Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 812

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, 35а-16 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ64031562, Бөхнүүд овогт Шавганцын Буянцогийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тэгштөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ш.Буянцог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тэгштөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 3 дугаар бригадад будагчин, будаг найруулагч, шохойчин, шаварчнаар 1980 оноос ажилд орж 1991 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан билээ. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Барилга угсралтын трестэд ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга угсралтын трестэд 1980 оноос 1991 оны 11 дүгээр сарыг дуустал будагчин, будаг найруулагч, шохойчин, шаварчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Намсрай, П.Ичинноров нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ш.Буянцог нь 1980 оноос 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шохойчин, шаварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Шавганцын Буянцогийн 1980 оны 7 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчин, засалчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 365 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, будагчнаар 1980 онд ажилд орсон, 1991 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдоогүй учир Шавганц овогтой Буянцогийн 1980-1991 оны цалинг түүвэрлэн хүргүүлсэн болно” гэжээ.

        Түүнчлэн Ш.Буянцог нь 1981 онд хамт олноороо аймгийн аваргаар шалгарч авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.

        Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Намсрай, П.Ичинноров нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Намсрай “Миний бие нь 1968 оноос 1991 оныг дуустал Увс Барилга контор буюу Увс аймгийн Барилга угсралтын трестэд өрлөгчин, бригадын дарга, мастераар ажиллаж байсан. Намайг тус газар ажиллаж байхад Ш.Буянцог нь 1980 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 3 дугаар бригадад шохойчин, будагчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үед Ш.Буянцогийн аав нь надтай ирж уулзаж ажилд оруулж өгөхийг хүсэж байсан. Ш.Буянцог нь 1991 оныг дуустал тус газарт шохойчин, будагчнаар ажиллаад амьдралын шаардлагаар ажлаас гарч байсан. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч П.Ичинноров “Миний бие нь 1981 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд засалчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллах үед Ш.Буянцог нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 3 дугаар бригадад шохойчин, будагчнаар ажиллаж байсан бөгөөд Ш.Буянцог нь 1991 оныг дуустал ажиллаж байгаад амьдралын шаардлагаар ажлаас гарч байсан. Би мөн 1991 оныг дуустал тус газарт ажиллаад “Өрнөл” ХХК руу хуваарилагдан ажиллахаар болж байсан юм” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Нэхэмжлэгч Б.Буянцог нь 1980 оны 7 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шохойчин, шаварчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгч нь 1981 онд хамт олонтойгоо авахуулж байсан гэх гэрэл зураг, гэрч Т.Намсрай, П.Ичинноров нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Б.Буянцогийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 7 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шохойчин, шаварчнаар 11 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бөхнүүд овогт Шавганцын Буянцогийн 1980 оны 7 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралтын трестэд будагчин, шохойчин, шаварчнаар 11 /арван нэг/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Ш.Буянцогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ