| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/00823/и |
| Дугаар | 813 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 813
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ61022778, Борлууд овогт Батчихийн Ниганын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бужилдай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нигана шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бужилдай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Тооромт гэх газар төрсөн. Тэс сумандаа 7 дугаар ангиа төгсөөд 1979 оноос Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт бохирын слесарь, бохирын жолоочоор 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 1992 онд Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь Ус сувгийн газар болоход мөн л бохирын слесарь, бохирын жолоочоор ажиллаж байсан. Намайг анх ажилд томилсон тушаал нь бохирын жолооч гэж гарсан боловч тухайн үед бохирын жолооч нь жолоочоо хийгээд дээр нь бохирын слесариа хамт хийдэг байсан. Одоо би 56 настай ба хортой нөхцөлд ажиллаж байсан учир биеэр юм туурдаг, амьсгааддаг тэтгэвэрт орох наснаасаа 1 жил өнгөрч байна. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Ус сувгийн газарт 1979 оноос 1994 он хүртэл бохирын слесарь, бохирын жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Энэбиш, Л.Жавзан нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нигана нь 1979 оноос 1994 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Ус сувгийн газарт бохирын слесарь, бохирын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 346 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Батчих овогтой Ниганын цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Цэргийн албанд тэнцсэн ...Нигаана нарыг 6 дугаар сарын 25-наар тасалбар болгон үүрэгт алжаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Цэргийн алба хааж ирсэн Б.Нигаанааг 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн бохир усны жолоочоор авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Ус сувгийн газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 101 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Бохир усны жолоочоор ажиллаж байсан Б.Нигаанааг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 855 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “”Ус сувгийн газар” нь 1992-1994 онд Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Л.Жавзан, Б.Энэбиш нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Л.Жавзан “Миний бие нь 1970 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Төвийн Артель буюу Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад тус байгуулага бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд олон удаа орж байсан бөгөөд байгууллагын нэр олон удаа өөрчлөгдөж байсан. Намайг Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байхад Б.Нигана нь 1979 оноос эхлэн тус газарт бохирын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 он хүртэл ажилласан. Тухайн үед манай нөхөр Б.Ниганатай хамт тус газарт мөн бохирын жолоочоор ажиллаж байсан. Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргаар Данзан, Давааням, Загиржав, Норов гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Энэбиш “Миний бие нь 1963 оноос 1983 оны хооронд Увс аймгийн Төвийн Артель буюу Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт худалдагч, нягтлан бодогч, мастер, Тэс сумын Ахуй үйлчилгээний ангийн дарга зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Б.Нигана нь 1979 оноос Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт бохирын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд намайг 1983 оноос Тэс сумын Санхүүгийн тасгийн даргаар ажиллахад Б.Нигана нь тус газартаа ажиллаад үлдсэн. Мөн Б.Нигана нь Тэс сумын Ахуй үйлчилгээний ангийн бохирыг аймгаас ирж татаж соруулдаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Б.Нигана нь 1980 оны 6 дугаар сарын 25-наас 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд бичигдсэн байдлаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Нигана нь 1979 оноос 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 22-ноос 1994 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Ус сувгийн газарт бохирын слесарь, бохирын жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Ус сувгийн газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 101 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 855 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Л.Жавзан, Б.Энэбиш нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Ниганын хүсэлтийг хангаж, түүний 1979 оноос 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 22-ноос 1994 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Ус сувгийн газарт бохирын слесарь, бохирын жолоочоор 12 жил 11 сар 3 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Батчихийн Ниганын 1979 оноос 1980 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1983 оны 7 дугаар сарын 22-ноос 1994 оныг дуустал Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон Ус сувгийн газарт бохирын слесарь, бохирын жолоочоор 12 /арван хоёр/ жил 11 /арван нэг/ сар 3 /гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Ниганын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ