| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2017/0598/З |
| Дугаар | 969 |
| Огноо | 2017-12-21 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 969
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б,
Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай”, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус актаар Д.Б намайг буруу шийдвэр гаргасны улмаас ажилтнуудын ажлаас халагдсан хугацааны нөхөн төлбөрт нийт 27,577,065 төгрөгийн зөрчил гаргасан нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж тогтоон надаар төлүүлэхээр акт тавьжээ. Тус актыг эс зөвшөөрч 2017 оны 06 сарын 06-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие уг актыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Ховд аймгийн ХПК-д Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч ажилтай М.Бадамсүрэн нь 2013 онд ажлаас халагдаж Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 03-ны өдрийн 59/771 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож Ховд аймаг дахь ХПК-ийн захирал Д.Б миний 2014 оны 07 сарын 21-ний өдрийн 84 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилогдсон. М.Бадамсүрэн нь 2014 оны 09 сарын 30-аас 2015 оны 01 сар хүртэл өөрийн хүсэлтээр чөлөө авч явсан юм.
Д.Б миний бие 2015 оны 3 сарын 31-ээс ажлаас чөлөөлөгдөж 2015 оны 09 сарын 25-нд ажилдаа эгүүлэн томилогдсон. Энэ хугацаанд Ховд аймгийн ХПК-ийн захирлаар ажиллаж байсан н.Өнөрнасан нь М.Бадамсурэнг ажилдаа орохоор ирэхэд нь ажил үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзсан байдаг. Улмаар М.Бадамсүрэн нь 2015 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжпэлийн дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.09 өдрийн 153/ШШ2016/00214 дугаар шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.07.05 өдрийн 83 дугаар магадлал, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.01.10 өдрийн 001/ХТ2017/00012 тогтоол тус тус гарч ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 16,816,214 төгрөгийг М.Бадамсүрэнд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Д.Б миний бие М.Бадамсурэнг анх ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2014.07.21 өдрийн 84 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн томилж миний бие М.Бадамсүрэнг ажлаас чөлөөлсөнтэй холбогдон үүссэн хөдөлмөрийн эрхзүйн харилцаа дуусгавар болсон юм. Харин М.Бадамсүрэнг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзсан ажил олгогч нь 2015 оны 3 сарын 31-ээс 2015 оны 09 сарын 25-ны өдрийн хооронд ХПК-ийн захирлаар ажиллаж байсан н.Өнөрнасан юм. Иймд Д.Б миний бие актаар тогтоосон 16,816,214 төгрөгийг төлөх буруутай үйл ажиллагаа явуулаагүй болно.
2.Мөн улсын байцаагч нь хуулиар олгогдсон ямар эрх хэмжээнийхээ хүрээнд 03/12-02-02 дугаар актыг гаргаж байгаагаа актандаа дурдаагүй байна. Актын үндэслэл болгосон хууль болох Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаас үзвэл хохирлыг хэн төлүүлэх, хэн нэхэмжлэх нь тодорхойгүй байна. Мөн актын үндэслэл болгосон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаас үзвэл гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардахаар байна. Гэтэл 03/12-02-02 дугаартай актаар “бүгд 27,577,065 төгрөгийг шүүхийн шийдвэрээр байгууллагын төсвийн орлогоос төлсөн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нөхөн төлүүлэхээр хүлээгдэж байгаа зөрчил илэрлээ” гэснээс үзвэл хэдэн төгрөгийн хохиролыг байгууллага арилгасан, хэр хэмжээний хохирол учирсан нь актанд тодорхойгүй байна.
3. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд захиргааны байгууллага хохиролоо барагдуулах талаар зохицуулсан бөгөөд тус хууль нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн тул цаг хугацааны хувьд үйлчлэх үндэслэлгүй юм.
4. Улсын байцаагч нь Д.Б намайг захиргааны зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны хариуцлагад татах хугацааг харгалзаж акт тавихгүй байх үндэслэлтэй байхад акт тоггоосон нь хууль зөрчжээ.
5. Хэдийгээр шүүхээс ажилтнуудыг буцаан томилсон боловч миний бие төсвийн мөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулаагүй, ажил үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө хариуцлагад татагдаж төлбөр төлөхөөр акт тогтоосонд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 сарын 10 өдрийн 01/12-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт нь хэнд чиглэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Д.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж болзошгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тус актыг эс зөвшөөрч 2017 оны 06 сарын 06-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Нямдаваад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй болно.
Сайн малчны мэргэжлийн анги нээлтийн үйл ажиллагаа түүнд зарцуулагдсан хөрөнгө нь манай сургуулийн үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд зарцуулагдсан зардал бөгөөд үүнийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тус актын тогтоох хэсгийн нэгд “...3,992,400 төгрөгийг холбогдох эздээр төлүүлж төсвийн орлого болгох” гэжээ. Үүнээс үзвэл хэнд чиглэсэн, хэнээр төлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна.
Тус актын тогтоох хэсгийн хоёрт “төсөвт төлөх 3,992,400 төгрөгийг 2017.07.01-ний дотор Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын 900000707 тоот дансанд оруулахыг “Хөгжил” Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан, нягтлан бодогч М.Өлзийхишиг нарт хариуцуулав” гэжээ. Үүнээс үзвэл актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй байна. Учир нь Д.Б миний бие ХНХ сайдын 2017 оны 5 сарын 17-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар 2017 оны 05 сарын 02-ны өдрөөс эхлэн Ховд аймаг дахь “Хөгжил политехник коллеж”-ийн захирлаар томилогдсон болно.
Тус актаар үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрлээ гэж дүгнээд зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө гэж төлүүлэхээр тогтоож байгаа нь ойлгомжгүй, улсын байцаагч нь хуулиар олгогдсон ямар эрх хэмжээнийхээ хүрээнд 01/12-02-02 дугаар актыг гаргаж байгаагаа актандаа дурдаагүй, хохиролд холбогдох этгээд тодорхойгүйгээс улбаалан гомдол гаргах этгээд тодорхойгүй зэргээр утга агуулгын илэрхий алдаатай акт гарсан байна.
Дээрхээс үзвэл тус акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4, 47.1.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай, актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байна.
Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 сарын 10 өдрийн 03/12-02-02 дугаартай Шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актыг бүхэлд нь хүчингүй болгож, 2017 оны 05 сарын 10 өдрийн 01/12-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж зааснаар “ “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай”, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж байна. Хариуцагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг ЗГ-ын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрмийн 11.1-д зааснаар гаргасан Д.Б-ийн гомдлын дагуу Сангийн сайд буюу Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч нь Төсвийн тухай хууль, ЗГ-ын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Дотоод аудитын дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4364, 13-2/4365 дугаар тоотуудад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилж байгааг хүлээн авна уу” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02, 03/12-0202 дугаартай актуудыг хууль бус болохыг тогтоохоор нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн байна. нэхэмжлэгч өөрчилж буй шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дахь заалтад нийцсэн гэж тайлбарлаж байна. илт хууль бусад тооцуулахаар шаардлага гаргасан улсын байцаагчийн актуудыг одоо маргаан бүхий актаар тодорхойлж шаардлагаа өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэг, 54.1.8-д заасан хугацааг шүүх харгалзан үзэхгүй байх үндэслэл болохгүй.
Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн авах хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчигдсөн эсэхийг шүүх урьдаар тогтоож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д заасны дагуу шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж хариуцагч үзэж байна. илт хууль бус гэж үзсэн захиргааны актаа одоо маргаан бүхий гэж үзэж байгаа тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж буй үр дагавар нь өөрчлөгдөх бөгөөд хуулийн боломжоос давсан байх учиргүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүчингүй болгосон, цуцалсан, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд маргаан бүхий актыг шүүх хууль бус болохыг тогтоож болохоор заасан бөгөөд илт хууль бусад тооцсон захиргааны актыг дахиж хууль бусад тооцож, түүний үр дагаварт нь хүчингүй болгох боломж хуульд байхгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх болсон үндэслэлээ хариуцагч байгууллага Сангийн сайдын дүгнэлтүүдэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан явдал гэсэн байна. Сангийн сайд нэхэмжлэгчийн ирүүлсэн өргөдлийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч Я.Болдын нэр дугаар бүхий 2 актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.2, 47.1.7, 98.1.1 дахь заалтуудыг баримтлан илт хууль бусад тооцсон.
Иймд нэхэмжлэгчийн одоо хууль бусад тооцуулах гээд байгаа улсын байцаагчийн актууд нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд захиргааны эрх зүйн харилцаа үүсээгүй, маргах захиргааны акт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь анх 2017 оны 07 дугаар сарын 28-ний өдөр тус шүүхэд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 03/12-02-02 дугаартай Шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актыг бүхэлд нь хүчингүй болгох, 2017 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 01/02-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Сангийн сайдад гомдлоо гаргасан байх бөгөөд уг гомдлыг Сангийн сайд хянаад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13-2/4364, 13-2/4365 тоот албан бичгээр дээрх актуудыг хүчингүй болгож хариуг Д.Б болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт тус тус хүргүүлсэн байна.
Монгол Улсын Сангийн сайдын дээрх албан бичигт улсын байцаагч Д.Болд нь Д.Б-ийн ажлыг шалгаж акт тогтоохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар дурьдаад “....Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, “Бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.7-д “Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй”, “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1-д заасан “Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөшөөрөх” гэсэн заалтын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/12-02-02 тоот акт болон 01/12-02-02 тоот актуудыг тус тус хүчингүй болгож”, шийдвэрлэсэн байх бөгөөд дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар дурьдаад хувийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт болон Д.Б-д хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 16.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн Я.Болдын гаргасан маргаан бүхий дээрх актуудыг Д.Б-гийн гаргасан гомдлоор хянаад Засгийн газраас баталсан Аудитын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Сангийн яамны сайд хүчингүй болгосон байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хооронд захиргааны эрх зүйн харилцаа дуусгавар болж маргаан бүхий захиргааны акт хүчингүй болсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй хуулийн заалт нь хэрэгт хамааралгүй, хүчингүй болсон захиргааны актыг бодит байдалд хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй байна.
Нэхэмжлэгч нь хэдийгээр захиргааны актыг илт хууль бус болохыг захиргааны хэргийн шүүхээр тогтоолгох боломжтой ч захиргааны байгууллага захиргааны актыг илт хууль бус болохыг нэгэнт тогтоосон байхад шүүх захиргааны актыг хууль бус болохыг дахин тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.
Хөдөлмөр халамж үйлчилгээний санхүүгийн улсын байцаагч Я.Болд нь Сангийн сайдад холбогдуулж “Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4364, 13-2/4365 дугаартай дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу дээрх захиргааны хэрэгтэй нэгтгэсэн боловч Сангийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нэмж нотлох баримт цуглуулах, гэрч асуух шаардлага хэрэг хэлэлцэх явцад шинээр үүссэн тул хэргийг тусгаарлаж, мөн нэхэмжлэгч Д.Б-ийн хүчингүй болгуулахаар тус шүүхэд гаргасан маргаан бүхий захиргааны актыг Сангийн сайд хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр “...хэрэв хариуцагч Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь Сангийн сайдын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзвал бид ч бас нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах болно Хөдөлмөр халамж үйлчилгээний санхүүгийн улсын байцаагч Я.Болдын тавьсан актыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэвэл” нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөнө гэж тайлбарлаж байгаагаас үндэслэн шүүх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэрэгт Д.Б-г гуравдагч этгээдээр татан оролцуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай”, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Болдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12-02-02 дугаартай “Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай”, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ