Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 831

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО62041600, Борлууд овогт Ядмаагийн Бадамсүрэнгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Я.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 17 настайгаасаа буюу 8 дугаар ангиа төгсөөд 1979 оноос эхлэн илгээлтээр аав, ээжтэйгээ нэг суурь эх хонь нэгдлээс хүлээн авч малчин болж 1980 оны 6 дугаар сарыг дуустал мал маллаж байсан. Тухайн үед нэгдлийн гишүүний хөдөлмөр өдрийг бүртгэх дэвтэр надад бичиж өгч байсан боловч гээгдүүлсэн учраас Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан цалингаа Аймгийн төрийн архиваас нэгдлийн 70 дугаар данснаас түүвэрлэн авч тус нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Тэс сумын Лениний зам нэгдэлд 1979 оны 1 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож  өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Шагж, Г.Нэрэнзана нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.Бадамсүрэн нь 1979 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Ядмаагийн Бадамсүрэнгийн 1979 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

           Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Шагж, Г.Нэрэнзана нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Шагж “Миний бие нь 1970 оны 1992 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Я.Бадамсүрэн нь 1979 оноос эхлэн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1980 оны 6 дугаар сарыг дуустал ажилласан. Я.Бадамсүрэн нь бага наснаасаа аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд нэгдэлд голдуу суурь эх хонь малладаг байсан. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Г.Нэрэнзана “Миний бие нь 1968 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Я.Бадамсүрэн нь 1979 оноос Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Я.Бадамсүрэн нь голдуу суурь эх хонь, үхэр малладаг байсан бөгөөд нэгдэлд 1980 оны 6 дугаар сарыг дуустал ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 54 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Нэхэмжлэгч Я.Бадамсүрэн нь 1979 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Т.Шагж, Г.Нэрэнзана нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

           Иймд нэхэмжлэгч Я.Бадамсүрэнгийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 1 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Ядмаагийн Бадамсүрэнгийн 1979 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.               

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Я.Бадамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ