Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 17

 

 

2019       12         30                                     2020/ШЦТ/17 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Энхжин,

улсын яллагч: Н.Түвшинбаяр,  

шүүгдэгч: Г.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машины оператор мэргэжилтэй, “Эх дарьтын мандал” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 6 эмээ, ээж, 3 дүү нарын хамт  , гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Г

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бадруун” төвийн үүдэнд Д.Түвшинбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Түвшинбаатарын /хх-ийн 19-20/ мэдүүлэг, Г.Г-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21-22/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12842 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Г.Г-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31/, Д.Түвшинбаатарын хүсэлт /хх-ийн 33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “Бадруун” төвийн үүдэнд Д.Түвшинбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Д.Түвшинбаатарын /хх-ийн 17-18/ “...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний үүрээр 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Бадруун” төвийн буудалд хонох гэж орохоор явж байтал 4 залуу үүдэнд нь зогсож байсан. Би буудал руу орсон чинь өрөө байхгүй гэхээр нь буцаад буусан. Тэгтэл үүдэнд тамхи татаж байсан танихгүй залуу надтай муудалцаад барьцалдаад байж байтал хажуу талаас хар хөх өнгийн сорочкон цамц, хар хөх өнгийн ботинктай залуу дундуур орж ирээд “дүү яагаад байгаа юм бэ” гэж хэлээд хавсарч унагаагаад зодсон. Миний толгой, нүүр хэсэгт олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

     Г.Г-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн  6/: “...Би 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Бадруун” төвийн үүдэнд зогсож байхад архи үнэртүүлсэн үл таних залуу  нь ойролцоогоор 190 см өндөртэй үл таних залуутай маргалдаж хэрүүл хийгээд зогсож байхаар нь тэр хоёрын дундуур орж “та хоёр одоо больчих” гэж хэлээд салгах санаатай ортол /одоо нэрийг мэддэг болсон/ хохирогч Д.Түвшинбаатар нь миний араас хоолой гараараа боогоод арагшаа унагаах гээд дарсан чинь тэр залуугийн цугтаа явж байсан үл таних залуу Д.Түвшинбаатарыг надаас салгаж холдуулсан. Д.Түвшинбаатар нь манай найз Энхманлайтай маргалдаж хэрүүл хийгээд Энхманлайг зодох гээд дайраад байхаар нь хажуу талаас нь орж Д.Түвшинбаатарын нүүрэн тус газарт хөлөөрөө гурав удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

 

     Д.Түвшинбаатарын биед “баруун хацарт шалбаралт, баруун мөр, зүүн бугалганд шалбаралт, зулгаралт” бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12842 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Г-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Г.Г-н “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Д.Түвшинбаатарын “...эвлэрсэн тул гомдол саналгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 33  дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ