Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 832

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-44 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ65071002, Борогчин овогт Баттулгын Алтангийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Б.Алтан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1965 онд төрсөн. Би сургуулиа 1980 онд төгсөөд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Нэгдэл дундын үйлдвэр 2 компани болж хуваагдахад Нэгдэлчин компанид нь ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхдаа нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд Үйлдвэрийн даргын тушаал, архивын лавлагааг үндэслэж 1980 оноос 1992 оныг дуустал Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д туслах ажилтнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан У.Тогтбуян, Ж.Оюунчимэг нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.                            

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Алтан нь 1980 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 361 дүгээр архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэжээ.

             Түүнчлэн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “...Баттулга овогтой Алтанг 1980 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн барилгын салбарт туслах ажилтнаар томилсугай” гэжээ.

           Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн “Чандмань оргил” хувьцаат компанийн захирлын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар “Ажилчин албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Хавсралтад нэр заагдсан нэр бүхий 135 ажилчин албан хаагчийг Нэгдэлчин ББХК-д, 24 ажилчин албан хаагчийг Зул ББХК-ийн мэдэлд 2 дугаар сарын 15-наас эхлэн шилжүүлсүгэй. Хавсралтын 15-д Б.Алтан...” гэжээ. 

            Мөн Нэгдэл дундын үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Барилгын төрөлжсөн ангийн захиргаанаас Б.Алтанг 1984-1988 онуудад шагнаж байсан гэрчилгээ, талархал, дурсамж зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

             Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч У.Тогтбуян, Ж.Оюунчимэг нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч У.Тогтбуян “Миний бие нь 1975 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажиллаж байсан. Намайг тус байгууллагад ажиллаж байхад Б.Алтан нь 1980 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 оныг дуустал ажилласан. Б.Алтан нь шавар зуурах, тоосго зөөх зэрэг барилгын бүхий л ажилд тусалдаг байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Оюунчимэг “Миний бие нь 1975 оноос 1998 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засалчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Алтан нь 1980 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Б.Алтан нь шавар зуурах, тоосго зөөх зэрэг барилгын бүхий л ажилд тусалдаг байсан бөгөөд Нэгдэл дундын үйлдвэрт 1992 оныг дуустал ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон Увс аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Хэдийгээр Б.Алтангийн 1980 оноос 1992 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалингийн баримт Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй байгаа боловч нэхэмжлэгч нь 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн “Чандмань оргил” хувьцаат компанийн захирлын 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар “Ажилчин албан хаагчид ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Нэгдэл дундын үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Барилгын төрөлжсөн ангийн захиргаанаас Б.Алтанг шагнаж байсан гэрчилгээ, талархал, дурсамж, гэрч У.Тогтбуян, Ж.Оюунчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

          Иймд нэхэмжлэгч Б.Алтангийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д туслах ажилтнаар 12 жил 5 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борогчин овогт Баттулгын Алтангийн 1980 оны 7 дугаар сарын 15-наас 1992 оныг дуустал Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон Нэгдэлчин ББХК-д туслах ажилтнаар 12 /арван хоёр/ жил 5 /тав/ сар 15 /арван тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.   

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Алтангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ