Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 20

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Д.Сүрэнхор,

Шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар    

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г овогт Д.Б од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005110271 дугаартай, 163/2020/0004/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, тэжээл бэлтгэлийн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, Г овогт Д.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ... сумын нутаг “Б” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158175 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.

1915005110271 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э ы өгсөн: “...... сумын 2 дугаар багийн  Б Их өвөлжөө гэх газарт 2019 онд мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй... Д.Б оос    байгаль    орчинд    учирсан    хохирлыг    нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Э ын өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны 05 цаг хүртэл хяналт шалгалтаар Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Нисэхийн гүүрний орчим ажиллаж байхад орой 20 цагийн үед **-** БУЛ улсын дугаартай цэнхэр өнгийн HYUINDAI PORTER маркийн тээврийн хэрэгсэл Булган сумын чиглэлд мод ачаад хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг жолооч Б  нь ачиж яваа модон дээрээ зохих зөвшөөрөл аваагүй байсан. Тэгээд тээврийн хэрэгслийг ачиж явсан модтой нь хамт тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хийж, жолоочийг Цагдаагийн жижүүрт хүлээлгэж өгсөн...Жолооч ганцаараа тээврийн хэрэгсэлд явж байсан. Жолоочоос хаанаас бэлтгэсэн талаар асуухад ... сумын Их өвөлжөө гэдэг газраас бэлтгэсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Яллагдагчаар Д.Б  мэдүүлэгтээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өглөө Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн Б гэх газар айл нүүлгэхээр болоод нүүлгэх айл болох О ынх руу **-** БУЛ улсын дугаартай HYUINDAI PORTER маркийн  тээврийн  хэрэгсэлтэй  явсан.   Би  өглөө  О ынд очиж гэрийг нь ачаад Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг Б гэх газар луу нүүлгэж өгсөн. Өдөр 14 цагийн үед О ын гэрийг нүүлгэж дуусаад явсан. Тэгээд Булган сум руу гэр лүүгээ явах гэж байгаад түлээний модгүй учраас Б гэх газарт Их өвөлжөө нэртэй уулнаас түлшний мод ачаад Булган сум руу орж яваад Нисэхийн гүүрний ойролцоо цагдаад баригдсан...Би ... сумын байгаль хамгаалагч Э аас мод бэлтгэх эрхийн бичиг авъя гэж хэлсэн боловч   гоожин  хаасан  өгөхгүй  байгаа  гээд  надад  мод  бэлтгэх  эрхийн  бичиг өгөөгүй.Тэгэхээр нь гадаа хүйтэрч байсан учраас би мод бэлтгэчихсэн юм...Би Булган аймгийн ... сумын 2 дугаар баг Б гэх газрын Их өвөлжөө гэх хайрханаас 3 -н ширхэг босоо, хуурай, нарийн мод унагааж машин дээрээ ачсан. Би мод унагаахдаа өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн хөрөөг ашиглаж модоо унагаасан.  Тээвэрлэхдээ  Булган  аймгийн  Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх албанд ажилладаг Э  гэдэг хүний машинаар тээвэрлэсэн...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо дахин ийм үйлдэл хийхгүй гэж хэлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-39 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б  2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ... сумын нутаг “Б” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158175 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

“Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б ын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 158175 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 474525 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон  5,55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шийлжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. 2.“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, улсын орлогод орохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Д.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Г овогт Д.Б ыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б  гэмт хэрэг үйлдэж олсон 5,55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчээс тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ДЭЛГЭРМӨРӨН