан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, дундаасаа хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч С.Ч-, хохирогч Д.Жамбаа нар нь дээрх этгээдэд хамаарч байна.

Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн нөхөр байсан, одоо тусдаа амьдарч байгаа иргэн Д.Жамбааг “хамтран амьдрагч Б.Баярсайханыгаа надад үзүүлэх гэж авчраа юу, янхныгаа дагуулж ирлээ” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэн Д.Жамбаагийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацар, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Д.Жамбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч ямар ч шалтгаангүй Баярсайханы үснээс нь зулгааж ингэж зулгаадаг юм гээд татаад байхаар нь би ...Ч-ийн гарыг нь барьж салгасан. ...мөн араас Ч цамцны захаар хоолой боосон. Ч намайг дахиж цохих гээд дайраад байхаар нь би гарыг нь барьсан.  ...Ч намайг Баярсайхантай амьдарч байна гэж хардаж, атаархаж, тэрнээс болж уурлаж Баярсайхан руу дайрч, намайг зодсон. ...Миний хамар руу гараараа цохисон.. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

-гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Ч уурлаад “Жамбаа чи хүүхдүүдээ харж үзэхгүй янхныгаа дагуулаад явж байна, надад үзүүлэх гэж авчирсан юм биш үү” гээд миний үснээс зулгаасан. ...Жамбаа руу Ч дайрч би машинаас буусан. Тэр хоёр зууралдаад Жамбаагийн хамрыг Ч гараараа цохиод хамраас нь цус гаргасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-шүүгдэгч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “...Жамбаатай муудалцаж ...Баярсайханы үснээс зулгааж маргалдсан. Тэгж байгаад Д.Жамбаагийн хамар руу нь гараараа нэг удаа цохисон чинь хамраас нь цус гарсан. ...Би Жамбаагийн хамар руу нь цохисон нь үнэн. Хоёр хүүхдээ хаячихаад өчнөөн жил өөр хүүхэнтэй явж байгаад би их бухимдаж ийм үйлдэл хийж Жамбаагийн хамар руу цохисон, миний буруу. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6806 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанднь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Ч нь гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан Д.Жамбааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч С.Ч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг зодож гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Ч-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.Ч нь хохирогч Д.Жамбаагийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Д.Жамбаа нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч С.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч С.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “би торгох ялыг төлөх боломжгүй” гэж мэтгэлцсэн.

Шүүгдэгч С.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч С.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ийн Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-ийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Жамбаа нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА