Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 758

 

Ц.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Энхболд,

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Мд холбогдох эрүүгийн 201701000061 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.М нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Конгконгод байхдаа Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 45,41 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт,

Мөн 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Конгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аялалын онгоцоор Буянт-Ухаа нисэх буудалд бууж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа дахь хилийн шалган нэвтрэх боомтоор орж ирэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай 45,51 грамм бодисыг өөрийн хүүхдийн тэрэгний суудал завсар нууж, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Боржигон овогт Цэрэндашийн Мөнхзулыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD, 2 ширхэг DVD зэргийг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хадгалж, №10 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн гадаад паспорт, №11 гэж дугаарласан Ц.Мын гадаад паспортуудыг Ц.Амарзаяа, Ц.М нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар №0 гэж дугаарласан From MIAT Mongolian Airlines, Sent 2017/03/17 19:39 гэсэн толгой бүхий бичиглэлтэй, доод хэсэгт-MIAT MONGOLIAN AIRLINES Name: TSERENDASH/AMARZAYA MR, E-TICKET NUMBER 2892101913469, DATE FLIGHT 19 МAR OM 297 ULN-ULAANBAATAR, MONGO TIME-0755 HKG-HONG KONG 26 MAR OM 298 HKG-HONG KONG ТIME-1205 ULAANBAATAR гэсэн бичиглэл бүхий билет, №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл нийт 44,9 грамм, №2 гэж дугаарласан Цэрэндашийн Амарзаяагийн DEPARTURE CARD, №3 гэж дугаарласан Air Trans орлогын баримт, 2017.03.17-ны өдөр Tserendash/Amarzaya ms нэрээр 1.383.600 төгрөг бэлнээр тушаасан баримт, №4 гэж дугаарласан AIR TRANS билет худалдан авсан тухай 2098253 дугаартай баримт, НӨАТ-ын хамт, №5 гэж дугаарласан Econоmy class Boardingpass name 2892101913469c1 TSERENDASH/AMARZAYA HKG OM 297 19МAR, 07:25, SEAT-25C гэсэн тасалбар, хойд хэсэгт нь OM 946702 tserendash/amarzaya гэсэн ачааны барааны тасалбар наасан, №6 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/amarzaya HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2891101913469/2, OM298, 26 MAR, TIME-1205, 25C гэсэн ачааны барааны тасалбар наасан, №7 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн тээшинд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ809408, TSERENDASH/AMARZAYA гэх бичиглэлүүдтэй, №8 гэж дугаарласан Ц.Мын тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ251576 TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй, №12 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915480/1, OM298, 26 MAR, TIME-1205, 26F гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ311649, ОМ311650, ОМ251576, ОМ058293 tserendash/amarzaya om0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан, №13 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915481/1, OM298, 26 MAR, TIME-1205, INF гэсэн бичиглэлтэй тасалбар, ар хэсэгт нь tserendash: munkhzul E1047961 08-08-2016 гэсэн бичиглэл бүхий тасалбар наасан, №14 гэж дугаарласан Ц.Мын авч явсан хүүхдийн тэрэгний суудал /дотроос нь сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис хураагдсан/-д зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311650 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй, №15 гэж дугаарласан Ц.Мын авч явсан хүүхдийн тэргэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311649 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/ MUNKHZUL  гэх бичиглэлүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би ам бүл 4, эх, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Эх минь үе мөчний өвчтэй, 66 настай, том охин минь 3 настай, бага хүү минь хөхүүл, 8 сартай, бөөрний дутагдалтай, 11 дүгээр сард яаралтай хагалгаанд орох ёстой байгаа. Эх минь өндөр настай, хүнд өвчтэй тул 3 настай охин, 8 сартай хүүг минь ганцаараа харж хандаж өсгөхөд маш хүндрэлтэй байна. Миний амьдрал тухайн үед маш их хүнд байсан. Миний нөхөр охиноо 2 настай, хүүгээ гэдсэнд 2 сартай байхад салж, өөр хүнтэй суусан. Ингээд амьдрал тогтворгүй болж, 2 хүүхдээ асран хамгаалж, тэжээж өсгөх үүрэг надад оногдсон тул Конгконгод очсон юм. Очингуутаа ажилд орж, ажил хийж байгаад Конгконгод бага хүүгээ төрүүлсэн. Монгол Улс руугаа буцахаар болоод билет хүлээж байхдаа өөрийн сониуч зангаасаа болж, хар тамхийг нэг удаа хэрэглэж үзсэн юм. Өөрийн хайнга, санамсар болгоомжгүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би дахин нийгэмд хор хөнөөлтэй, муу үр дагавар үүсгэх зүйлийг хийхгүй байж чадахаа амлаж байна. Өөрийн хийсэн гэмт хэргийн хор уршгийг гүнээ ухамсарлаж, маш сайн ойлгож ухаарсан. Миний амьдралд хүнд өвчтэй, өндөр настай эх минь 3 настай балчир охин, хөхүүл 8 сартай, хүнд өвчтэй хүү хоёрыг минь харж хандах боломжгүй хүнд байдалд байгааг харгалзан үзэж, надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Учир нь Ц.М нь 0-3 насны 2 хүүхэдтэй ба 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар оногдуулсан ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна. Иймд Ц.Мын ар гэрийн байдал, бага насны хүүхдүүдийг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Мд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

Шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, 2 жилийн хорих ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно” гэжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан прокурорын тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Мд 1 жилийн хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлүүд хангагдсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаартай “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” хуульд нийцээгүй прокурорын тогтоолыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх ... асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ хэлэлцэх асуудлуудыг заасан бол мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлуудыг тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ  шүүх хуралдааны танхимд танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж дахин зөвлөлдөх тасалгаанд орж хэлэлцэн шийдвэрлэхээр байна.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх эсэх асуудлуудыг нэг удаа зөвлөлдөн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.

Анхан шатны шүүх Ц.Мд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ, түүний хүүхдүүдийн асрамжийн асуудлыг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мансууруулах бодисыг устгах, эсхүл зохих байгууллагад шилжүүлэх талаар дүгнэлт хийж, шийдвэрлэвэл зохино.