| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/1078/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч: Ц.Г, түүний өмгөөлөгч Ч.Ганбат,
шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ц.Г,
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, эгчийн хамт , урьд:
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.А
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Г нь 2019 оны 07 дүгээр сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 77 дугаар байрны гадна иргэн О.Балжиннямын “монетан гинж”-ийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 1.711.400 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Б.А нь 2019 оны 07 дүгээр сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 77 дугаар байрны гадна иргэн О.Балжиннямыг шат руу түлхэж унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “....Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 33-38/, гэрч О.Аварзэдийн мэдүүлэг /хх-ийн 39-40/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-56/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/, Ц.Гийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 155-157/, Б.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 150-152/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 30-32/, шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 145-146/, Ц.Гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65, 68, 70, 86-94, 98-101/, Б.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 116-117, 123-125/, О.Балжиннямын хүсэлт /хх-ийн 141/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 07 дүгээр сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 77 дугаар байрны гадна иргэн О.Балжиннямын “монетан гинж”-ийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.711.400 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 дүгээр сарын 31-нээс 2019 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 77 дугаар байрны гадна иргэн О.Балжиннямыг шат руу түлхэж унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч О.Балжиннямын /хх-ийн 33-38/: “...2019 оны 7 сарын 31-ний шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 хороо “Микс” нэртэй бааранд ганцаараа ороод текэн дээр 200 гр архи авч уугаад сууж байтал танихгүй нэг эрэгтэй хүн ирээд мэндлээд гар бариад байсан. Би баарнаас гарахад нөгөө залуу өөр нэг 20 гаран насны залуугийн хамт ирээд надтай танилцсан. Өөрийгөө “Шөрмөс Ганаа гэдэг, саяхан шоронгоос гарсан” гэж хэлсэн. Бид гурав манай байрны үүдэнд очоод юм ярьж суусан. Би дүү рүүгээ яриад 0,5 литрийн “Экс” нэртэй архи гаргуулж ирээд бид гурав хамт уусан. Ганбаа гэх залуу нь надтай маргалдах шинжтэй юм яриад байсан. Тэр хоёр залуугийн аль нэг нь намайг цохих шиг болсон. Би юу болсон талаар сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд орцны гадаа сууж байсан. Гэр лүүгээ ороод үзтэл миний хүзүүнд байсан монетан гинж алга болсон байсан. Миний зүүлт 19.9 гр монетан гинж байсан. Би 2019 оны 6 сард 1.800.000 мянган төгрөгөөр авч байсан. Миний үүдэн шүд эмтэрсэн, баруун талын шанаа халзарсан сорви тогтсон байсан. ...миний хохирлыг барагдуулсан надад нэхэмжпэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр,
О.Балжиннямын биед “уруулд няцарсан шарх, үүдэн зүүн дээд 1-р шүдний эмтрэл, дух, баруун нүдний зовхинд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 9666 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 51/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 55-56/,
Ц.Г-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9-10/: “...2019 оны 7 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн үед “Микс” бааранд сууж байгаад Аръяасүрэнгийн хамт гадаа гарч тамхи татах гээд гарсан. ...Өндөр шар махлаг залуу ирээд ганц хоёр үг солиод танилцсан. Бааранд ороод сууж байтал цаг орчмын дараа нөгөө залуу намайг дуудаад хамт гарсан. Аръяасүрэн хойноос гарч ирсэн. О.Балжинням гэх залуу бид 2 зэрэгцээд байрны орцны шатан дээр сууж байгаад би явлаа гээд боссон. Би 2 алхаад пүүзны үдээсээ үдтэл нөгөө хүн унасан. Эргэж хараад Б.А-г “чи яаж байгаа юм бэ, наад хүн чинь үхлээ ш дээ” гээд нөгөө залуу дээр очсон. ...Аръяасүрэн “наад хүн чинь таны араас гар нь яваад цохих гэж байхаар нь түлхсэн гэлүү, цохисон гэлүү тухайн үед надад хэлж байсан”. ...шатны хажууд гялгар юм харагдахаар нь очоод хартал гинжний тасархай байсныг авсан...” гэх мэдүүлгээр,
Б.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 16-17/: “...Ц.Г бид 2 баарнаас гарсан. Ц.Г баарнаас хамт гарсан ахын хамт түрүүлээд явсан. Булан эргэхээр нь араас нь очтол байрны үүдэнд очсон. ...Ц.Г нөгөө ах хоёр нилээн маргалдаад дээгүүрх хувцсаа тайлсан. Тэгээд маргалдахаа болиод байрны орцны үүдний шатан дээр суусан. ...Ц.Г босоод явах гэхэд нөгөө хүн Ц.Г ахын хүзүү орчим цамцнаас нь татсан. Би нөгөө хүний цамцнаас нь татаад хамт шат руу унасан. Ц.Г ах наад хүн чинь ухаан алдсан байна гэж хэлсэн. Тэр хүн ухаан алдаагүй ёолоод дээшээ эргэж харж байсан. ...ууж дуусгаагүй архиа Ц.Г ах бид 2 хувааж ууж дуусаад Ц.Г ахын гэрт очиж хоносон. Гэртээ харьсны дараа Ц.Г ах өөрийн гар утасны хамт гинж гаргаж ирж тавьсан. Би өөрийнх нь гинж л юм байх гэж бодсон. Ц.Г ах өөрөө монетан гинжтэй юм. ...Би тухайн хүнийг түлхээд өөрөө хамт шат руу унасан. Ц.Г ах тэр хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёртой уулзахаас өмнө биед нь ил харагдах гэмтэл шарх харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ц.Г нь хохирогчийг газарт унасан байхад нь монетан гинжийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, шүүгдэгч Б.А нь хохирогчийг шатны уруу түлхэж унаган биед нь хөнгөн хохирол учруулсан болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг санаатайгаар шатны уруу түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Агийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг, хохирогчийн эд хөрөнгийг ил аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан Ц.Гийн гэм бургуугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Ц.Гийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч Б.Агийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдгээрт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч О.Балжинням нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 141 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
шүүгдэгч Ц.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Б.А, Ц.Г нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ц.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ