Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 896

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

Улсын яллагч Ц.А,

Хохирогч Л.Г,

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Г.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1814) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овогт Л. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0257 0000  дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А овогт Л.Б, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Архангайн аймгийн Хашаат сумын 5 дугаар багийн Баян гэх газар байнга, Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн ... айлын .. дугаар байрны .. тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар МЙ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Л.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг, Арьс ширний үйлдвэрийн ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “хулгайч гэж дайрлаа” гэх шалтгааны улмаас иргэн Л.Г-н толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “нүдний зовхинд цус хуралт, урууланд язарсан шарх сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Л.Г мэдүүлэхдээ: “....Би 2019 оны 5 дугаар сарын 01-ны өдөр гадаа сууж байхад Л.Б, Д 2 машинтайгаа ирээд “нэг архи олоод өгөөч” гэж гуйхаар нь би машинтай нь доошоо бууж дэлгүүр ороод дэлгүүрээс авч өгч байгаа мэтээр өөрөөсөө 1 шил архи гарган өгсөн. Тус архинаас Д бид хоёр 2 хундагийг уусан. Уугаад гэрээс гарах гэтэл утас алга болсон байхаар нь “утсаа авъя” гэж хэлтэл "би чиний утсыг аваад байхдаа яадаг юм" гэж хэлээд нүүр рүү цохихоор нь гараад зугтаасан чинь араас гүйж ирээд газар унагааж толгой руу дэвсэлсэн. Би урьд нь тархины хагалгаанд орж байсан. Д бид 2-ийг салгаад би гэр рүүгээ орсон. Түүнээс хойш юу болсонг санахгүй байна. Надад гомдол санал байхгүй, би Б-г уучлалт гуйх байх гэж бодоод 5 хоног харсан, орж ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим гэрийнхээ гадаа зогсож байтал танил Л.Б өөрийн Приус-11 маркийн 00-00 УБТ машинтайгаа Д-тэй хамт ирсэн...тэгээд Б, Д бид гурав Б-н гэрт орж архи уусан. Би тэр архинаас нь ганц хоёр татчихаад байж байсан чинь гар утсаа яаснаа мэдэхгүй байсан учир Б-с “миний гар утас хаана байна” гээд асуусан чинь тэр “би чиний гар утсаар ядаг юм бэ” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би шууд гараад зугтаасан. Тэгтэл араас Б гарч ирээд шилэн хүзүү рүү гараараа цохиж газар унагаагаад дээрээс хөлөөрөө дэвссэн. Тэгтэл Д намайг салгаад би гэр рүүгээ шууд харьсан...Б-с би гар утсаа асуусан чинь би аваагүй гээд намайг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),

2. Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн орчим Б-н гэрт бид хоёр нэг шил архи хувааж уусан. ...13 цагийн орчим гаднаас Г орж ирсэн...тэгтэл яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, үдээс хойш Г “утас алга болсон байна” гээд байсан.

Гэтэл Б “би утсыг чинь яахаараа мэддэг юм” гээд тэр хоёр маргалдаж байтал Б Г-ын нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэр үед Г гэрээс гүйгээд гараад явахад араас нь Б гарсан... Б ...хаалганы тэнд Г-ын шилэн хүзүү рүү нь гараараа цохиход Г газар унасан ба тэр үед Б Г-ын дээрээс өшиглөөд байхаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд болон доод зовхи, баруун нүдний дээд зовхи улаан хүрэн өнгийн цус хуралттай, уруулын баруун дотор хэсэгт 1.3х0.2см цайвар цагаан өнгөртэй язарсан шархтай. Баруун болон зүүн сарвууны гадна дээд хэсэгт цэгчилсэн улаан хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. Л.Г-ын биед нүдний зовхинд цус хуралт, урууланд язарсан шарх, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн шинэ гэмтэл байна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна

5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15),

5. Шүүгдэгч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим би гэртээ байж байтал гаднаас Д ах орж ирээд бид хоёр ...1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал 13 цагийн орчим...Г ахтай тааралдаад Г ах дэлгүүрээс 1 шил архи авчираад бид гурав хувааж уусан. Тэгтэл Г ах миний гар утас алга болчихлоо хулгайч минь гээд над руу дайраад байхаар нь би Г ахын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод автал Г ах гараад зугтаасан. Тэгэхээр нь би араас гараад хашааны хаалганы орчим шилэн хүзүү рүү нь түлхтэл газар унаад өгсөн. Тэр үед би дээрээс нь 2-3 удаа өшиглөж байтал Д ах ирээд салгасан...Г ах намайг хулгайч гээд дайраад байхаар нь уур хүрээд зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 35 36), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 37, 38, 40) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Б холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Арьс ширний үйлдвэрийн .. дугаар байрны .. тоотод гэртээ, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Л.Г-тай, түүний утсыг аваагүй гэх шалтгааны улмаас маргалдан улмаар Л.Г-г “хулгайч” гэж хэллээ гэж түүний эрүүл мэндэд, шууд санаатай үйлдлээр цохиж халдан, нүдний зовхинд цус хуралт, урууланд язарсан шарх сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн орчим...Б, Д бид гурав Б-н гэрт орж архи уусан. Би тэр архинаас нь ганц хоёр татчихаад байж байсан чинь гар утсаа яаснаа мэдэхгүй байсан учир Б-с “миний гар утас хаана байна” гээд асуусан чинь тэр “би чиний гар утсаар яадаг юм ” гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би шууд гараад зугтаасан. Тэгтэл араас Б гарч ирээд шилэн хүзүү рүү гараараа цохиж газар унагаагаад дээрээс хөлөөрөө дэвссэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08),

- Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн орчим Б-н гэрт бид хоёр нэг шил архи хувааж уусан. ...13 цагийн орчим гаднаас Г орж ирсэн...тэгтэл яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, ...Б “би утсыг чинь яахаараа мэддэг юм” гээд тэр хоёр маргалдаж байтал Б Г-н нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. ...хаалганы тэнд ...Б Г-н дээрээс өшиглөөд байхаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

- Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчим би гэртээ байж байтал гаднаас Д ах орж ирээд бид хоёр ...1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал 13 цагийн орчим...Г ахтай тааралдаад Г ах дэлгүүрээс 1 шил архи авчираад бид гурав хувааж уусан. Тэгтэл Г ах миний гар утас алга болчихлоо хулгайч минь гээд над руу дайраад байхаар нь би Г ахын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод ...хашааны хаалганы орчим шилэн хүзүү рүү нь түлхтэл газар унаад өгсөн. Тэр үед би дээрээс нь 2-3 удаа өшиглөсөн. ...Г ах намайг хулгайч гээд дайраад байхаар нь уур хүрээд зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .... дугаар дүгнэлт “...1. Л.Г-н биед нүдний зовхинд цус хуралт, урууланд язарсан шарх, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Л.Б нь хууль зүйн хувьд “намайг хулгайч гэж дуудлаа” гэх сэдэлтээр, хохирогч Л.Г-н нүүр рүү цохисон, мөн хүзүү рүү нь цохин унагаасан байхдаа дээрээс нь өшиглөж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь хохирогч Л.Г-н толгой болон, нүүрэн тус газар нь цохисон, өшиглөсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба унасан, өшиглүүлснээс болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Л.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Г нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Л.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч өмгөөлөгч шүүгдэгч Л.Б нь хувиараа такси үйлчилгээнд явдаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж 450 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх...эд оршино.” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг...хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж тус тус заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Л.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх мэдүүлгийг гаргасан байх боловч энэ талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн баримтад тэрээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөгүй болох нь эрх бүхий байгууллагын лавлагаа тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд түүний өмгөөлөгчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байх учир улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг авах хууль зүйн үндэслэлтэй.  

Тиймээс шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, тэрээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1908 0257 00000 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, Л.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Л.Б-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 270 (хоёр зуун далан) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.МӨНХЗУЛ