Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 19

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Т.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915005270280 дугаартай, 163/2020/0017/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Т.С.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С ийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Орхон сумын ...ийн нутаг "Ц" гэх газраас шинэс төрлийн 5.3 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Pronter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, эрүүгийн 1915004900280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.С  нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Орхон сумын ...ийн нутаг "Ц" гэх газраас шинэс төрлийн 5.3 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Pronter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Я.А ын өгсөн: “Тогтох овогтой С  гэх залуу Булган аймгийн Орхон сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн байсан. Тогтох овогтой С  гэх хүн надаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

гэрч Т.С ийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай төрсөн дүү С  намайг хамт модонд яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн төрсөн дүү С ийн хамтаар өөрийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Pronter” загварын тээврийн хэрэгсэлтэй мод бэлтгэхээр явсан. Манай дүү бид хоёр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг Халиуны “Ц” гэх газраас түлшний модоо бэлтгэж тээвэрлээд Орхон аймаг руу явж байгаад Булган аймгийн Орхон сумын нутаг “Оросын булаг” гэх газарт цагдаа зогсоож шалгаад машиныг маань саатуулсан юм. Манай төрсөн дүү надад хэлэхдээ бол мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Т.С ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өглөө 08 цагийн үед Орхон аймгаас гараад Булган аймгийн Орхон сумын ... руу өөрийн төрсөн ах болох С ийн гэрт түлшний мод бэлтгэхээр очсон. Очоод ахыг өөрийнх нь эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Pronter” загварын тээврийн хэрэгсэлтэй нь аваад Булган аймгийн Орхон сумын ...ийн “Ц” гэх газраас мод бэлтгээд буцаад Орхон аймаг руу манай гэрт бэлтгэсэн модоо буулгах гэж яваад цагдаад баригдаад саатуулагдсан. Би энэ газарт мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн талаар хүнээс сонссон. Мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Модоо тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Цахилгаан хөрөөг мод бэлтгэхдээ ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-68-70 тал/,

"шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн хуурай, …түлээний мод байна. ...хууль бусаар бэлтгэсэн мод нь 1.6 м урттай, эзлэхүүн нь 5.3 м3 хэмжээтэй, модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 318000 төгрөг" гэх Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-42 тал/,

 “...шинэс гэх нэртэй мод байх ба тухайн модны урт нь 160 см, 37 ш мод байсан ба уг моднууд нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах газрын хашааны ертөнцийн зүгээр урд зүгт хураасан гэх ба 1-37 дугаарт бүртгэлтэй гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-37-40 тал/,

гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн моторт хөрөө зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Т.С ийн мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.С  нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 318000 төгрөгийн шууд /хх-42 тал/ хохирол учирч, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 954000 /хх-44 тал/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг /хх-113 тал/ төлсөн байна.

Түүнчлэн шүүгдэгч Т.С  нь өмнө ял шийтгүүлж байгаагүй, эхнэр болон бага насны хүүхдүүдийн хамт амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 75-80 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч Т.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Fronter” загварын тээврийн хэрэгсэл нь /хх-14-15 тал/ Т.С ийн өмчлөл, эзэмшилд байгаа болох нь түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-72-73 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-46 тал/, Авто тээврийн үндэсний төвийн “тээврийн хэрэгслийн лавлагаа” /хх-83 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож өмчлөгч, эзэмшигчид нь үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.С эс “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан /хх-47-52 тал/ үнэлгээний дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 4900000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 37 ширхэг буюу 5.3 м3 мод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.С  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Т.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 5 /тав/ сараар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.С д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.С  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан **-** ОРО улсын дугаартай “Kia Bongo Fronter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг  Булган аймгийн Орхон сумын ...т оршин суух, Б овогт Т.Т.С ийн эзэмшилд үлдээж, түүний үнэ 4900000 /дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.С эс гаргуулж Улсын төсөвт, мөн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 37 /гучин долоо/ ширхэг буюу 5.3 м3 мод, 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД