| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00784/И |
| Дугаар | 833 |
| Огноо | 2016-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 833
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 15-23 тоотод оршин суух, 1949 онд төрсөн, 67 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ49091570, Зуутраг овогт Раднаагийн Ядамсүрэнгийн, И.Цэрэнбумаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Цэрэнбумаа нь 1965 онд төрсөн, 51 настай. И.Цэрэнбумаа 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төвд 1984 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үсчнээр, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт үсчнээр, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын дуусталх хугацаанд Оргил хоршоонд үсчнээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаалууд нь олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд И.Цэрэнбумаагийн 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. И.Цэрэнбумаатай хамт ажиллаж байсан А.Шараа, С.Нүржин нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ядамсүрэн нь И.Цэрэнбумаагийн 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төв, Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний удирдах газар, Оргил хоршоонд тус тус үсчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас И.Цэрэнбумаад 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 051307 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд элсүүлэн авч суралцуулав, 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сургуулиа төгссөн тул Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад хуваарилав, 1983 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Өндөрхангайн Ахуй үйлчилгээний төвд үсчнээр авч ажиллуулав, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлж, аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын боловсон хүчний мэдэлд шилжүүлэв, 1984 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Увс Ахуй үйлчилгээний комбинатад үсчнээр авч ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтад өөрчлөлт орсон тул Ахуй үйлчилгээний комбинатын үсчний ажлаас чөлөөлж, Ахуй үйлчилгээний удирдах газрын үсчнээр ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ахуй үйлчилгээний удирдах газар хувьчлагдсан тул үсчний ажлаас чөлөөлж хоршооны мэдэлд шилжүүлэв, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Оргил хоршоонд үсчнээр авч ажиллуулав...” гэжээ.
Түүнчлэн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр “Ажилд хуваарилах тухай” тушаалд: “ТМС төгсөж ирсэн мэргэжилтэй залуу ажилчдыг 7 дугаар сарын 10-наас мэргэжлийн дагуу хуваарилан ажиллуулсугай. Үүнд: Ахуй үйлчилгээний комбинатад Ишжамцын Цэрэнбумааг үсчнээр...” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр “Болзол биелүүлэгчдийг шагнах тухай” тушаалд: “...ТМС төгсөгчдийн уламжлалт 9 дүгээр зөвлөлгөөний байнгын болзол шалгарсан 112 хүнийг хавсралтад зааснаар шагнаж урамшуулсугай. Хавсралтын 7-д И.Цэрэнбумаа-үсчин” гэжээ.
Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 610 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “”Оргил” хоршоо нь 1992-1994 онд Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.
И.Цэрэнбумаа нь гэрч С.Нүржингийн хамт 1992 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан үсчдийн тэмцээний үеэр авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Шараа, С.Нүржин нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Шараа “Миний бие нь 1981 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинат, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар болон Оргил хоршоонд үсчнээр ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байхад И.Цэрэнбумаа нь 1984 оны 2 дугаар сараас үсчнээр ажиллаж эхэлсэн. Тус газар нь 1987 оны 1 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болсон бөгөөд И.Цэрэнбумаа нь 1991 оныг дуустал тус газарт үсчнээр ажиллаж байсан. 1992 онд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар татан буугдахад И.Цэрэнбумаа нь 1992 оны 1 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал Оргил хоршоонд үсчнээр ажилласан. Миний бие нь И.Цэрэнбумаатай тасралтгүй 10 жил хамт ажилласан. Тухайн үед Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинатын даргаар Загиржав, Ядмаа, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргаар Давааням, Оргил хоршооны даргаар Алтантунгаа гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч С.Нүржин “Миний бие нь 1982 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинат, Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар болон Оргил хоршоонд үсчнээр ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байхад И.Цэрэнбумаа нь 1984 оны 2 дугаар сараас үсчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1987 оны 1 дүгээр сараас тус газар нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар нэртэй болсон бөгөөд И.Цэрэнбумаа нь 1991 оныг дуустал тус газарт үсчнээр ажилласан. 1992 онд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газар татан буугдахад И.Цэрэнбумаа нь 1992 оны 1 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал Оргил хоршоонд үсчнээр ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
И.Цэрэнбумаа нь 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төв, Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний удирдах газар, Оргил хоршоонд тус тус үсчнээр ажиллаж байсан болох нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас түүнд 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 051307 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 144 дүгээр “Ажилд хуваарилах тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 199 дүгээр “Болзол биелүүлэгчдийг шагнах тухай” тушаал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 610 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, И.Цэрэнбумаа нь гэрч С.Нүржингийн хамт үсчдийн тэмцээний үеэр авахуулж байсан гэх гэрэл зураг, гэрч А.Шараа, С.Нүржин нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн хүсэлтийг хангаж, И.Цэрэнбумаагийн 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төв, Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний удирдах газар, Оргил хоршоонд тус тус үсчнээр 11 жил 5 сар 20 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Уран гар овогт Ишжамцын Цэрэнбумаагийн 1983 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Ахуй үйлчилгээний төв, Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний удирдах газар, Оргил хоршоонд тус тус үсчнээр 11 /арван нэг/ жил 5/тав/ сар 20 /хорь/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Ядамсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ