Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 895

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У,

улсын яллагч Ц.Х (томлолтоор),

хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч А.Д (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар )

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Х (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0051 00000 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Д, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “Б.И” ХХК-нд түгээгч ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Дэнжийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ИЭ0000000, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Д нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 7 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.М” шатахуун түгээх станцын хойд замд Ч.Б эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 00-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 17 настай эмэгтэй Н.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өглөө ажилдаа явах замд тус хэрэг гарсан. Баруунсалаанаас 5 шарын Энхжин худалдааны төв рүү ажлынхаа агуулах руу машинтай явж байгаад хохирогч Н.Б-г анзааралгүй мөргөсөн. Тухайн үед хохирогчийн хаана нь мөргөснөө мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг.

2. Хохирогч Н.Б мэдүүлэхдээ “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өглөө сургууль руугаа хичээлдээ явах гээд гэрээсээ гарсан. Явган хүний гарцаар зам гарч байхад шүүгдэгч Б.Д баруун хойноос ирж мөргөсөн. Машин намайг мөргөснөөс хойших зүйлсийг би санахгүй байна. Нэг мэдсэн шүүгдэгчийн машинд сэрээд гэрийнхэн рүүгээ залгасан, гэмтэл ороод шүүгдэгч Б.Д намайг өргөөд явж байхыг санаж байна. Миний баруун гуя болон толгой зулгарсан, эмч надаасюу өвдөж байна гэхэд миний баруун гар хөдлөхгүй байсан. Тэгээд гарандаа гипс хийлгэсэн. Үдээш хойш гэмтлээс гараад би МБЖ гэмтэлэ согогийн эмнэлэгт 5 дугаар сарын 10 өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 10 хоног хэвтсэн. Тус хугацаанд хагалгаа хийлгэх хэрэгтэй гээд хагалгаа хийлгэсэн. Машинд дайруулсанаас хойш миний биед илэрч байгаагүй хараа муудах, харшил хөдлөх, толгой эргэх, удаан сууж чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг болсон. Эмнэлгийн зардал үлдэгдэл дээр нэмээд хувцасны зардалаа нэхэмжилж байна. Одоогоор өөр нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх мэдүүлэг,

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1.Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 7 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “С.М” шатахуун түгээх станцын хойд замаар “Ач” Анагаах Ухааны Их сургуулийн чигт ертөнцийн зүгээр хойноос урагшаа зорчих хэсгээр /шороон замаар/ явж байтал хойноос хар өнгийн автомашин ирээд миний баруун тал руу мөргөхөд би мөргүүлээд газар унасан. Надад юм мөргөх юуу чимээ сонсогдсон. Цааш нь юу болсныг би мэдэхгүй байна...миний баруун хөл хөдлөхгүй, миний бүх бие салгалаад, толгой өвдөөд, юм ярих гэтэл ярьж чадахгүй, зовиуртай сувилагч хөл бооход би уйлсан. Тэр өдрөө би хувийн эмнэлэгт хэвтсэн. 2 хоногийн дараа эмч үзээд миний зүүн гарын эрхий хурууны яс хугараад дотогшоо орсон байна. Хагалгаа хийхгүй бол болохгүй... гээд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би хагалгаанд орсон...миний бүх бие нэлэнхүйдээ хөндүүр, хөхөрсөн, зарим хэсэгтээ шалбарсан байсан...одоо миний толгой эргэн өвдөөд босож суухаар хоёр өвдөгөөр янгинаад, нуруу өвдөөд байна...би явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тэр хавьд явган хүний гарц байдаггүй...би хагалгаа хийлгэхэд 1.800.000 төгрөг зарцуулсан. Нийт эмчилгээний төлбөр 4.100.000 төгрөг, даатгалаар 300.000 төгрөг төлсөн. 3.800.000 төгрөг бэлнээр төлж эмнэлгээс гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

2. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны 07 цаг 45 минутын орчимд...гэр лүүгээ чигтээ хойноосоо урагшаа чигтээ явж байтал хажуугаар приус маркийн 00-00 УНТ дугаартай автомашин өнгөрсөн. Тэгтэл тэр автомашин “С.М” шатахуун түгээх станцын бетонон хананд тулаад огцом тоормос гишгэхийг нь хараад хажуугаар нь өнгөрөхдөө яаж яваад байгаа юм бол гээд хартал урд гупер доогуур нь хүн хэвтэж байх шиг харагдахаар нь хүн мөргөчихсөн байна гээд зогссон. Тэгтэл тэр автомашин ухарч зогсоод мөргөсөн хүнээ өргөж аваад автомашиндаа суулгасан. Тэгэхээр нь би яах уу түргэн дуудах уу гэтэл зүгээрээ би өөрөө эмнэлэг рүү аваад явчихья гэж жолооч нь хэлсэн...амнаас нь бага зэрэг цус гарсан ёолоод байсан. Хэвлий хэсэг нь гарсан гадуурх хувцас болон жинсэн өмд нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт:  Духны зүүн 5.0х7.0см цоохортсон, баруун хойд 2.0х3.0см зүүн өвдөгт 0.5х1.0см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн шилбэний дотор дунд хэсэгт 4,0х3.5см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн шуунаас сарвуу хүртэл гөлтгөнөн боолттой. Баруун гуяны дотор дунд хэсгээс өвдөгний хэсгээр битүү боолттой.

2019.05.10-ны ГССҮТ-ийн Тархи доргилт, зүүн сарвууны эрхий хурууны алганы шивнүүрийн далд хугарал гэжээ.

МВG эмнэлгийн №000000 өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2019.05.10-ны 15:15 хэвтэх үеийн зовиур: Толгой өвдөнө, дотор муухайрна, толгой өвдөн, толгой эргэнэ, гар янгина, хөл, толгой шархнууд хорсоно...Хэсэг газрын үзлэгт. Баруун талын зулай чамархай түвшинд зулгарсан мөн баруун гуяны дотор хэсэгт зулгарсан ариун боолттой. Зүүн шуу сарвууг хамарсан гипс тавьсан. Хүүхэн хараа зөв дугариг гэрлийн урвал /+/, мөчдөд саа саажилт үгүй, регидност 1 хуруу. 20190.05.10-ны Лазер мед эмнэлгийн толгойн КТГ-д гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Хамар ясны зүүн хажуу хана хуучин хугаралтай...баруун талд дух зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай, арьсан доор жижиг хийтэй. Зүүн зулайн ар хэсэгт жижиг гадны биет тодорхойлогдоно. Эмч О.З гэжээ. Онош: Тархи доргилт, толгой болон баруун өвдөгний зөөлөн эдийн гэмтэл гэжээ...ДҮГНЭЛТ

1. Н.Б-н биед зүүн сарвууны 1-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархи доргилт, дух, баруун тохой, гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38),

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15, 17-18),

5. Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар магадалгаанд “...1. “Тоёота Приус маркийн 00-00 УНТ дугаартай автомашиныг жолоодож явсан А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”-гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51),

6. “А.Э” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар дүгнэлтэд “өмд, куртик, гутал...145.000 төгрөг” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 55-56), хохирол, хор уршгийн 3.942.115 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 66-71),

7. Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн: “...би Боса төвд түгээгчээр ажилладаг. 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 45 минутын орчим Toyota Prius-10 маркийн 83-35 УНТ улсын дугаартай автомашинаа жолоодон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтэй шороон замаар явж байтал өөдөөс нэг автомашин гараад ирсэн. Тэр машин зөрөх агшинд зүүн талаас нэг охин гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд би баруун тал руугаа жолооныхоо хүрдийг дараад зогсох үед явган зорчигч мөргүүлээд газар унасан. Би автомашинаасаа буугаад харахад явган зорчигч доошоо харсан байдалтай газар хэвтэж байсан. Би сандраад шууд гэмтсэн хүнийг аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод цагдаад хэлсэн. ...би эмчилгээний зардалд 2.800.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),

8. Жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 16), Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 22), “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 44-49), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н, иргэний хариуцагч Ч.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 36),

- Хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 73), өвчний түүх (хавтаст хэргийн 74-85), их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87, 88, 89), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 95-99) хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 90-92) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу 5 шарын баруун талын “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замд, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 7 цаг 45 минутын үед, Ч.Б эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 00-00 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа болгоомжгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн

- 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”,

- 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Б-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15, 17-18),

- Хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өглөө 7 цаг 45 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замаар “Ач” Анагаах Ухааны Их сургуулийн чигт ертөнцийн зүгээр хойноос урагшаа зорчих хэсгээр /шороон замаар/ явж байтал хойноос хар өнгийн автомашин ирээд миний баруун тал руу мөргөхөд би мөргүүлээд газар унасан. ...би явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарсан. Тэр хавьд явган хүний гарц байдаггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

- Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны 07 цаг 45 минутын орчимд...гэр лүүгээ чигтээ хойноосоо урагшаа чигтээ явж байтал хажуугаар приус маркийн 00-00 УНТ дугаартай автомашин өнгөрсөн. Тэгтэл тэр автомашин “Сод Монгол” шатахуун түгээх станцын бетонон хананд тулаад огцом тоормос гишгэхийг нь хараад хажуугаар нь өнгөрөхдөө яаж яваад байгаа юм бол гээд хартал урд гупер доогуур нь хүн хэвтэж байх шиг харагдахаар нь хүн мөргөчихсөн байна гээд зогссон. Тэгтэл тэр автомашин ухарч зогсоод мөргөсөн хүнээ өргөж аваад автомашиндаа суулгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Шүүгдэгч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 45 минутын орчим Toyota Prius-10 маркийн 00-00 УНТ улсын дугаартай автомашинаа жолоодон Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чигтэй шороон замаар явж байтал өөдөөс нэг автомашин гараад ирсэн. Тэр машин зөрөх агшинд зүүн талаас нэг охин гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд би баруун тал руугаа жолооныхоо хүрдийг дараад зогсох үед явган зорчигч мөргүүлээд газар унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ... дугаар дүгнэлт “...1. Н.Б-н биед зүүн сарвууны 1-р хурууны алганы шивнүүрийн далд хугарал, тархи доргилт, дух, баруун тохой, гуя, зүүн өвдөгт зулгаралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх баримт (хавтаст хэргийн 38),

- Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар магадлагаанд “...1. “Тоёота Приус маркийн 00-00 УНТ дугаартай автомашиныг жолоодож явсан А.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”-гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 50-51) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Д нь хууль зүйн хувьд захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана,” 10.3. дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө.”-гэсэн заалтуудыг зөрчсөнийг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.

Мөн дээрх дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигчийг мөргөж, хохирогч Н.Б-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б, түүний өмгөөлөгчөөс эрүүл мэндийн хохиролд баримтаар 3.942.115 төгрөг (хавтаст хэргийн 66-71), хор уршигт үнэлгээгээр тогтоогдсон 145.000 төгрөг (хавтаст хэргийн 56), хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчийн төлөх зардалд 500.000 төгрөг нийт 4.587.115 төгрөг нэхэмжилсэн байна. Дээрх нэхэмжлэлээс шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 2.810.000 төгрөг (хавтаст хэргийн 130-147) төлсөн болох тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь энэ талаар маргаагүй болно. Иймээс шүүгдэгч Б.Д-г хохирогч Н.Б-д 2.810.000 төгрөгийн хохирлыг төлсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогч болон түүний өмгөөлөгчийн нийт нэхэмжилсэн нэхэмжлэлээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу өмгөөлөгчид төлөх 500.000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн ба хохирогч нь сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй юм.

Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах өмгөөлөгчийн зардал нь Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-н 2.6.6-д зааснаар “...насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч...н өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр.” олгохоор журамлагдсан байна. Тодруулбал хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь журамд зааснаар насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчид хамаарах бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч Н.Б нь 2001 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн 18 настай буюу насанд хүрсэн, нөгөө талаар тэрээр төлбөрийн чадваргүй гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хохирогчийн нэхэмжилсэн нийт 4.587.115 төгрөгийн нэхэмжлэлээс 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.810.000 төгрөгийг нэхэмжлэл хангагдсан гэж үзэж, нэхэмжлэлийн үлдэх хохирол, хор уршиг болох 1.227.115 төгрөгийг Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгчээс 2 сарын дотор гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай...” гэх тул хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах дүгнэлтийг,

- Хохирогчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэх дүгнэлтийг

- Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ц.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид гарах хохирол, хор уршиг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг шүүх өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид шүүхээс торгох ял оногдуулсантай холбогдуулан түүний хувийн байдал буюу хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн түүний эдийн засгийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой. Харин шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулж болохыг түүнд анхааруулав.

Түүнчлэн эрүүгийн хариуцлага “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” зорилготой байдаг тул шүүгдэгчид оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан “Тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг хохирол, хор уршгийг нөхөн төлөх 2 сарын хугацаанд авах нь зүйтэй. Ийнхүү албадлагын арга хэмжээ авсан нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзэв.

Эрүүгийн 1903 0051 40279  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх , мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтад заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу бүх төрлийн механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хязгаарлах тус тус албадлагын арга хэмжээг 2 сарын хугацаагаар авсугай.

5. Б.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн 7.3 дугаар 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-с 1.227.115 (нэг сая хоёр зуун хорин долоо мянга нэг зуун арван) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 2 (сарын) сарын хугацаанд гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ