Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0234

 

 

 

  “Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч татварын улсын байцаагч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Х, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.1 дүгээр зүйлийн 1.1.1, 2.2.3, 6.6 дугаар зүйлийн 1.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1.1, 1.1.2, Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б, Б.Х нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц-гийн хянаж баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах тухай” “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо: Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах болсон үндэслэл болох Татварын ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай удирдамжийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар нь хяналт шалгалтыг 2019 онд явуулж байгаа нь илт үндэслэлгүй юм. Тухайн удирдамжаар гомдол гаргагч компани нь бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн “А” ХХК-ийг шалгах удирдамж биш бөгөөд 2014 онд уг удирдамжийг гаргаснаараа үүнээс хойш 5 жилийн дараа анхан шатны шүүх үүнийг гомдол гаргагч компанид чиглэсэн мэтээр дүгнэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй.

“А” ХХК-иас худалдан авалт хийгээгүй атлаа хий бичилттэй падаан ашиглаж, улмаар НӨАТ татварыг бууруулсан гэж гомдол гаргагчийг буруутгасан шүүүхийн үндэслэлийн тухайд: Шүүх хэрэгт авагдсан 2019 оны шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 47 дугаар дүгнэлтээр 2013 оноос 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд бараа үйлчилгээний худалдан авалт хийсэн мэтээр худал тайлагнасан гэж худал тодорхойлж тайлагнасан гэж, гэрч З.А-гийн 2013 оноос сар бүр тайлангаа өгдөг боловч татвар төлдөггүй гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргийг хэрэгт авагдсанаас өөрөөр тайлбарлан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтээр 2013 оноос хий бичилт хийсэн талаарх нотлох баримт авагдаагүй, тэр тусмаа 2015 оны борлуулалтыг хийсэн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, гомдол гарагч компанид боруулалт хийсэн эсэхийг тодруулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байгааг анхан шатны шүүх анхааралгүй, гэрч З.А гэх Төв аймгийн Татварын хэлтсийн даргын таамаглал бүхий мэдүүлэг... тайлагнасан боловч татвар төлдөггүй ... гэх үндэслэлгүй, татвар хураах байгууллагын татвараа хурааж авч чаддаггүй байдлыг гомдол гаргагчийн зөрчлийн хэрэгт хамаатуулан тайлбарлаж хий бичилттэй, хуурамч падаан ашигласан гэж үзэх үндэслэлгүй байгааг шүүх анхаарсангүй.

Мөн гомдол гаргагч байгууллагын төлөөлөгч зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ “Г” гэх хүнээс худалдан авалт хийсэн тухай тайлбарласныг Г.Д-ийн хүү Г гэх хүн мөн эсэхийг шалгаж тогтоолгүйгээр хий бичилттэй падаан авсан гэж буруутгаж байгаа нь илт үндэслэлгүй байна.

“А” ХХК нь Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаартай шийдвэрээр татвар төлөөгүйг төлүүлэхээр шийдвэрлэснийг илт гуйвуулж 2013 оноос 2017 онуудад татвар төлөөгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Учир нь тус онуудад төлөөгүй татварыг уг шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байгааг анхаарсангүй. Тодруулбал нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа “А” ХХК 2015 онд гаргаж байсан үүнд нэхэмжлэгчид худалдсан барааны татварыг мөн тайлагнасан гэдгийг “А” ХХК-ийн захирал гэрчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байгааг анхан шатны шүүх анхаарахгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

НӨАТ-ийн падааныг татварын хэлтэст бүртгэлтэй падаан болохыг хариуцагч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд уг падааныг хуурамчаар үйлдээгүй, гомдол гаргагч тайландаа тусгасан, “А” ХХК-ийн НӨАТ-ын тайландаа тусгаж, тайлагнасан байхад гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй байна. Ийнхүү уг татварыг худалдагч болон худалдан авагч давхар авахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлтй бичиж, Орхон аймгийн Прокурорын газар хүргүүлснийг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/206 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсанг илт үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгч нь гомдол гаргаж, уг гомдлыг дээд шатны прокурор хүчингүй болгосон. Гэтэл уг хүчингүй болсон тогтоолыг шүүх үнэлж дүгнэж нэхэмжлэгч нь зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагч нар хяналт шалгалтын явцдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 4 иргэнээс худалдан авсан гэх баримтыг хуурч бичүүлэн авч хяналт шалгалтын явцад тайланд тусгаж ашиглан улмаар уг зарлагын баримтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тооцуулан хасалт хийсэн гэж тайлбарлаж байгаа нь зөрчлийн хэргийг хуульд зааснаар шалгаагүйг нотлон харуулж байгаа нь энэ зөрчил гарсныг нотлох үйл баримт биш байхад анхан шатны шүүх зөрчил гаргасан нь нотлогдож байна гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь ямар учиртайг ойлгохгүй байна.

Татварын төлөхөөс зайлсхийх, татвар ногдох орлогоо нуух зөрчил, гэмт хэрэг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлддэг ба энэ талаарх Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нь хий бичилттэй падаан болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тогтоогдож байна гэж дүгнэсэнг шүүх огт анхаарахгүйгээр барахгүй энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

Учир нь хүчингүй болсон прокурорын тогтоолыг хүчинтэй мэтээр үнэлж дүгнэх атлаа хүчин төгөлдөр болсон, хэн ч гомдол гаргаагүй прокурорын тогтоолыг шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч, түүний төлөөлөгч нар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрсөөр байхад шүүх хэт нэг талыг барьж, өөрийн туслах, нарийн бичгээр ажиллаж байсан хүний талд хэргийг шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нийтийн албан тушаалтан өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тодорхой үндэслэл байвал татгалзан гарах үүргийг хуулиар хүлээлгэснийг мэдэх атлаа ийнхүү хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь ноцтой алдаа боллоо.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүх хэрэглэхээс татгалзсан нь илт үндэслэлгүй тухайд: Тус хуулиар эрүүгийн гэмт хэрэг болон захиргааны зөрчил гаргасан бүхий иргэн, хувь хүн, аж ахуйн нэгжид хамааруулан үйлчилж байхаар тогтоон хуулийг шүүхээс хэрэглэхгүй гэж тайлбарлаж буй үндэслэлээ мөн хуулийн 3.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч 2015 оны 01-04 сарын хооронд зөрчил гаргасан гэж буруутгаж байгаа, 10.2-д гипотезийг буруу хариуцагч нарт ашигтайгаар тайлбарлан заавал 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө шийтгүүлсэн байх гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан илт зөрчин нэхэмжлэгчийг бусад татвар төлөгчөөр гадуурхан ялгаварлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Х, Хяналт шалгалтын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Б.Ц нарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Б, Б.Х нарын бичсэн, хяналт шалгалтын тасгийн дарга Б.Ц-гийн хянаж баталгаажуулсан 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай татварын улсын байцаагчийн акт, тус актын үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” бүхий гомдлын шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаартай шийтгэлийн хуудсаар 363.636.364.40 төгрөгийн зөрчилд 36.363.636.10 төгрөгийн нөхөн татвар, 10.909.090.90 төгрөгийн торгууль, 7.272.727.30 төгрөгийн алданги, нийт 54.545.454.60 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Анхан шатны шүүхээс, гомдол гаргагч компанийн “...бараа материал борлуулсан мэтээр хий бичилт хийж нэмэгдсэн өртгийн албан татварыг худал тодорхойлсон ...” гэж дүгнэн, татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4, 14.5-д заасантай нийцжээ. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх зөрчил гаргасан нь нотлогдож байна гэх илт үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн...” гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Тодруулбал, гомдол гаргагч “Н” ХХК нь “А” ХХК-иас бараа, материалыг худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй атлаа хий падааныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгаж, НӨАТ төлөх дүнгээс хасаж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан нь зөрчлийн хэрэгт авагдсан 2015 оны 363.636.364 төгрөгийн бараа материалыг худалдан авсан падаан болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул “Н” ХХК нь Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэснийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлд “Албан татварын хасалт, буцаан олголт”-ыг тодорхойлж өгсөн бөгөөд 14.1-д “ ... хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно” гээд 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14 дүгээр зүйлийн 14.4-д “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ”, 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж тус тус заасныг гомдол гаргагч хуулийн этгээд зөрчсөн гэж үзнэ.

Тиймээс дээрх зөрчилд хариуцагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1.1-д зааснаар татварын улсын байцаагч нь хуулиар хүлээсэн татварын хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлж зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн бол зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааг явуулж, 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийг татварын хяналт шалгалтын явцад санхүүгийн анхан шатны баримтууд, нягтлан бодох бүртгэлийн баримтууд, татварын тайлангаар тогтоогдсон гэж үзсэн бол 6.1 дүгээр зүйлийн 2.2.3-т зааснаар хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцсэн байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтыг анхан шатны шүүхээс буруу тайлбарлаж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан, торгууль, алдангийг хасч тооцоогүй нь буруу болжээ.

Учир нь анх Татварын Ерөнхий газрын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаартай татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Н” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн. Гэтэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус зааснаар гомдол гаргагч хуулийн этгээдийн гаргасан зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гарсан тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс, гомдол гаргагчийн хуульд заасан дээрх хугацаанд буюу 2015 оны зөрчилд хамаарах торгууль, алданги, хүүг зохих журмын дагуу тооцож өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсгийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсэгт “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг тус тус баримтлан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0305015 дугаар актаар ногдуулсан 10,909,090.90 төгрөгийн торгууль, 7,272,727.30 төгрөгийн алданги, нийт 18,181,818.2 төгрөг төлөх хариуцлагаас “Н” ХХК-ийг өршөөн хэтрүүлсүгэй.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, мөн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “....Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2008 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3...” гэснийг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.4, 14.5” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН